Хэн юу хэлэв...
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Монгол Улсын Ерөнхий сайдад цаг үеийн асуудлаар санал хүргүүллээ
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Монгол Улсын Ерөнхий сайдад өнөөдөр хэд хэдэн асуудлаар санал хүргүүлж байгаа талаараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Баруун болон төвийн бүс нутгийн аймгуудад гантай байсан учраас өвөлжилт хүндэрч болзошгүйг харгалзаж холбогдох арга хэмжээ авахад анхаарлаа хандуулахыг хүссэн юм.
Уг албан бичигт: “
Монгол орны нийт нутгаар энэ жил зун зуншлага тааруу, өвс ургамлын гарц муу, ялангуяа баруун бүсийн зарим аймгуудын олон сумдын нутаг гантай байгаагийн улмаас өвөлжилт хүндэрч мал аж ахуй эрхлэгчдэд ихээхэн хохирол учирч болзошгүй байна. Энэ онд өвс тэжээлийн үнэ эрс өсөж, хүргэлт тээврийн зардал оруулан тооцвол урьд жилүүдийнхтэй харьцуулахад хэд дахин нэмэгдсэн судалгаа гарч байна. Дорнод, Сүхбаатар зэрэг өвс тэжээл бэлтгэдэг аймгуудад 25 килограммаар пресслэсэн өвс 2019 онд 2 500 төгрөг байсан бол энэ жил 18 килограммаар пресслэсэн өвс 5 000-6 000 төгрөгт хүрчээ. Гэтэл Улаанбаатарын өвс тэжээлийн зах дээр нэг боодол өвс 11 000-12 000 төгрөгийн үнэтэй байна. Энэ өвс, тэжээлийг баруун аймгууд руу тээвэрлэхэд тээврийн болон бусад зардал нэмэгдээд 20 000 мянга гаруй төгрөгт хүрэх урьдчилсан тооцоо байна.
Энэ нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд танд дараах саналуудыг хүргүүлж байна.
- Өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа учир цаг алдалгүй өвс тэжээлийн үнэ тогтворжуулахад чиглэсэн бодлого шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх
- Өвс, тэжээл экспортлохыг хориглох тухай шийдвэрээ бодитоор хэрэгжүүлж, хяналт тавих
- Импортоор өвс тэжээл бэлтгэж нөөцлөхтэй холбоотой бодлого шийдвэр гаргаж, яаралтай хэрэгжүүлж эхлэх
- 1990-ээд оныг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан баруун болон төвийн бүсийн аймгуудын өвс тэжээлийн аж ахуйн үйл ажиллагааг сэргээж усалгаатай тариаланг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого шийдвэр гаргаж, ирэх оны улсын төсөвт тодорхой хөрөнгө тусгах шаардлагатай байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Шаргын услалтын систем, Булган аймгийн Баяннуур, Баянхонгор аймгийн Байдраг, Ховд аймгийн Буянт, Эрдэнэбүрэн, Булган, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Увс аймгийн Баруунтуруун, Хархираа, Завхан аймгийн Баянтэс, Тэлмэн, Говь-Алтай аймгийн Баянтоорой зэрэг сумдын өвс тэжээлийн аж ахуйн үйл ажиллагааг сэргээхэд зориулж 2021 оны улсын төсөвт тодорхой хөрөнгө тусгах нь тухайн бүс нутгийг өвс тэжээлээр хангахад чухал ач холбогдолтой юм.
Дээр дурдсан асуудлуудыг Монгол Улсын Засгийн газар тусгайлан анхааралдаа авч ажиллахыг Ерөнхий сайд танаас хүсье. Ингэж шуурхай арга хэмжээ авч ажиллах нь өвс, тэжээлийн аж ахуйг хөгжүүлж, баруун болон төвийн бүсийн малчид, мал бүхий иргэдийг өвс тэжээлээр хангах, цаашлаад Монгол Улсын мал аж ахуйн салбарыг болзошгүй эрсдэлээс хамгаалахад ихээхэн ач холбогдолтой юм.” гэсэн байна.
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Үйл явдал2021/01/28
Завхан аймгийн зарим сумдад хөл хорио тогтоолоо
-
Дэлхий нийтээр..2020/11/13
“Shuurkhai 119” мобайл аппликэйшнаар COVID-19-ийн зөвлөгөө авах боло...
-
Дэлхий нийтээр..2019/12/13
М.Ганбаатар: 24 цагаар ажиллах 50 борлуулалтын цэг нэмэх бэлтгэл ажлыг хийж дуус...
-
Үйл явдал2022/11/25
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хэлэлцэх асуудлууд
