Тод мэдээ
Иргэдийг орон нутагт нь буцаах хуваарь гарлаа

Улсын онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар тушаал гарган “Зорчигч тээврийг зохицуулах түр журам”-ыг батлаад байна. Энэ дагуу Улаанбаатар хотоос явах, орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх иргэдийг www.119.mn вебсайтаар бүртгэж эхэллээ.
2020 оны 11 дүгээр сарын 26-ны байдлаар Улаанбаатар хотоос орон нутаг руу 86 мянга орчим хүн явахаар бүртгүүлсний 30 гаруй мянга нь оюутан байна. Иргэдийн 70 хувь нь нийтийн тээврээр, 20 хувь нь хувийн автомашинаар, 10 хувь нь онгоцоор явахаа илэрхийлжээ. Харин орон нутгаас Улаанбаатар хот руу 5,300 гаруй иргэн ирэхээр бүртгүүлээд байна.
Халдвар хамгааллын дэглэм баримтлах үүднээс Улаанбаатар хотоос өдөрт 212 тээврийн хэрэгслээр 8,500 хүнийг тээвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд 92 тээврийн хэрэгсэл нэмж гаргана. Иргэдийг хүргэсэн тээврийн хэрэгсэл буцахдаа орон нутагт байгаа иргэдийг авчрах юм. Хувийн автомашин болон онгоцоор явах иргэд мөн бүртгүүлж, шинжилгээнд хамрагдана гэдгийг журамд тусгасан байна.
Иргэд:
1. www.119.mn вебсайтад нэвтэрч зорчих хүсэлт, шинжилгээ өгөх газар, цагаа товлоно
2. Товлосон газар, цагтаа шинжилгээ өгнө
3. Шинжилгээнийхээ хариуг www.119.mn вебсайтын “Шинжилгээний хариу авах” цэснээс регистрийн дугаараар шалгаж авна
4. Хариу сөрөг гарсан бол Автотээврийн үндэсний төвийн www.eticket.transdep.mn вебсайтаар тасалбараа захиална
5. Хариу гарснаас хойш 48 цагийн дотор очих газар луугаа хөдөлнө
6. Зам дундын хяналтын постуудад шинжилгээний хариу, бусад бичиг баримтаа шалгуулна
7. Орон нутагт очсоны дараа гэрийн тусгаарлалтад 14 хоног байна
8. Тусгаарлалт дууссаны дараа дахин шинжилгээ өгнө
Зорчих үедээ амны хаалт зүүж, бээлий өмсөх бөгөөд гар халдваргүйжүүлэгч уусмал, хогийн уут зэргийг авч явна. Тогтоосон цэгүүдэд л бие засах боломжтой, зам дагуу байрлах хоолны газрууд хаалттай учир хоол, хүнсээ бэлдэх шаардлагатай. Түр журамд зааснаар иргэд зөвхөн нэг удаа нэг чиглэлд, өөрөөр хэлбэл Улаанбаатар хотоос нэг удаа явна, орон нутгаас Улаанбаатар хотод нэг удаа ирнэ гэдгийг Улсын онцгой комисс анхааруулж байна. Аймаг, сумдад хязгаарлалтын дэглэмд орсон иргэд орон нутагтаа шинжилгээ өгч аймаг, сум хооронд нэг удаа зорчих боломжтой юм.
Цар тахлын халдвар бүртгэгдсэн Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ аймаг болон стратегийн чухал орд байрладаг, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гол боомт бүхий Өмнөговь аймгийн иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш явуулахаар төлөвлөжээ.
Орон нутгийн иргэдээс шинжилгээ авах сургууль, байршил
1. СБД 4 дүгээр сургууль 9 дүгээр хороо Дөлгөөн нуур
2. СБД 31 дүгээр сургууль 2 дугаар хороо Цирк
3. ХУД 32 дугаар сургууль 11 дүгээр хороо Зайсан
4. ХУД 15 дугаар сургууль 2 дугаар хороо Нутгийн буян
5. ХУД 41 дүгээр сургууль 5 дугаар хороо Яармаг
6. ХУД 114 дүгээр сургууль 9 дүгээр хороо Нисэхийн эцэс
7. СХД 67 дугаар сургууль 8 дугаар хороо Баянхошуу
8. СХД 62 дугаар сургууль 19 дүгээр хороо Содон хороолол
9. СХД 106 дугаар сургууль 34 дүгээр хороо Толгойт, Орбит
10. СХД Өнөр цогцолбор сургууль 17 дугаар хороо 1-р хороолол
11. БГД 38 дугаар сургууль 4 дүгээр хороо Төмөр зам
12. БГД 141 дүгээр сургууль 3 дугаар хороо Нарны хороолол
13. БГД Эрдмийн өргөө 6 дугаар хороо 10 дугаар хороолол
14. БГД Оюуны ундраа 18 дугаар хороо Модны хоёр
15. БЗД 21 дүгээр сургууль 6 дугаар хороо 13 дугаар хороолол
16. БЗД 44 дүгээр сургууль 16 дугаар хороо Улаанхуаран
17. БЗД 87 дугаар сургууль 23 дугаар хороо Улиастай
18. БЗД 102 дугаар сургууль 2 дугаар хороо Дарь эх
19. ЧД 5 дугаар сургууль 4 дүгээр хороо Бага тойруу
20. ЧД 72 дугаар сургууль 15 дугаар хороо Хайлааст
Тод мэдээ
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана
БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.
БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.
Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ
Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа.
Энэхүү шийдвэр нь тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм. Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.
Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.
Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 532 хүн ажиллаж байгаа юм.
Уг төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Тодруулбал,
- Нэгдүгээр багцын бэлтгэл ажил 80 гаруй хувь, газар шорооны ажил 90 гаруй хувь, суурь цутгах ажил 30 хувьтай үргэлжилж байна.
- Хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувь, газар шорооны ажил 90 хувь, суурь цутгах ажил 70 хувь, зоорины давхрын угсралт 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
- Харин бусад таван багцын гүйцэтгэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулахын зэрэгцээ бэлтгэл ажлыг хангаж буй. Мөн зарим блокийн газар шорооны ажил эхэлсэн.
Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Түүгээр ч зогсохгүй 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.
Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай.