Дэлхий нийтээр..
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар захирамж гаргалаа
Улсын онцгой комисс гуравдугаар сарын 13-нд коронавируст халдварт цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж, улмаар Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР руу шилжүүлж, ахиулсан юм. Үүнтэй уялдуулж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар захирамж гаргасан байна.
Захирамжид:
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.“в”, 29.1.6.”ж”, “л”, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.7, 32.1.8, 34 дүгээр зүйлийн 34.2.2, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 18, 20, 21 дүгээр тушаал, Улсын Онцгой комиссын 2021 оны 07, 08 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, халдварын эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ авах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн халдварын тархалтын улбар шар түвшинд шилжсэн хугацаанд 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 06:00 цагаас 03 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цаг хүртэл дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (Т.Гантөмөр), нийслэлийн Эрүүл мэндийн газар (Б.Бямбадорж), нийслэлийн Онцгой байдлын газар (А.Дашням), нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун), Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал), Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар (С.Жавхлантбаатар), дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
1.1.Худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл хугацаагаар тогтоож, зах худалдааны төвүүдийн халдвар хамгааллыг сайжруулах, ажиллах өдөр, цагийн хуваарьт зохицуулалт хийж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;
1.2.Халдварын тохиолдол бүртгэгдсэн, халдвар тархах эрсдэлтэй нутаг дэвсгэрт иргэдийн хөдөлгөөн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээ, хязгаарыг тогтоож, шаардлагатай тохиолдолд хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, халдвар хамгааллыг мөрдүүлж ажиллах;
1.3.Улаанбаатар хот доторх хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 23:00-06:00 цагийн хооронд (эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, шөнийн нислэг, инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад) бүрэн хязгаарлаж хэрэгжилтийг хангах;
1.4.Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнд зохицуулалт хийж, Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд иргэний үнэмлэхийн хаягаар, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид ажлын газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, нотлох баримтыг үндэслэн асуумжаар нэвтрүүлэх;
1.5. Хөдөө орон нутаг руу хүндэтгэн үзэх шалтгаантай (эрүүл мэнд, албан томилолт, буяны ажил) иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр (хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай бусад) тээвэрлэгчдийг тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, ПГУ шинжилгээний 72 цагийн хүчинтэй хариуг үндэслэн гаргах, халдварын тархалт бүртгэгдсэн газраас ПГУ шинжилгээний хариутай, бусад бүс нутгаас асуумжаар халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж оруулах, маршрутын бус замын хөдөлгөөнийг бүрэн хяналтад авах;
2. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтад иргэдийг хамруулах хуваарь төлөвлөгөөг нарийвчлан гаргах, сайн дурын ажилтны оролцоог ханган цэгийн тоог нэмэгдүүлж, иргэд, олон нийтэд мэдээлж үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар (Б.Бямбадорж), нийслэлийн Онцгой байдлын газар (А.Дашням), Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал), нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун), дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Байгууллагын үйл ажиллагааны хэвийн нөхцөл байдлыг алдагдуулахгүйгээр ажилтан, албан хаагчдыг 30 хүртэл хувиар ажиллуулж, бусад албан хаагчдыг ажил үүргээ зайнаас гүйцэтгэх нөхцөл боломжийг бүрдүүлэн, 0-12 насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг, эхийг гэрээр ажиллах боломжоор хангахыг төрийн байгууллага хуулийн этгээдийн удирдлагуудад зөвлөсүгэй.
4. Нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулан хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг иргэдэд мэдээлж, сурталчлахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс (Г.Хонгорзул), дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингист даалгасугай.
6. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2021 оны А/108 дугаар захирамжийн 4 дүгээр заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАР
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2021/07/07
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
-
Дэлхий нийтээр..2021/07/29
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо
-
Дэлхий нийтээр..2021/10/22
Д.Тэрбишдагвын ном Франкфуртын олон улсын үзэсгэлэн яармагт танилцуулагдлаа
-
Тод зураг2020/02/11
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
