Үйл явдал
УИХ: Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах саналыг дэмжсэнгүй
УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.03.18) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар лчин сайдыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нар тус тус танилцуулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах саналыг зөвшилцөхөөр ирүүлснийг Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулгадаа онцлоод Элчин сайд Ё.Отгонбаярын томилогдон ажилласан сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр орны худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц гарсангүй. Эдийн засгийг сэргээх, малчин ард иргэдийн амьдралыг сайжруулахад чухал үүрэгтэй, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татварын хөнгөлөлттэй экспортлох боломж бүрдүүлэх “Гуравдагч хөршийн худалдааны тухай” хуулийн төслийг АНУ-ын Хууль тогтоох байгууллагаар батлуулах талаар хангалттай санаачилга гаргаж ажилласангүй гэдгийг тодотгов.
Түүнчлэн Элчин сайд Ё.Отгонбаяр нь манай улсын байгалийн баялгийн орлогыг нэр бүхий улстөрчид гадаадад, оффшор дансанд байрлуулсан байж болзошгүй асуудлаар АНУ-ын Нью-Йорк мужид явагдаж буй шүүхийн маргааны талаар суугаа улсын хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байхад олон нийтийн сүлжээгээр дамжуулан илт улс төржсөн байр суурь илэрхийлсэн нь Дипломат албаны тухай хуулиар хүлээсэн үүрэг болон төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй гэдгийг танилцуулгадаа дурдав.
Элчин сайдыг эгүүлэн татах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зөвшилцөхөөр ирүүлснийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах саналыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар танилцуулгадаа онцолсон.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар, Ж.Сүхбаатар Н.Алтанхуяг, Ш.Адьяшаа, Д.Ганбат, С.Ганбаатар, Л.Энх-Амгалан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар ажиллагаа зохион байгуулаад, үүнийг УИХ-аар хэлэлцээд сууж байгаа нь монгол төрийн чадавхыг бууруулж байгааг анхааруулж байлаа.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Элчин сайдын яамны албаны цахим хаягуудад нэвтрэх, нууц үг болон интернетийн компанитай хийсэн гэрээ, тухайн компанитай харилцах эрхийг элчин зөвлөх хариуцдагийг тодотгоод, энэ асуудалтай холбоотой тайлбарыг холбогдох албан тушаалтнуудаас авч, элчин зөвлөхийн асуудлаар ойрын хугацаанд шийдвэр гаргах болсноо мэдэгдлээ.
Ингээд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналаар Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёндонгийн Отгонбаярыг эгүүлэн татахыг дэмжээгүй Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Үйл явдал
Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл явцаас үүдсэн байна
Хятадын холбогдох байгууллагууд Төвөдийн Жирон боомт орчимд их хэмжээний хохирол учруулсан үер, хөрсний гулгалтын шалтгааны талаарх урьдчилсан дүгнэлтийг танилцуулжээ.
Хятадын Шинжлэх ухааны академийн Чэндугийн Уулын аюул, байгаль орчны хүрээлэнгийн судалгааны баг хиймэл дагуулын тандан судалгааны мэдээллийг газар дээрх ажиглалт, хээрийн судалгаатай тулган шинжилсэн байна.
Судлаачдын дүгнэлтээр наймдугаар сарын 26-ны Бээжингийн цагаар 10:52 орчимд Балбын нутагт, далайн түвшнээс 5200 метрийн өндөрт мөсөн голын хэсэг хагарч, их хэмжээний мөс, хад чулуулгийн нуранги үүсжээ.
Нуранги өндөр уулын энгэрээр маш хурдтай уруудахдаа хөрс, хад чулууг хаман, 4000 метр орчмын өндөрлөгөөс эхлэн том хэмжээний хөрсний гулгалт үүсгэсэн гэж үзсэн байна.
Улмаар мөс, хөрс, хад чулуу болон усны асар их масс уулын хөндийгөөр 22 км орчим уруудан, далайн түвшнээс 1800 метрийн өндөрт орших Хятадын Төвөдийн Жирон боомтод хүрчээ.
Гамшгийн улмаас Жирон орчмын 0.7 хавтгай дөрвөлжин километр орчим талбай өртөж, 27 барилга байгууламж болон тэдгээртэй холбоотой тоног төхөөрөмж бүрэн сүйдсэн гэж судалгааны баг мэдээлсэн байна.
Ийнхүү Хятадын эрдэмтэд наймдугаар сарын 26-нд болсон гамшгийг энгийн борооны үер бус, өндөр уулын мөсөн голын хагарал → мөс, хадны нуранги → хөрсний гулгалт → хүчтэй үер гэсэн дараалсан үйл явцын үр дагавар гэж дүгнэжээ.
Үйл явдал
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 52 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь үер, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Үйл явдал
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.
2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.
Нийслэлийн зүгээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх юм. Энэ зорилгын төлөө хотын даргын зүгээс та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа өндөр тавина. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэлээ.
Өнгөрсөн жил хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнөх жилээс 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байгаа юм. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай.





-
Дэлхий нийтээр..2023/08/29
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ?
-
Үйл явдал2021/04/10
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2023/05/08
Олон улсын валютын сангийн шинээр томилогдох суурин төлөөлөгчтэй уулзлаа
-
Хэн юу хэлэв...2025/08/12
Артерийн судсаар химий тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгэ...
