Дэлхий нийтээр..
Өнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр тохиож байна
Өнөөдөр дөрөвдүгээр сарын нэгэн. Олон улсын инээдмийн баярын өдөр.
Энэ баярыг дэлхийн олон улс оронд тэмдэглэн өнгөрүүлдэг. Үүсэл гарлын тухай авч үзвэл, Григорийн он тооллын дараахнаас туйлдаж ядарч зовсон ард түмнийг хөгжөөх зорилгоор инээдмийн баяр гэгчийг тэмдэглэж ирсэн гэх нь бий. Европын орнуудад 17 дугаар зууны үед үүссэн гэх нь ч бий. Францын хаан энэ өдөр болдог шинэ жилийн баярыг нэгдүгээр сарын нэгэнд тэмдэглэж байхыг зарлигдсан. Үүнийг эсэргүүцэгчид дөрөвдүгээр сарын нэгэнд тэмдэглэлт баяраа хийсээр байж. Гэхдээ нэгэнт эрх баригчдаас баярыг эл өдөр тэмдэглэхийг болиулсан тул зарим хүн тоглоом тохуу болгон нэгнээ хуурч байснаас үүссэн гэдэг.
Ямартай ч инээдмийн баярыг хаанаас хэн санаачилсан, хэрхэн үүссэнийг бүгд мэдэхгүй ч улс орон бүр тэмдэглэн өнгөрүүлж байна. Бүх нийтээрээ, нийгмээрээ ч “молиго” үмхэх энүүхэнд. Америкт “Sun” сонин судлаач Жон Фредрих Хершиль дуран авиа бvтээж саран дээрх амьтан, ургамлыг нээлээ. Сарьсан багваахай мэт далавчтай аварга сармагчинг харлаа гэж мэдээлсэн нь “4 сарын 1” байв.
Манай улсад “Монголын залуучууд” сонины нэгэн дугаарт Монголд анх удаа Алмас барилаа гэсэн өгүүллэг нийтлэгдэж нийгмээрээ нэг шуугьсан ч эцэст нь “4 сарын 1” гэв.
Мөн тэнэгүүдийн баяр, маанагуудын өдөр гэх нь ч бий. Хуурдаг өдөр гэдгийг мэдсээр байж хууртаад л байдаг болохоор тэгж нэрлэсэн ч байж болох.
Манайд 1968 оноос эхлэн Монголын Зохиолчдын Хороо дөрөвдүгээр сарын 1-нийг инээдмийн өдөр болгон жил бүр тэмдэглэж байхаар тогтжээ. Дөрөвдүгээр сарын нэгэнтэй холбоотойгоор зохиогддог уламжлалт уралдаан тэмцээн наадам ч манайд цөөнгүй. “Онигоо ....” жил бүр болдог байсан тэмцээн байна. За мөн “Азтай бадарчин”, шог зургийн уралдаан, хошин дууны тэмцээн гэх мэт. Харин сүүлийн жилүүдэд инээдмийн өдөр маань “менежментлэгдэн” хошин урлагийнхан супер шоу хийдэг болов. Хошин урлагийнхан уламжлалт “Азтай бадарчин” наадмаа хоёр жилд нэг удаа болдог “The Best of Comedy” нэртэй улаан хивсний ёслолын арга хэмжээгээр солив. Энэ жилийн тоглолтын тасалбар 35000-45000 төгрөгийн үнэтэй бөгөөд бүтэн таван цаг үргэлжлэх гэнэ. Дашрамд сонирхуулахад, манай инээдмийн өдөрт зориулсан хошин урлагийн уламжлалт тоглолт 24 жилийн түүхэнд 46 мянган удаа тайзнаа тоглож, 26 сая хүнд инээд бэлэглэж, 256 удаа хандивын тоглолт хийсэн гэдэг.
Эцэст нь энгийнээр ойлговол дөрөвдүгээр сарын нэгэн нь бие биенээ гэмгүй сайхан хуурч, тоглоом наргиа хийж баясан цэнгэдэг зугаатай өдөр юм. Энэ өдөр та гэмгүй сайхан наргин цэнгэж инээн хөгжиж өнгөрөөвөөс инээдмийн баярыг утгаар нь тэмдэглэж байна. Харин өдөржингөө бусдад хууртаж өнгөрүүлбэл “Маанагуудын баяр”-ын өдрийг санаачлан тэмдэглэгч болж ч мэднэ.
Инээцгээ хүмүүсээ, инээгээрэй.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2023/04/19
ХНХЯ: Салбарын хяналт шалгалтын 2023 оны төлөвлөгөө батлагдлаа
-
Дэлхий нийтээр..2025/03/13
СЕХ: 67 мандатад нөхөн сонгууль зохион байгуулна
-
Дэлхий нийтээр..2025/01/21
Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумтай “Стратегийн оюун ухааны платформ” ...
-
Үйл явдал2022/08/23
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
