Тод мэдээ
Н.Түвшинбаярыг яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн 0275 дугаартай, Найдангийн Түвшинбаярыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцлээ.
Уг шүүх хуралдаанд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор болон яллагдагчийн өмгөөлөгч Л.Данзанноров нар оролцлоо. Яллагдагч Н.Түвшинбаярыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.
Н.Түвшинбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзээд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорихоор шийдвэрлэлээ гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.
Тод мэдээ
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны долоодугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Б.Уянга, Г.Хосбаяр нар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.
Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд:
- Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага нь тухайн байгууллагын судалгааны үндсэн чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх тухай зохицуулалтыг тусгасан.
- Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэдлэгийн дата төв байгуулж, ил тод байлгах зохицуулалтыг тусгасан. Үүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42-р зүйлийн 42.2 буюу захиалагчийн эрх үүрэгт судалгааны ажлыг ил тод байлгах үүргийг тусгах байдлаар, ингэхдээ энэхүү үүргээ ШУТ сангийн цахим хуудаст байршуулах, шинээр MORI платформ үүсгэх, tendergov.mn сайтад байршуулах, эсхүл www.sudalgaa.gov.mn үндэсний судалгааны нэгдсэн платформд байршуулах замаар шилэн болгох зохицуулалтыг тусгажээ.
- Хуулийн 18-р зүйлийн 18.2.2-ийг “Дээд боловсролын тухай хуулийн 4.1.4-т заасан судалгааны их сургууль” гэж өөрчилсөн.
- Хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгээс “Үндэсний хорооны тогтоол, зөвлөмжийг үндэслэн” гэсэн агуулгыг хасах тухай заалтыг оруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алдсан гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар иргэн “Б” нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.
Сурагчдын зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг унадаг дугуй, суррон, скүүтэртэй Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Тод мэдээ
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ
Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 5050 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.
Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг хүслээ.
-
Өнөөдөр2021/09/15
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй
-
Тод индэр2022/05/20
Х.Гантулга: 2017 онтой харьцуулахад нийтийн тээврийн орлого 60 гаруй хувиар буур...
-
Өнөөдөр2024/12/02
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг ...
-
Тод зураг2020/04/07
БНСУ-д коронавирусний шинжилгээ хийх эмнэлгүүдийн мэдээлэл