Хэн юу хэлэв...
Ж.Энхбат: Хөл хорионы дэглэмийг сайтар баримтлуулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед хязгаарлалт тогтоогоогүй 15 салбарын ажилтнуудын хувийн тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөн оролцуулж байгаа. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Энхбатаас энэ талаарх зарим зүйлийг тодрууллаа.
-Тээврийн хэрэгслийг дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж байгаа. Өмнөх хөл хориогоор ийм зохицуулалт хийж байгаагүй. Яагаад энэ удаа ийм зохицуулалт хийхээр болсон бэ?
-Өмнө нь хөл хорио тогтоохдоо ажил, үйлчилгээ гүйцэтгэхийг зөвшөөрсөн 15 салбарын тээврийн хэрэгслийг тухайн байгууллагын хүсэлтийг үндэслэн хөдөлгөөнд QR кодоор оролцуулах байдлаар зохион байгуулсан. Ингэхэд хөл хорионы дэглэмээ сахих, иргэдийн хөдөлгөөнийг 10 хувьд багтаах зорилт биелэхгүй болоод байсан юм. Мөн Тээврийн цагдаагийн албанд QR кодтой холбоотой маш их гомдол ирж байлаа. Үүнээс болж үл ойлголцол үүссэн. Үүнийг хөнгөн байдлаар шийдэх, иргэдэд чирэгдэл учруулахгүй байх, хөл хорионы дэглэмийг нарийн баримтлахын тулд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон. Зөвхөн хөдөлгөөнд оролцох боломжтой иргэдийн машин гэхэд л 51 мянга байна. Үүн дээр түгээлт нэмэгдэхээр маш олон тээврийн хэрэгсэл болж байгаа.
-Тэгш, сондгойгоор явуулж эхэлснээр замын хөдөлгөөний ачаалал өмнөх хөл хорионоос хэдэн хувиар буурсан бэ?
-17:00 цагийн мэдээг харахад 33 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Энэ нь нийт эрчимтэй хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн найман хувь гэсэн үг. Өмнөх QR кодоор зорчуулж байсан үеэс цөөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, хөл хорионы дэглэмийг сайн сахиж байна.
-Иргэд тэгш, сондгойгоор зорчихтой холбоотой санал, хүсэлт гаргаж байна уу?
-Манай алба хаагчдад ямар нэгэн гомдол, санал ирээгүй. Иргэдийн хувьд гаргасан шийдвэрийг дагаж, ажил үйлчилгээгээ явуулж байна.
Хэн юу хэлэв...
УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.
Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.
УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.
Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
-
Дэлхий нийтээр..2025/01/28
Угаарын хий мэдрэгчгүй 19.296 өрхөд зөвлөгөө, мэдээлэл өглөө
-
Үйл явдал2024/07/31
УБ Сонгодо эмнэлгийн хойд талын авто замыг түр хааж, дулааны шугам шинэчилнэ
-
Үйл явдал2020/10/01
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Чөлөөт бүс2022/12/26
Автомашинаа та өвлийн улиралд...
