Тод мэдээ
Зуслангийн чиглэлд нийтийн тээвэр үйлчилж байна

Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор зуслан руу явах иргэдийн тоо нэмэгддэг. Нийтийн тээврийн зуслангийн чиглэлийн үйлчилгээг тавдугаар сарын 15-ны өдрөөс үйлчилж эхэллээ.
Тодруулбал,
ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр”
ЗҮ:2 “Гоодой- Тэнгис кино театр”
ЗҮ:3 “Баянбулаг- Тэнгис кино театр” чиглэлүүд “Тэнгис” кино театрын зогсоолоос өдөр бүр 07:00- 22:00 цагийн хооронд үйлчилж байна.
Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн суурьшлын бүсийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ ДС-Далангийн зам” чиглэлийг өнөөдрөөс Шадивлангийн уулзвараас 2.1 км сунгаж, Шадивлангийн эцсийн буудал хүртэл явах аж.

Тод мэдээ
Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна
Нийслэлд агаарын бохирдол ихээр үүсдэг Баянгол, Чингэлтэй дүүргийн 5 хороонд энэ жил 5000 айл өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж, хийн түлш рүү шилжүүлж буй.
Гэр, байшингуудад хийж буй дулаалгыг нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар танилцууллаа.
Тэрбээр “Бид B1 ангиллын гал дэмждэггүй, 28 кг-ийн, 10 см зузаантай XPS хөөсөөр байшинг, харин дээврийн хөндийг эрдэст хөвөнгөөр дулаалж байгаа юм. Тухайн айл байшингийнхаа гадна талын фасадыг хийнэ. Мөн цонх, шалаа өөрсдөө дулаалж, гонхоо хийх шаардлага тавьж байна. Ингээд шаардлага хангасан тохиолдолд хийгээр ажилладаг халаагуурын төхөөрөмжийг нэг удаа, үнэ төлбөргүйгээр суурилуулж байгаа. Энэхүү төхөөрөмж нь дүүргийн өмчид бүртгэлтэй байх юм. Хийн төхөөрөмж суурилуулсан айлуудад галлагааны улиралд нийт 900 мянган төгрөгийн үнийн хэрэглээний урамшуулал олгоно. Улаанбаатар хотын салхины урсгал хойноосоо байдаг. Тийм учир Гандан, Зурагт, Дэнжийн мянга орчмын байршлыг сонгосон. Ирэх жил нийт 50 мянган айлыг дулаалж хий, цахилгаанд шилжүүлэх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна” гэлээ.
Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны оршин суугч Б.Буян-Оргил “Манай Дэнжийн мянга орчим их хүйтэн. Энд байшингаа дулаалаад хийн хэрэглээнд шилжих боломжтой болж байна. Хий хэрэглэнэ гэдэг утаанаас сална гэсэн үг. Тийм болохоор зохих шаардлагын дагуу өөрсдөөс шалтгаалах бүхнээ хичээн хийж, хамтран ажиллаж байна” гэв.
Баянгол, Чингэлтэй дүүргүүдэд дулаалж буй айл өрхүүдийн 1300 нь монгол гэрт амьдарч байна. Монгол гэрийг НҮБ-ын Хүүхдийн сангийн “Чип” төслийн хүрээнд дулаалж буй. “Чип” төслийн гэр дулаалга нь найман хэсгээс бүрдэж байгаа бөгөөд дулаан алдагдлыг 50-60 хувиар бууруулах тооцоотой. Мөн ийм хэмжээний эдийн засгийн хэмнэлтийг үүсгэх юм. Энэ жил хийн хэрэглээнд шилжиж буй айл өрхүүдэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран аюулгүй ажиллагааны сургалт орж байгаа талаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар хэллээ. Нийслэлд 2028 он гэхэд Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн 103 мянган айл өрхийг хий болон цахилгаан хэрэглээнд шилжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Тод мэдээ
Дархан-Уул аймаг үр тариагаа хурааж эхэлжээ
Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ жил 18 мянга орчим га-д төмс, хүнсний ногоо, үр тариа тариалсан. Одоогоор төмс хүнсний ногооны хураалт 40 орчим хувьтай байгаа бол үр тариагаа хурааж эхэлжээ. Зуншлага гандуу, ургацын болц тааруу байснаас хураалт хойшилсон. Харин одоо хэт хүйтрэхээс урьтаж ургацаа бүрэн хурааж дуусгах шаардлагатай байна.
Жилээс жилд үүсдэг ажиллах хүчний асуудал энэ жил мөн үүссэн. Үүнийг аймаг орон нутаг, ААНБ-д, их дээд, мэргэжлийн сургуулиудтай хамтран шийдвэрлэхээр уулзалт хийжээ. Тариаланчдаас одоогоор 700 гаруй ажиллах хүчний захилга ирүүлсэн байна. Их дээд сургуулиудаас 1200 орчим оюутныг ургац хураалтад ажиллуулах боломжтой аж.
Оюутнуудыг ажиллуулахдаа цалин хөлсийг өмнөх жилээс бууруулахгүй байх, цагт нь цалинг нь олгох, байрны нөхцөл, хоолны чанар дээр онцгой анхаарах, ажиллах хүчнийг аюулгүй тээвэрлэх, тээврийн хэрэгслийн асуудлыг шийдвэрлэх зэрэгт ач холбогдол өгч аль аль талдаа хариуцлагатай байхаар 3 талт гэрээг байгуулахаар болсон байна.
Ургац хураалтад ажиллах техник тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг тариаланчид өөрсдөө хангасан. Харин ажиллах хүчний асуудлыг ийнхүү шийдсэнээр аймгийн хэмжээнд ургац хураалтыг 10 дугаар сарын эхэн гэхэд дуусгах боломжтойг албаныхан хэлж байна.
Тод мэдээ
Монголын бүх ард түмний спортын наадмын галт бамбарыг улсын арслан Э.Батмагнай асаалаа
Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Монголын бүх ард түмний спортын зуны XVI наадам Улаанбаатар, Баянхонгор аймагт нэгэн зэрэг болж байна. Өчигдөр тус наадмын нээлтийн ёслол Баянхонгор аймагт болж, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан МБАТСН-ыг албан ёсоор нээж, ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн мэндчилгээ дэвшүүллээ.
Наадмын тамирчдын тангарагийг жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга, Оюутны дэлхийн аварга, армийн дэлхийн аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Л.Сосорбарам, таеквондогийн Азийн АШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын есөн удаагийн аварга, Д.Чинзориг нар өргөв.
XVI наадмын тугийг пара таеквондогийн “Парис-2024” паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, боксын Дэлхийн цомын хошой хүрэл медальт, Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Энхтөр, пауэрлифтингийн улсын аварга, бодибилдингийн спортын ОУХМ Н.Нэмэхбаяр, чөлөөт бөхийн улсын аварга, Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Бямбадорж нар өргөн мандуулав.
Харин тус наадмын галт бамбарыг үндэсний бөхийн улсын арслан, чөлөөт бөхийн Армийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Э.Батмагнай асаалаа. Тэрбээр хоёр жилийн өмнө Монголын хүүхдийн спортын VII их наадмын галт бамбарыг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэгийн хамтаар асааж байв.
Монголын бүх ард түмний спортын ХVI наадам спортын 28 төрөлд, 163 жин, зайд, 879 багц медалийн төлөө 21 аймаг, 9 дүүргийн 3146 тамирчин өрсөлдөж байна.