Хэн юу хэлэв...
Л.Оюун-Эрдэнэ: Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хэнтий аймаг дахь албан томилолт үргэлжилж байна. Аялал жуулчлалыг газар зүйн байрлал, байгаль, түүх, соёл зэргийн нөөцөд тулгуурлан бүсчилж хөгжүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан танилцуулав.

Тодруулбал:
- Цэнгэг устай нуур, байгалийн үзэсгэлэн бүхий бүс - Хөвсгөл
- Олон ястны зан заншил, соёлын онцлог бүхий өндөр уулын бүсийн экосистемт бүс – Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай
- Түүх, соёлын үнэт дурсгал бүхий бүс – Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Орхон
- Эх газрын өвөрмөц, онгон байгаль, палеонтологийн олдвор, ховор ан амьтан бүхий бүс – Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь
- Их эзэн Чингис хааны түүхтэй холбоотой дурсгалт газар бүхий бүс – Дорнод, Хэнтий, Сүхбаатар
- Улаанбаатар хот орчмын бүс – Дархан, Төв, Улаанбаатар гэж хуваан хөгжүүлэх юм.

Зүүн бүсэд түүх, байгаль, соёлын аялал жуулчлал, ялангуяа түүхэн аялал жуулчлал хөгжүүлэх хөгжих өндөр боломжтой гэж үзэж байна. Улсын хэмжээнд стандартын шаардлага хангасан 1,046 зочид буудал, жуулчны бааз байдгийн 29 зочид буудал, 42 жуулчны бааз нь зүүн бүсэд байрладаг. Үүнээс Хэнтий аймагт 2,045 ор хоногийн хүчин чадал бүхий 10 зочид буудал, 36 жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна. 2019 онд тус аймагт дотоодын 65 мянга гаруй жуулчин 13,2 тэрбум, гадаадын 6,000 гаруй жуулчин 8,6 тэрбум, нийт 21,7 тэрбум төгрөгийн үр өгөөжийг аймгийн эдийн засагт оруулжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан томилолтын бүрэлдэхүүнд Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Ерөнхий сайдын зөвлөх П.Цэцэгбадам нар багтжээ.
Хэн юу хэлэв...
БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалав
Монгол дахь БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань өөрийн албан X (хуучнаар Twitter) цахим хуудсандаа Монгол, Хятадын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбэр, " Монголчуудын дунд “айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэж зүйр үг байдаг бол, Хятадын тал “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалыг баримталж, хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоохыг зорьдог бөгөөд үндсэн агуулгаараа нийцдэг билээ. Энэхүү хэлэлцээр нь давуу талуудаа нөхөлцөж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд хүрэхэд чиглэсэн бөгөөд талуудын чин шударга хамтын ажиллагааны илэрхийлэл буюу нэг нь хожиж нөгөө нь хохирох тухай агуулаагүй болно. Хятад улс саяхан XV дахь таван жилийн төлөвлөгөөгөө баталж, гадаад улс оронд нээлттэй байх бодлогоо улам гүнзгийрүүлж, хөрш орнуудтай аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, гадаад худалдаа болон уялдаа холбоогоо улам нягтруулахаар зорьж байна.
Монголын хувьд Хятад хэмээх том зах зээл хаяа залган оршиж байна. Энэ оны эхний улиралд Монголын экспорт 60 хувиар өссөн нь Хятад руу чиглэсэн экспорт голлон нэмэгдсэнтэй холбоотой. Харилцан итгэлцлээ улам бэхжүүлж, хамтын ажиллагааны “бялууг” улам томруулж, хамтын хөгжлийг илүү хурднаар, илүү үр дүнтэйгээр бүтээцгээе." гэжээ.
Хэн юу хэлэв...
Санхүүгийн зах зээлүүд Ираны дайны нөлөө буурч эхэлсэнд итгэж эхлэв
Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн санхүүгийн зах зээлүүд Ирантай холбоотой мөргөлдөөний нөлөө буурч эхэлсэнд итгэх хандлага ажиглагдаж байна. Олон улсын хөрөнгө оруулагчид зах зээлийн гол үзүүлэлтүүдийг ажиглахад дайны эхэн үеийн огцом савлагаа намжиж, ихэнх активууд өмнөх түвшиндээ дөхөж очсон нь анхаарал татаж байна.
Тухайлбал, дэлхийн томоохон индексүүд сэргэлт үзүүлж, зарим нь бараг дайны өмнөх түвшинд хүрээд байгаа бол хөрөнгө оруулагчид АНУ болон хөгжиж буй зах зээлүүдэд дахин анхаарал хандуулж эхэлжээ.
АНУ-ын хөрөнгийн зах зээл ч эерэг дохио үзүүлж, S&P 500 индекс түүхэн дээд түвшинд хүрч, өмнөх алдагдлаа нөхсөн байна. Зах зээл ийнхүү тайвширч эхэлсэн нь Ираны мөргөлдөөн намжих магадлал нэмэгдэж, дипломат яриа хэлэлцээ дахин эхэлж болзошгүй гэсэн хүлээлттэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Гэсэн ч эрчим хүчний зах зээлд болгоомжлол хэвээр байна. Газрын тос, байгалийн хийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа бөгөөд Ормузын хоолойн нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй хэвээр байгаа нь эрсдэлийг хадгалж буйг анхааруулж байна.
Мөн хүүгийн түвшин, инфляцын дарамт бүрэн буураагүй, бондын зах зээлд тодорхойгүй байдал үргэлжилж байгаа нь хөрөнгө оруулагчдыг болгоомжтой хэвээр байлгаж байна.
Хэн юу хэлэв...
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
Манай улсын иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүй байдлаас болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартаж буух тохиолдлууд гарч байна.
Гадаад паспортаа гээгдүүлснээр зочид буудалд захиалга хийх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг. Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээгдүүлсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны Хилээр орох, гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсдаг.
Элчин сайдын яамны зүгээс паспорт гээгдүүлсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Иймд БНХАУ-аар зорчих Монгол Улсын иргэн Та хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхааралтай аялахыг Элчин сайдын яамны зүгээс анхааруулж байна.
Иргэн Та БНХАУ-д зорчих үедээ бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас болон цахим хуудсаар холбогдоно уу.
ЭСЯ-ны шуурхай утас: +8617600787323, +86(10)65321203,
Цахим хаяг: beijing@mfa.gov.mn, beijing.consul@mfa.gov.mn
