Тод мэдээ
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 29 дэх дугаар хэвлэгдлээ. Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлсэн. Тухайлбал, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдээр бүх орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” -тэй болохоор хуульчлав.
Мөн шинэ дугаарт Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолуудыг нийтэлсэн. Монгол Улсад коронавируст халдварын тархалт нэмэгдэж, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдал үүсч, ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн зайлшгүй шаардлагатай нэмэлт санхүүжилт хийх цаг үеийн шаардлага үүссэн тул эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай зардлыг цаг алдалгүй санхүүжүүлэх замаар иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах болон айл өрхүүдийг орлогын ядууралд өртөхөөс сэргийлэхэд чиглэсэн холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагын үүднээс Засгийн газраас төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал дэмжин баталлаа. 2021 оны төсвийн тодотголоор:
- Эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай санхүүжилтэд зориулж төсвөөс нийт 735.1 тэрбум төгрөг нэмж зарцуулах;
- Ковид-19 халдварт цар тахлын “улаан бүс”-д ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын албан хаагчдад нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоход зориулж 45.6 тэрбум төгрөг нэмж зарцуулах;
- Ковид-19 халдварт цар тахлын “улаан бүс”-д эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн ажилчдын цалин хөлсийг 50 хувиар нэмэгдүүлэн олгох;
- Эмнэлгийн 2000 ор дэлгэх ажлыг тоног төхөөрөмжийн хамт бэлтгэхэд зориулж нийт 121.9 тэрбум төгрөг нэмж зарцуулах;
- Резидент эмч нарыг дайчлан ажиллуулах цалингийн зардалд 3.7 тэрбум төгрөг нэмж зарцуулах;
- Вакцины үр нөлөө болон манай улсад тархсан вирусийн хэлбэрийг судлах судалгаанд 2.4 тэрбум төгрөг нэмж зарцуулах;
- Ард иргэдэд коронавирусийн талаарх мэдлэг, мэдээлэл олгох, халдвараас урьдчилан сэргийлэх болон халдвар авсан тохиолдолд гэрийн нөхцөлд эмчлэх талаар заавар зөвлөмжийг хүргүүлэхэд 6.6 тэрбум төгрөг нэмж зарцуулах;
- Эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулахад 3.0 тэрбум төгрөг нэмж зарцуулах;
- Эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад 8.0 тэрбум төгрөг, PCR шинжилгээ болон эмийн нөөц бүрдүүлэхэд 61.9 тэрбум төгрөг тус тус нэмж зарцуулах;
- Засгийн газрын нөөц санг 60 тэрбум төгрөгөөр, аймгийн Засаг даргын нөөц санг 20 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх;
- Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 7 дугаар сарын 1-нээс 100 мянган төгрөгөөр он дуустал үргэжлүүлэн олгоход 576.0 тэрбум төгрөг нэмж зарцуулах;
- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, өнчин хүүхдэд олгодог халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгодог амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг он дуустал сар бүр 288.0 мянган төгрөгөөр тооцож үргэлжлүүлэн олгоход 42.9 тэрбум төгрөг нэмж зарцуулах;
- Айл, өрх, аж ахуйн нэгжүүдийн дулаан, цахилгаан, дулааны уур, ус, хогны төлбөрийг төрөөс хариуцах болон сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар цаашид хөнгөлөх арга хэмжээнд зарцуулах санхүүжилтийг нэмж тусгах;
- Төрийн байгууллагууд төсөв хэмнэх горимд ажиллах, төлөвлөсөн арга хэмжээг зайлшгүй хэрэгцээ шаардлага, үр дүн, ач холбогдлоор нь эрэмбэлж хэрэгжилтийг нь хойшлуулах болон цуцлах зэргээр төсвийн урсгал зардлыг 132.9 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зардлыг 90 тэрбум төгрөгөөр, гадаад зээлийн ашиглалтын зардлыг 60 тэрбум төгрөгөөр, нийт 282.9 тэрбум төгрөгөөр зардал танах зэрэг өөрчлөлтүүдийг тусгажээ.
Түүнчлэн Улсын Их Хурлын тогтоол болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн саналыг үндэслэн 120 ба түүнээс дээш удаа цусаа хандивласан цусны “Хүндэт донор”-уудыг жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдөр буюу “Цусны донорын Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнаж байхаар болсны зэрэгцээ гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг өндрөөр үнэлж Монгол Улсаас Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарт Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол тус тус хүртээсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Тод мэдээ
АНУ: Аялал жуулчлал, ажил хэргийн шугамаар зорчих Замби, Малави улсын иргэдээс визийн барьцаа шаардана
АНУ-ын Төрийн департамент аялал жуулчлал болон ажил хэргийн шугамаар зорчих Бүгд Найрамдах Замби Улс, Бүгд Найрамдах Малави Улсын иргэдэд виз мэдүүлэхдээ 15.000 ам.доллар хүртэл барьцаа төлөх шаардлагыг тавьж эхэлснийг зарлалаа.
Тус шаардлага нь дэлхийн хамгийн ядуу орнуудын тоонд багтдаг дээрх хоёр улсад “визийн хориг” тавьсантай адил гэж зарим хүмүүс үзэж байна.
Визийн хугацаа хэтрүүлэх явдлыг хязгаарлах зорилгоор хэрэгжүүлж буй энэ арга хэмжээ нь “виз олгох баталгаа болохгүй” хэмээн мягмар гарагт нийтэлсэн тус мэдэгдэлдээ анхааруулсан бөгөөд тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд барьцааг буцаан олгох юм. Тухайлбал, виз мэдүүлсэн иргэн зөвшөөрөгдсөн хугацаанд багтаж АНУ-аас гарсан, эсвэл визийн хүчинтэй хугацаанд АНУ-д зорчоогүй зэрэг тохиолдолд барьцааг автоматаар буцаан олгоно.
Малави Улсын Хүний эрхийн комиссын дарга, хуульч Хабиба Османы хэлснээр энэ барьцаа нь шударга бус бөгөөд жинхэнэ зорчих иргэдэд санхүүгийн хүнд дарамт болж байна гэжээ.
Ирэх саруудад Африк тивийн олон улсын хувьд АНУ руу зорчих нөхцөл улам хүндэрч болзошгүй байна. Хоёр сарын өмнө Африк тивийн долоон улсад АНУ-д нэвтрэх хориг, гурван улсад хэсэгчилсэн хязгаарлалт тавьсан.
Мөн түүнчлэн одоогоор төлөвлөж буй нэмэлт хориг хэрэгжвэл Баруун Африкийн дийлэнх улсын иргэдийг АНУ руу зорчихыг бүр мөсөн зогсоох магадлалтай байна.
Эх сурвалж: ГИХГ
Тод мэдээ
Дэлхий дахинаа гадаад оюутнуудын урсгал Их Британи, Ази болон Дундад Ази руу чиглэжээ
АНУ нэгэн цагт гадаад оюутнуудын хамгийн их хүсдэг, мөрөөдлийн улс байсан бол өдгөө энэ байр сууриа алдаж эхэлжээ. Учир нь АНУ-ын Засгийн газраас баримталж буй цагаачлалын хатуу бодлого, визийн нөхцөл, шаардлагыг чангатгаж буй нь АНУ-ын нэр хүндтэй сургуулиудад элсэн суралцах хүсэлтэй оюутнуудын тоо буурахад нөлөө үзүүлж байна.
Үүний улмаас АНУ-ын нэр хүндтэй их, дээд сургуулиудад суралцах хүсэлтэй оюутнуудын тоо эрс буурч, тэдний дийлэнх нь Их Британи, Ази тивийн орнууд болон Дубай, Сингапур зэрэг шинэ чиглэлүүдийг сонгох болжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр АНУ-д суралцах хүсэлтэй оюутнуудын тоо 30-40 хувиар буурсны улмаас тус улс 7 тэрбум долларын эдийн засгийн алдагдал хүлээх эрсдэлтэй байна. Харин Их Британид эсрэгээрээ олон улсын бакалаврын түвшний элсэлт 2.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Цар тахлын дараах нөхцөл байдал ч оюутнуудын сонголтод өөрчлөлт оруулжээ. Соёлын хувьд ижил төстэй, дасан зохицоход хялбар орнуудад суралцах хандлага эрчимжиж, Малайз, Хонгконг, Сингапурт суралцах сонирхол ихэссэн байна. Тухайлбал, Хонгконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн бакалаврын элсэлт 40 хувиар нэмэгдсэн байна.
Мөн өмнө нь боловсролын чиглэлээр тэр бүр анхаарал татдаггүй байсан Арабын Нэгдсэн Эмират улсын гадаад оюутнуудын тоо 2024-2025 онд 33 хувиар өсжээ. Дубайд байрлах олон улсын сургуулиудын салбар кампусууд өргөжин хөгжиж, бүс нутгийн боловсролын шинэ төв болон төлөвшиж байна.
Үүнтэй адил Illinois Tech, Arizona зэрэг АНУ-ын их сургуулиуд Казахстан улсад салбараа нээж, Төв Азийг олон улсын боловсролын шинэ зангилаа болгох алхмууд хийгдэж байна.
Эх сурвалж: ГИХГ
Тод мэдээ
Цахилгаан дугуй, скүүтэрийн зогсоол хийж байна
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд явган зорчигчийн зам дээр замбараагүй байршуулсан мопед, скүүтэрийг цэгцлэх асуудлаар “Eco bike”, “Таbо” компанийн төлөөлөл болон Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөгжлийн газрын удирдлагатай уулзсан.
Энэ үеэрээ гудамж талбайд эмх замбараагүй байршуулсан цахилгаан дугуй, скүүтэрийг тодорхой таних тэмдэг бүхий зогсоолтой болгохыг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярт үүрэг болгосон.
Тэгвэл өчигдрөөс Бага тойруу дотор 105 байршилд 2460 ширхэг цахилгаан дугуй, мопед, скүүтэрийн тэмдэг тэмдэглэгээ бүхий зогсоолыг хийж эхэллээ.
Өнөөдрийн байдлаар Мөнгөн завъяагийн уулзвараас СУИС-ын уулзвар хүртэл 250 скүүтэр, мопед байршуулах боломжтой зогсоолыг тэмдэглэж байна.
Зориулалтын тэмдэг тэмдэглэгээ бүхий зогсоолд скүүтэр, мопедоо байршуулаагүй, явган иргэдийн зорчих хэсэгт саадтай, эмх замбараагүй байршуулсан түрээсийн үйлчилгээ эрхлэгч компанийн цахилгаан дугуй, скүүтэр, мопедыг наймдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн журамлаж ачих бөгөөд мотоцикл, суррон, мопед, скүүтэр тус бүрийг 30.000 төгрөгөөр торгох хүртэл арга хэмжээ авах гэнэ.
Түрээсийн үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн техникээ арчлах, зориулалтын зогсоолд байршуулах, иргэдэд төвөг, чирэгдэл болохгүй байх зэрэг үүргийг хүлээх юм.
Тээврийн цагдаагийн албанаас өгч буй мэдээллээр мопед, скүүтэрийг өдөрт дунджаар 18000 орчим хүн түрээсээр ашигладаг бөгөөд гудамж талбай, авто болон явган хүний зам, гарц, гүүр зэрэгт орхих, замбараагүй байршуулсаар байгаа нь хотын өнгө үзэмж, иргэдийн явганаар зорчих хөдөлгөөнд саад учруулж байна гэх гомдлын шалтгаан болсоор байна.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА