Тод мэдээ
Нийслэлд нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл 34 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд хичээлийн шинэ жилийн элсэлт, бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцуулга хийлээ.
Коронавирусний цар тахал нь боловсролын салбарт хамгийн их нөлөөлж байгааг тэрбээр онцолсон. Энэ хичээлийн жилд нийслэлд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 286 сургуульд 341.500 сурагч суралцах тооцоо гарчээ.
Нэгдүгээр ангид элсэх 38.842 хүүхэд байна. Харин 694 цэцэрлэгт 114.908 хүүхэд хамрагдана. 2021-2022 оны хичээлийн жилийн төлөвлөгөөг баталсан бөгөөд хэрэгжилт 86 хувьтай яваа аж. Нэгдүгээр ангид элсэгчдийг www.parent.edu.mn цахим хаягаар 24 цагаар бүртгэж байна. Өчигдрийн байдлаар нийслэлийн I ангийн сурагчдын 34 хувь нь бүртгүүлээд байгаа аж.
2016-2017 оны хичээлийн жилд 36 сургуулийн 9000 орчим сурагч гурван ээлжээр хичээллэж байсан бол энэ жилээс гурван ээлжээр хичээллэхгүй болжээ. Тодруулбал, гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн ойролцоох сургалтын зориулалттай байрыг түрээслэн, гурван ээлжээр хичээллэхгүй байх зохицуулалтыг хийсэн гэнэ. 2021 он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт дөрвөн сургууль, бага сургууль, цэцэрлэгийн нэг цогцолбор, 10 цэцэрлэгийн барилга ашиглалтад оржээ.
12-17 насны хүүхдүүдийг коронавирусний эсрэг вакцинаар дархлаажуулж байгаа. Тэгвэл нийслэлийн 12-17 насны хүүхдүүдийн 81.4 хувь нь I, 51 хувь нь II тундаа хамрагдаад байна. Мөн элсэлтийн ерөнхий шалгалт өчигдрөөс эхэлсэн бөгөөд энэ сарын 22 хүртэл үргэлжилнэ. Энэ жил нийслэлд ерөнхий боловсролын сургуулийг 15213 хүүхэд төгсөж байгаагаас 13.134 хүүхэд шалгалт өгөх юм.
Тод мэдээ
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны долоодугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Б.Уянга, Г.Хосбаяр нар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.
Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд:
- Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага нь тухайн байгууллагын судалгааны үндсэн чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх тухай зохицуулалтыг тусгасан.
- Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэдлэгийн дата төв байгуулж, ил тод байлгах зохицуулалтыг тусгасан. Үүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42-р зүйлийн 42.2 буюу захиалагчийн эрх үүрэгт судалгааны ажлыг ил тод байлгах үүргийг тусгах байдлаар, ингэхдээ энэхүү үүргээ ШУТ сангийн цахим хуудаст байршуулах, шинээр MORI платформ үүсгэх, tendergov.mn сайтад байршуулах, эсхүл www.sudalgaa.gov.mn үндэсний судалгааны нэгдсэн платформд байршуулах замаар шилэн болгох зохицуулалтыг тусгажээ.
- Хуулийн 18-р зүйлийн 18.2.2-ийг “Дээд боловсролын тухай хуулийн 4.1.4-т заасан судалгааны их сургууль” гэж өөрчилсөн.
- Хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгээс “Үндэсний хорооны тогтоол, зөвлөмжийг үндэслэн” гэсэн агуулгыг хасах тухай заалтыг оруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алдсан гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар иргэн “Б” нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.
Сурагчдын зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг унадаг дугуй, суррон, скүүтэртэй Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Тод мэдээ
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ
Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 5050 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.
Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг хүслээ.
-
Тод мэдээ2021/01/25
Хүний эмч Б.Энхбаяр:Монголд “Ковид-19”-ийн вирусээс ард түмнээ урьдч...
-
Тод мэдээ2023/11/21
Ирэх онд сургууль орчмын бүсийн 102 байршилд лед гэрлэн гарц хийнэ
-
Тод мэдээ2022/02/09
Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалаар албажсан баримт бичгүүд
-
Өнөөдөр2020/10/19
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно