Тод мэдээ
Улсын хоёрдугаар төв эмнэлэг дэргэдээ хүүхдийн цэцэрлэгтэй боллоо

Эрүүл мэндийн салбарын түүхт 100 жилийн ой, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн 90 жилийн ойг угтан эмч, ажилчдын нийгмийн асуудал тэр дундаа хүүхдийн ирээдүйн хөгжил, боловсролд хөрөнгө оруулалт хийж, 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлж Эрүүл мэндийн салбартаа Анхдагч болж байна.
Цэцэрлэгийн нээлтэд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Ерөнхий захирал Я.Амаржаргал болон эмнэлгийн удирдлага, хамт олон, 50-р цэцэрлэгийн багш, ажилчдын төлөөлөл оролцлоо.
“Айвико” ХХК, “Дэвжих ган харш” ХХК-ууд нийгмийн хариуцлагын хүрээнд 1971 онд эмнэлгийн захиргааны зориулалтаар ашиглалтад орсон тус барилгыг хүүхдийн цэцэрлэгийн стандартад нийцүүлэн засварлаж хүлээлгэн өгсөнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн нийт хамт олноос талархал илэрхийлье гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан 192 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Тээврийн прокурорын газраас 2024 онд зам тээврийн ослын 224 эрүүгийн хэрэгт Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т заасны дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 412 сая төгрөгийн төлбөрийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж” бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан 192 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Үүнээс 135 хэрэгт Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 230.3 сая төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн.
Шүүхээр шийдвэрлэсэн хэргээс “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан 97, хүнд хохирол учруулсан 35, хүний амь нас хохироосон 3 хэрэг байна.
Тээврийн прокурорын газраас 2025 оны эхний 5 сарын байдлаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж, эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлсэн хэргийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31.8 хувиар, шийдвэрлүүлсэн хохирлын хэмжээ 26.7 хувиар тус тус өссөн дүнтэй байна.
Тод мэдээ
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 106 гомдол, мэдээллийг шалгав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 5 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 106 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 73 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 903 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 17 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 868 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 6 мэдэгдэл хүргүүлэв гэж АТГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
ГИХГ: 2025 оны байдлаар виз, визийн зөвшөөрөл олголт 98.1 хувьтай байна
Гадаадын иргэн, харьяатын газар нь 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 25,582 виз, визийн зөвшөөрлийн хүсэлт хүлээн авснаас 98.1 хувь буюу 25094 иргэнд виз, визийн зөвшөөрөл олгож, 1.9 хувь буюу 488 иргэнд виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзжээ.
Түүнчлэн Засгийн газрын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт”-д багтсан 99 улсын иргэдэд дөрвөн ангиллын цахим виз олгож байгаа бөгөөд энэ оны байдлаар цахим виз олголт 87.1 хувьтай байна. Тодруулбал, Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Evisa.mn цахим системээр нийт 19,434 хүсэлт хүлээн авснаас 53 орны 16930 иргэнд цахим виз олгож, 2282 иргэний хүсэлтэд татгалзав. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад цахим виз олголт 0.44 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Цахим виз олгосон гадаадын иргэдийг улсаар нь авч үзвэл:
- БНХАУ 15135,
- Тайвань 710,
- БНЭУ 427,
- БНСУ 352,
- бусад улсын 306 иргэн байна.
Виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан хүсэлтийн дийлэнх нь шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөөгүй, эрх бүхий байгууллагын бичгээр ирүүлсэн саналыг харгалзсан, мөн уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна гэж ГИХГ-аас мэдээллээ.