Тод мэдээ
Авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн хэмжээнд өдөр тутам 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд замын ачаалал хэт ихсэж, түгжрэл үүссэнээр иргэдийг бухимдуулдаг. Эдгээр асуудлыг зохицуулах, холбогдох арга хэмжээг авах зорилгоор 2021 оны зургаадугаар сарын 22-нд Нийслэлийн Засаг даргын А/491 дүгээр захирамж гарч, Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Уг Ажлын хэсэг "Замын хөдөлгөөн, тээврийн ухаалаг систем"-ийг нэвтрүүлэхээр тооцоо, судалгаа хийж байгаа юм. Тус судалгаа нь нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд болон замын хөдөлгөөнд оролцогч талуудын харилцан уялдаа холбоог хангах, мэдээлэл солилцох чадварыг технологийн тусламжтайгаар сайжруулах зорилготой. Түүнчлэн чиг үүргийн байгууллагуудын үндсэн үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлийг нэвтрүүлж, цаг хугацаа, зардал хэмнэх, тээврийн хэрэгслийн тоон өсөлтөөс хамааран гарах сөрөг үр дагавруудыг зохицуулах, тээврийн хэрэгслийн бүртгэлийн автоматжуулалт, хиймэл оюун ухаанд суурилан удирдаж, хянахаар зорьж байна.
Ажлын хэсгийн гишүүд аравдугаар сарын 18-нд ээлжит тавдугаар хуралдаанаа хийж, дээрх системийн дэд систем болох “RFID бүртгэлийн систем”-ийг нэвтрүүлэх талаар хэлэлцлээ. Ингэснээр нийслэлийн 161 цэгт буюу Улаанбаатар хотын авто замын уулзварууд болон шалган нэвтрүүлэх товчоон дээр RFID уншигч төхөөрөмжийг суурилуулах ажлыг зохион байгуулах юм. Үүнээс урьтаж "Авто замын хөдөлгөөн зохицуулалт, төлөвлөлтийн систем"-тэй холбоход шаардлагатай тооцоо, судалгааг хийж, ачаалал өндөртэй зарим цэгт хийсэн туршилтын ажлын талаар санал солилцож, холбогдох арга хэмжээг шат дараатай авч ажиллахаар тохиролцлоо.
НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР
Тод мэдээ
Мэдэгдэл

Тод мэдээ
Хүннү хотын 127.4 км авто замын бүтээн байгуулалт 30 хувьтай үргэлжилж байна
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор “Хүннү” хотыг Богд хан уулын өвөрт, Хөшигийн хөндийд төлөвлөсөн.
Энэхүү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд байрших бөгөөд нийт 150,000 хүн ам, 80,000 орчим ажлын байр, 10.5 сая м.кв барилгажих талбайтай байх юм.
Хүннү хотод төрийн байгууллагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр ложистикийн нэгдсэн төв зэрэг олон чиг үүрэг бүхий шинэ төв болгохоор төлөвлөсөн бөгөөд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй “Ногоон” хот болох юм.
Хүннү хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төслийн дагуу 2022 оноос хойш хотын дэд бүтцийн эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж, цахилгаан хангамж 86%, ус хангамж 80%, үерийн хамгаалалтын суваг 75%, мэдээлэл холбооны сүлжээ 65%, ариутгах татуурга 10%, дулаан хангамж 10 % -ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 127,4 км зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд замын ажлын зураг төсвийг “ХЗТ автозам” ХХК гүйцэтгэж байна.
Нийт 127,4 км замаас эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6км, олон нийтийн төвд 6,4км, хотын төв засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна.