Тод мэдээ
“Шар дарцаг” аянд нэгдэхийг уриалж байна

НЗДТГ, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Боловсролын газар, Тээврийн цагдаагийн албанаас хамтран “Шар дарцаг” аяны талаар мэдээлэл хийлээ. Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжаар “Шар дарцаг” аяныг нийслэлийн хэмжээнд нэг сарын хугацаатай өрнүүлэх юм.
Тус аян нь ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарахдаа дарцаг өргөж гарах дадал хэвшлийг суулгах, замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход чиглэсэн юм. Түүнчлэн аяны хүрээнд шар дарцаг хэрэглэх таван алхамт үйлдлийн зурган болон бичгэн заавар, замын хөдөлгөөнд оролцох 10 алтан дүрмийг сургууль, цэцэрлэгүүдэд хүргэжээ.
Шар дарцгийг гэрлэн дохиогүй гарцны хажууд байрлуулснаар зам гарах гэж буй хүн дарцгийг авч, машин руу дохио өгнө. Гарцаар гарсны дараа шар дарцгийг зориулалтын саванд буцааж хийх юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн гэрлэн дохиогүй 45 гарцад шар дарцгийг байрлуулжээ.
НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай “Шар дарцаг” аяныг хэрэгжүүлснээр ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зам, тээврийн осолд өртөх эрсдэл буурна гэж тооцож байгаа. Иймд нийгмийн хариуцлагын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч нарыг тус аянд идэвхтэй оролцож, үлгэр дуурайлал үзүүлэхийг уриалж байна” хэмээв.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат “Энэ оны эхний 10 сарын байдлаар хүүхэд өртсөн зам тээврийн осол улсын хэмжээнд 371 гарч, улмаар 40 хүүхэд амиа алдсан. Нийт осол хэргийн 193 нь Улаанбаатар хотод гарсан тоон мэдээлэл байна. Энэ оны эхний 10 сарыг өнгөрсөн оны 10 сартай харьцуулж үзэхэд, осол нийслэлд 30 гаруй хувь буурсан үзүүлэлт гарсан. Долоо хоногт нийслэлд дунджаар 25 хүүхэд зам, тээврийн осолд өртөж байна. Тус аян эцэг эхчүүд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, жолооч, төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэй хүүхдийг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн” хэмээн ярилаа.
Нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Г.Мөнхбилэг “2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд 340 мянган хүүхэд, цэцэрлэгт 84 мянган хүүхэд хамрагдсан. Өөрөөр хэлбэл, нийслэлд гурван хүн тутмын нэг нь хүүхэд байна. Шар дарцаг хэрэглэх таван алхамт заавар, замын хөдөлгөөнд оролцох 10 алтан дүрмийг мөрдсөнөөр хүүхэд, багачууд зам, тээврийн осолд өртөх магадлал 30 болон түүнээс дээш хувиар буурах боломжтой” гэв.
Тод мэдээ
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны долоодугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Б.Уянга, Г.Хосбаяр нар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.
Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд:
- Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага нь тухайн байгууллагын судалгааны үндсэн чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх тухай зохицуулалтыг тусгасан.
- Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэдлэгийн дата төв байгуулж, ил тод байлгах зохицуулалтыг тусгасан. Үүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42-р зүйлийн 42.2 буюу захиалагчийн эрх үүрэгт судалгааны ажлыг ил тод байлгах үүргийг тусгах байдлаар, ингэхдээ энэхүү үүргээ ШУТ сангийн цахим хуудаст байршуулах, шинээр MORI платформ үүсгэх, tendergov.mn сайтад байршуулах, эсхүл www.sudalgaa.gov.mn үндэсний судалгааны нэгдсэн платформд байршуулах замаар шилэн болгох зохицуулалтыг тусгажээ.
- Хуулийн 18-р зүйлийн 18.2.2-ийг “Дээд боловсролын тухай хуулийн 4.1.4-т заасан судалгааны их сургууль” гэж өөрчилсөн.
- Хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгээс “Үндэсний хорооны тогтоол, зөвлөмжийг үндэслэн” гэсэн агуулгыг хасах тухай заалтыг оруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алдсан гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар иргэн “Б” нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.
Сурагчдын зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг унадаг дугуй, суррон, скүүтэртэй Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Тод мэдээ
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ
Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 5050 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.
Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг хүслээ.
-
Өнөөдөр2021/12/30
УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Тод мэдээ2024/12/11
Эрдэнэс Тавантолгой” ХК баяжуулсан нүүрсний тээвэрлэлтээ эхлүүллээ
-
Тод мэдээ2023/11/24
Түр хамгаалах байрны барилга угсралт, явцын талаар мэдээлэл сонслоо
-
Тод мэдээ2022/08/29
“НОМИН Холдинг” ХХК “Speed 130” урамшуулалт хөтөлбөр үрг...