Дэлхий нийтээр..
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн төслийг өргөн барих үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод Улсын Их Хурлын чуулган дээр хэлсэн үгэндээ дэвшүүлсэн 4 үндсэн зорилтын нэг нь Шударга ёс, цахим засаглал тогтоох тухай асуудал байсан. Энэ хүрээнд цахим засаглалыг хөгжүүлэх замаар авлигатай тэмцэх, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг шалгах, мэдээлэгчийг хамгаалахад хяналт тавих бололцоо бүрдүүлэх, төрийн хүнд суртлыг халах асуудлаар Засгийн газраас сүүлийн 6 сард ихээхэн идэвхтэй ажиллаж байна. Авлигатай тэмцэх эрх зүйн орчныг сайжруулах нь энэ ажлын нэг үндсэн чиглэл юм. “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас авлигын эсрэг эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Тиймээс Засгийн газар энэ хуулийн төслийг боловсруулж, өргөн барьж байна. Бид Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Зөвшөөрлийн тухай, Улс төрийн намуудын тухай зэрэг хуулийн төслүүд, авлига, албан тушаалын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах, төрийн өмчийн засаглалыг сайжруулах чиглэлээр эрх зүйн шинэ орчин бүрдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд удахгүй Улсын Их Хуралд өргөн барихаар төлөвлөж байна” гэв.

Тэрбээр “Засгийн газар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг цар тахлын эрсдэлийг даван туулах арга хэмжээтэй адил түвшинд авч үзэж, онцгой анхаарлаа хандуулж байна” гэсэн юм.
Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өш хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл нь 5 бүлэг, 22 зүйлтэй.
Хуулийн төслийн зорилт нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэж байгаа аж.
Хуулийн төсөлд:
-шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаанд баримтлах зарчим;
-шүгэл үлээх үйл ажиллагааны үндсэн зорилго;
-шүгэл үлээх хэлбэр;
-шүгэл үлээгчийн мэдээллийг хянан шийдвэрлэх процесс;

-шүгэл үлээгчийн баталгаа буюу хувь хүний нууцын хамгаалалт, аюулгүй байдал;
-шүгэл үлээгч эрхээ хэрэгжүүлэх явцад өөрөө болон түүний хамаарал бүхий этгээд бусдын өс хонзон, ялгаварлан гадуурхалт, хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй аливаа хэлбэрийн цээрлүүлэлтээс ангид байх зарчим;
-шүгэл үлээгчид үзүүлэх хамгаалалтын арга хэлбэр, түүнийг дэмжих талаар хэрэгжүүлэх арга хэмжээ;
-шүгэл үлээгчийг дэмжих, урамшуулах тогтолцоо, түүнд олгох мөнгөн урамшуулал, нөхөн төлбөрийн хэмжээ зэрэг зохицуулалтууд туссан байна.
Шүгэл үлээх үйл ажиллагаатай холбогдуулан гарах санхүүжилтийг боломжит бага зардлаар бүрдүүлэхийн тулд авлига, ашиг сонирхол, эрүүл мэнд, байгаль орчин, хэрэглэгчийн эрх ашиг, шударга өрсөлдөөний тухай холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэмт хэрэгт оногдуулсан торгох шийтгэлийг биелүүлж, төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөр бүрдүүлэхээр тооцжээ.
Монгол Улс Нэгдсэн Үндэсний байгууллагын Авлигын эсрэг конвенцид 2005 онд нэгдэн орж, Улсын Их Хурлаар соёрхон баталсан. Тус конвенцын 33 дугаар зүйлд “Оролцогч улс бүр энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргийн талаарх баримт нотолгоог сайн санааны үүднээс, үндэслэлтэйгээр эрх бүхий байгууллагад мэдээлж буй этгээдийг аливаа шударга бус хандлагаас хамгаалах арга хэмжээг өөрийн дотоодын эрх зүйн тогтолцоонд нэвтрүүлэх асуудлыг авч үзнэ” гэсэн байдаг. Энэ бол Монгол Улс гишүүн орны хувьд мэдээлэгч, илчлэгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүргийг дэлхий нийт, олон улсын байгууллагын өмнө хүлээж байна гэсэн үг юм.

Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Үйл явдал2021/07/28
Өнөөдөр Улаанбаатарт дархлаажуулалтын 18 цэг ажиллана
-
Үйл явдал2020/11/24
“COVID-19”-ын нөхцөл байдлын хэвлэлийн бага хурал /2020.11.24-ний 11...
-
Дэлхий нийтээр..2023/06/30
Элчин сайд Ричард Буанганыг хүлээж авч уулзлаа
-
Дэлхий нийтээр..2025/09/02
Европын холбоо Украинд цэрэг илгээх төлөвлөгөө боловсруулж байна
