Тод индэр
Д.Сумъяабазар: Сайхан нийгэм, сайхан хот цогцлоохын төлөө бидний үеийнхэн зүтгэхээс аргагүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар албан тушаалдаа томилогдоод нэг жил гаруй болж байна. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилго, зорилтын талаар ярилцлаа.
-Нийслэлийн Засаг даргын албанд томилогдсоноос хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ. Эргээд дурсвал хийж, хэрэгжүүлсэн ажил олон байгаа нь дамжиггүй. Тэр олон дундаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар батлуулсныг онцолмоор байна. Уг хууль хэрэгжиж эхлэхэд сар гаруйн хугацаа үлдлээ. Энэхүү хууль хэрэгжсэнээр нийслэлийн ямар асуудлууд шийдэгдэх боломж бүрдсэн бэ?
-2020 оны шат шатны сонгуулиар бид нийслэл Улаанбаатар хотын 1.5 сая гаруй иргэний итгэл, дэмжлэгийг аваад ажиллаж байгаа. Тэгэхээр мөрийн хөтөлбөрийн биелэлт чухал. Нөгөөтээгүүр тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхээр урт, дунд, богино хугацааны төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд шийдэгдээгүй олон асуудал хуримтлагджээ. Улаанбаатар хотын төсөв санхүүг удирдахдаа өрийн удирдлагын менежментийн баггүй ажиллаж ирсэн байх жишээтэй. Өрийн удирдлагын менежментээ зөв хийхгүйгээр хөрөнгө оруулалтыг зөв зүйтэй зохицуулна гэдэг амаргүй. Өр зээлийн асуудал ч нэлээдгүй бий. Гэхдээ тэрийг орхиё.
Өнгөрсөн 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр би УИХ-ын гишүүний сонгуульт ажлаа өгөөд хот гэдэг их айлд ирж байсан. Амаргүй хүнд албанд ирж байгаагаа мэдэж байсан. Гэхдээ ард иргэдийнхээ өмнө амласан амлалт, нийслэлийн МАН-ын хорооны даргын хувьд чадах ёстой гэсэн итгэлээр хотод ирсэн юм. Хотод ужгирсан олон асуудлыг шийдвэрлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тэр дундаа дэлхий нийтэд түгшүүр зарласан “Ковид-19” цар тахлын халдвар манай улсыг тойрохгүй гэж тооцоолж байсан ч ажил авснаас хойш 14 хоногийн дараа хүндрэл учирч эхэлнэ гэж хараахан тооцоогүй. Гэхдээ бэрхшээл хүнийг хатуужуулж, хэрсүү болгож, хөгжүүлж, чадавхжуулдаг, туршлага дадлага суулгаж байдаг. “Ковид-19”-ийн хөл хорио иргэдэд бухимдал, аж ахуйн нэгжүүдэд хөл хорионоос үүдсэн бэрхшээлийг авчирсан ч тэр бүхнийг үе шаттайгаар даван туулж байна даа.
Энэ бүхний хажуугаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар батлуулж чадсан. Үе үеийн хотын удирдлагууд хуулиа шинэчлэх гэж хичээж, хотоо хөгжүүлэх гэж өөр өөрийн арга барилаар ажиллаж ирсэн нь мэдээж. Илүү далайцтай, илүү өргөн хүрээнд ажиллая гэж манай багийнхан зориглосон. Ингэхийн тулд төсөв санхүү, эдийн засгийн хувьд бие дааж байж үр дүнд хүрнэ гэж тооцоолсон. Тиймээс ч УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүнтэйгээ зөвшилцөж байж хуулиа шинэчилсэн. Энэхүү хууль батлагдсанаар гурван үндсэн дэвшил авчирч байгаа. Нэгдүгээрт, эдийн засгийн бие даасан байдал бий болох үндэс тавигдсан, хоёрдугаарт, эрх зүйн чадамжтай хот болсон, гуравдугаарт, засаг захиргааны реформ хийх суурь нөхцөл бүрдсэн. Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-ний 146 дугаар тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийн орлогыг буцаагаад хотын хөгжил дэвшилд, тодруулбал, түгжрэл бууруулах, төвлөрөл сааруулах, дагуул хотын бүтээн байгуулалтад зориулахаар шийдвэрлэсэн. Энэ бол Улаанбаатарыг нэг төвт хотоос олон төвт хот болохыг дэмжсэн түүхэн шийдвэр байсан. Тэрхүү тогтоолын дагуу боловсруулсан төлөвлөгөөгөө өчигдөр Засгийн газарт танилцууллаа. Нийт есөн бүлэг ажлаа танилцуулж, батлуулахад бэлэн болгоод байна.
420 тэрбум төгрөг гэдэг бол төсөвт их мөнгө. Гэхдээ том бүтээн байгуулалт хийхийн тулд бид олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллана. Олон улсын санхүүгийн корпорац, Европын сэргээн босголт, хөгжлийн банк Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, манай улсын Хөгжлийн банк зэрэг байгууллагууд Улаанбаатар хотын хөгжлийг дэмжье гэдгээ илэрхийлсэн. Энэ бүхнээс манай хотод хөрөнгө оруулалт, урт хугацааны зээлийн эх үүсвэр бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.
-Өчигдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан есөн багц төлөвлөгөөний талаар ярилцъя. Танилцуулсан ажлуудыг хэзээнээс хийх вэ?
-Монгол Улсын Ерөнхий сайд Улаанбаатар хотын хөгжлийг дэмжинэ гэдгээ удаа дараа хэлсэн. Залуу, эрч хүчтэй Ерөнхий сайдын хувьд асуудалд зоримог хандаж байгаад талархалтай байгаа. 2022-2024 оны хооронд Улаанбаатар хотод улсын төсвийн хүрээнд хийх ажлууд нь хотын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулахад чиглэгдэх юм. Есөн бүлэг ажил байна. Эхний ээлжид авто замын сүлжээн дэх гудамж, замуудыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Зарим дутуу ажлууд байна. Түүнийг гүйцээж, зургаан байршилд 21.5 км авто замыг өргөтгөж барих ажлыг 2022 онд хийнэ. Түүнчлэн бусад эх үүсвэр, хөрөнгө оруулалтаар хурдны зам барина. Одоогоор урьдчилсан ТЭЗҮ хийсэн 71.5 км хурдны зам нь дэд төвүүдийг холбосон зам байх юм. Хөндлөн болон хэвтээ тэнхлэгт 70.5 км зам мөн нэмнэ. Босоо тэнхлэгт 82.4 км замыг тавихаар төлөвлөөд байгаа.
Хурдны зам Улаанбаатар хотын гэр хороолол дундуур тавигдах учир газар чөлөөлөлтийн асуудал тулгамдана. Тиймээс би Хотын даргын хувьд иргэдээсээ газар чөлөөлөлтөд хотынхоо бүтээн байгуулалтыг дэмжиж байна гэдэг утгаараа идэвхтэй сайхан оролцоод өгөөсэй гэж хүсэх байна. Зам тавигдана гэдэг, тэр дундаа хурдны замтай болно гэдэг бол гэр хорооллын иргэдийн амьдралын чанарт эерэг өөрчлөлт авчирч, эдийн засгийн эргэлт бий болгоно.
-Газар чөлөөлөлтийн нөхөн олговрыг тооцоолж, төсөвт тооцсон уу?
-Эхний ээлжид хийж гүйцэтгэх зургаан байршилд газар чөлөөлөлтөд 499 нэгж талбарт 169.5 тэрбум төгрөгийн эх үүсвэр тавихаар тооцсон. Төсөв маань НИТХ-аар хэлэлцэгдэж батлагдана.
-Хотын түгжрэл нь цаг хугацаа, эдийн засгийн алдагдал дагуулдаг. Тиймээс ч хамгийн түрүүнд анхаарал татаж буй биз ээ?
-Тэгэлгүй яах вэ. Бид бүхэн түгжрэлээс үүдэлтэй хийх ажлаа цаг хугацаанд нь хийж чаддаггүй, эдийн засгийн бэрхшээлтэй учирдаг гэхчлэн асуудлууд байгаа. Энэ бүхнийг цогцоор нь шийдэхийн тулд зөвхөн зам барих бус, нийтийн тээврийн парк шинэчлэлт, уулзварын оновчтой зохицуулалтууд, гүүрэн байгууламжууд, цахилгаан дугуй, тулгуур баганат нийтийн тээвэр гэхчлэн олон зорилтыг тавин ажиллаж байна.
-Нийтийн тээврийн парк шинэчлэлт анхаарал татаж байна. Энэ онд 530 автобусны ашиглалтын хугацааг сунгасан гэсэн мэдээлэл байна. Ирэх онд энэ чиглэлээр ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд зорчигч тээвэрлэж буй нийтийн тээврийн автобуснуудын 75 хувь нь ашиглалтын хугацаа дуусаж байгаа гэсэн тооцоо гарсан. Энэ бол эрсдэл дагуулж болохуйц мэдээлэл юм. Тиймээс бид ирэх онд 500 автобусны төсөв тавьж байгаа. Парк шинэчлэлтийн чиглэлд Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран ажиллахаар санал өгөөд байна.
Улаанбаатар хот бие даан бонд гаргах, концессын гэрээ байгуулах боломж 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс нээгдэнэ.
-Метро байгуулах тухай олон жилийн өмнөөс ярьсан. Биелээгүй өнөөг хүрсэн учир метро манай хотын хувьд үлгэр юм байна гэж хүмүүс бодох болсон. Гэтэл та баганан тулгуурт хөнгөн галт тэрэг явуулна гэж ярих болсон. Аль нь зөв шийдэл вэ?
-Метро байгуулах судалгааг ЖАЙКА, Азийн хөгжлийн банкнаас хийж байсан. Олон жил судлуулсан даа, ер нь. Токио хот болон бусад өндөр хөгжилтэй орнууд баганан тулгуурт нийтийн тээврийг ашиглаж байна. Энэ нь метрог бодвол зардал багатайн дээр тэрхүү замыг ашиглан олон төрлийн тээврийн хэрэгсэл зорчих боломжтойгоороо онцлог. Хотын дарга нар янз бүрийн шийдэл хайж байсан. Э.Бат-Үүл дарга л гэхэд манай хотод баруунаас зүүн тийш сунаж тогтсон метро зохимжтой гэж хэлж байсан. Энэ үнэний ортой. Гэвч асар их хөрөнгө оруулалт шаардана. Хөрөнгө оруулагч нар оруулсан хөрөнгөө богино хугацаанд эргэн нөхөхийг л хүснэ. Тийм боломжийг л сонгоно. Тэр сонголт нь баганан тулгуурт буюу газар дээгүүр зорчих нийтийн тээвэр болоод байгаа юм. 2022 оны гуравдугаар сарын 15 гэхэд бэлтгэл ажлыг хангаад, дөрөвдүгээр сарын дунд үеэс хойш газар шорооны ажлаа эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Хөнгөн галт тэрэгний бүтээн байгуулалтын зардал төсөвт тусгагдсан уу. Метроны төсөл шиг цаасан дээр үлдэх вий гэсэн болгоомжлол байна?
-Баганан тулгуурт хөнгөн галт тэрэг буюу LRT барьж байгуулах хөрөнгө улсын болон нийслэлийн төсөвт бол суугаагүй. Бусад эх үүсвэрээр буюу концессын гэрээгээр барьж байгуулах судалгаа хийсэн. Урьдчилсан тооцооллоор 1.3 их наяд орчим төгрөгийн эх үүсвэр гарахаар байгаа. Тиймээс эхний ээлжид нийт төсвийн 10 хувь буюу 130 тэрбум төгрөгийг босгох чиглэлтэй ажиллаж байна. Үүнийг бид заавал хийх ёстой. Монгол хүний ур чадварыг дайчлахаас гадна гадаадаас зөвлөхүүд авч ажиллуулна. ТЭЗҮ-ийг энэ оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд урьдчилсан байдлаар эцэслэн гаргана.
-Богдхан төмөр замд нийслэл ямар оролцоотой байгаа вэ?
-Богдхан төмөр зам бол Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад багагүй нөлөөтэй гэж үзэж байгаа. Хотын төвөөр зорчиж буй ачаа тээврийн машинууд түгжрэлд нэлээд нөлөөтэй. Төмөр зам дагасан захуудад түгжрэл их байдаг. Тэгэхээр Богдхан төмөр зам бол асуудал шийдэх нэг гарц. Тиймээс төмөр зам барьж байгуулах газар чөлөөлөлтөд зориулж 30 тэрбум төгрөгийг 2022 оны төсөвт тавьсан.
-Замын хөдөлгөөнд ухаалаг систем ашиглана. Тэрхүү системд иргэд хэрхэн оролцох вэ?
-Ухаалаг Улаанбаатар буюу Смарт хот болоход Засгийн газартайгаа хамтарч хийх ажил олон бий. УИХ дээр ч зарим нэгэн хуулийн зохицуулалтыг оруулна. Нийтийн тээврийн парк шинэчлэлтээ замын хөдөлгөөний ухаалаг удирдлагатай зэрэгцүүлэн хөгжүүлэх юм. Ингэхийн тулд дата центр зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Улаанбаатарт зорчиж буй 615 мянган тээврийн хэрэгслийн бүртгэл хүн тус бүрээр гарна. Хиймэл оюун ухаанд суурилсан хөдөлгөөний зохицуулалтыг нэвтрүүлэхдээ авто зогсоолыг ч хамтад нь шинэчлэх юм. Бага тойрогт л гэхэд 2300 машины авто зогсоолыг ухаалаг системд оруулна. “RFID” системийг хэрэгжүүлэхэд 43.2 тэрбум төгрөг буюу нийт өртгийн гурван хувийг тооцож байгаа.
-Том зургаар харвал хот төлөвлөлттэй холбоотойгоор хотын асуудал үүсдэг юм болов уу гэж санагддаг. Архитектур, төлөвлөлтгүй сондгой барилга, байшин олноор барьснаас хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхөөс гадна замын түгжрэл ч үүнээс шалтгаалж байх шиг?
-Бид хурдтай ажиллах ёстой. Боломжгүй зүйл гэж байхгүй. Гарц, шийдлээ хурдан хугацаанд олох хэрэгтэй байгаа. Иргэдийг бухимдуулж буй олон асуудлыг нэг амьсгаагаар нэг дор шийднэ гэж амлахгүй. Тодорхой цаг хугацаа, хүн хүч шаардана. Гэхдээ энэ бүхний эхлэлийг тавихад эрх зүйн шинэчлэл тусална. Шинэ хот, шинэ амьдрал бий болгоход шинэчилсэн хууль тусална.
Бидний үр хүүхэд ухаалаг, эко, дижитал Улаанбаатарт амьдраасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа. Иргэд нь стресс багатай, ажил орлоготой. Тийм амьдралыг авчрахын тулд бидний үеийнхэн зүтгэхээс аргагүй. Дэлхийн хотуудын түүх ч тийм. Нэг хэсэг үеийнхний хичээл зүтгэлээр сайхан нийгэм цогцолдог. Тиймээс суурь өөрчлөлтүүдийг хийж байгаа. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хуульд суусан дүрэм, стандарттай болж байгаа. Хуулиар зохицуулж болохгүй харилцааг дүрмээр зохицуулна.
Нөгөөтээгүүр та асуултдаа архитектур, төлөвлөлтгүй ганц нэг сондгой барилга байшин барьж байна гэлээ. Энэ бол стандартгүйн балаг. Монгол Улсад нийтдээ 6602 стандарт байдаг. Үүний 40 хувь нь хуучирсан. Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яамд стандартаа шинэчлэх ёстой. Бодлогын түвшинд шинэчлэлт хийж байж үр дүнд хүрнэ.
-Монгол Улс 600 гаруй хууль, 6600 гаруй стандарттай юм байна. Хэрэгжүүлж чадвал хангалттай бодлого санагдаж байна. Эдгээрийг биелүүлдэг хандлага, соёл, хүмүүжил хаана алдагдаад байна вэ?
-Нийслэл Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, тун удахгүй НИТХ-аар хэлэлцүүлэх гэж байна. Энэхүү бодлогын баримт бичгээр олон зүйлс шийдэгдэнэ. Ганц жишээ хэлэхэд, цаашид барилга барих аж ахуйн нэгжүүд сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, зогсоолын асуудлыг шийдээгүй бол барилга бариулахгүй.
Улаанбаатар хотын суурин амьдрал 1779 онд эхэлсэн гэж үздэг юм билээ. Өнгөрсөн 200 гаруй жилд 1.5 сая гаруй хүн амтай байсан нь үгүй. Тиймээс хотжих соёлыг иргэддээ суулгаж, харилцан бие биеэ хүндэтгэж, хамтран амьдрах, ая тухтай аж төрөх ёсонд суралцах нь чухал байна.
Тод индэр
Б.Бат-Эрдэнэ: Бидний хувьд роботоо найдвартай ажиллах байдал дээр нэлээд анхаарч ажилласан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор "РОБОКОН 2025" Олон улсын роботын тэмцээн 2025 оны наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэ тэмцээн Монгол Улсаас хоёр баг оролцож байгаа. Багуудын бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа талаар ШУТИС-ийн МХТС-ийн Электроникийн тэнхмийн багш Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
“ABU Робокон 2025 ” олон улсын тэмцээн удахгүй болох гэж байна. Энэ тэмцээнд оролцох багууд бэлтгэлээ хэр хангаж байна бэ?
-Үндэсний аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцсон. Олон улсын тэмцээнд гаднын томоохон улс орны аваргууд оролцох учраас догдлол, бага зэргийн айдастай байна. Туршилтын роботуудаар бэлтгэлээ боломжийн хангаж байна.
-Энэ удаагийн тэмцээнд 14 орны баг оролцож байгаа. Өрсөлдөгч багуудаа хэр судалсан бэ?
-Бид Япон улсын Робокон тэмцээнийг очиж үзсэн. Япон багууд бол үнэхээр сайн юм байна лээ. Мөн Тайланд, Хонконг, Вьетнам улсын үндэсний тэмцээний бичлэгийг үзсэн. Эдгээр улсын багуудын тоглолтын стратегийн талаар ерөнхий ойлголтыг авсан. Бид хэрхэн тоглох стратеги төлөвлөгөө гаргаж, бэлтгэлээ хийж байна. Олон улсын тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа учраас оролцогч оюутнуудын маань хувьд нутгийн тэнгэр ивээнэ гэдэгт итгэж байна. Бидний хувьд роботоо найдвартай ажиллах байдал дээр нэлээд анхаарч ажилласан.
-Тоглолтын үед техникийн саатал гэмтэл гарахыг үгүйсгэхгүй. Техникийн бүрэн бүтэн байдлаа хэр хангаж байна?
-Тоглолтын үед гарч болох томоохон эвдрэл, гэмтэл саатлаа гаргахаас урьдчилан сэргийлэх сэлбэг хэрэгслээ бэлдэн ажиллаж байна.
-Энэ жилийн тэмцээний онцлог нь сагс бөмбөг учраас хөдөлгөөн шидэлт нэлээд их хийгдэнэ?
-Үндэсний тэмцээн болон бусад орны тэмцээнүүдийг харахад Роботуудын эвдрэл их ажиглагдаж байна. Залах үед, хурдтай явж байгаад мөргөлдөх үед эвдрэл гэмтэл гарах тохиолдол ажиглагдаж байна.
- Роботод бүтээх явцад хүндрэлтэй зүйл гарч байсан уу. Роботоо бүтээхэд хэр их хугацаа зарцуулсан бэ?
-Үндэсний роботын тэмцээнд оролцох бэлтгэлээ есөн сараас эхэлж хангасан. Роботуудаа 11 дүгээр сараас хойш эхлэн бүтээж 7-8 төрлийн робот бүтээн туршсан. Робот бүтээж туршиж үед бидний хүссэн үр дүнд хүрэхгүй тохиолдолд дараа санаагаа хэрэгжүүлж ажилласан. Үндэсний аваргад оролцохдоо 7-8 робот бүтээж туршсан бол олон улсын тэмцээнд зориулж 10 орчим робот бүтээж туршсан байна. Олон улсын багууд маш хурдтай хүчтэй, технологийн шийдэл нь сайн зүйлүүд ажиглагдаж байгаа. Бид ч гэсэн дутахгүй өрсөлдөнө гэж төлөвлөж байна.
-Роботоо бүтээхдээ тоног төхөөрөмжөө яаж шийддэг бэ?
-Оюутнууд өөрсдийн роботын бүтээж байгаа учраас багш нараас зөвлөгөө авч роботын шийдлээ өөрсдөө олж бүтээдэг. Манай сургууль электроник програмчлалын сургууль учир роботын механик шийдлийг бүтээж туршихад хугацаа их зарцуулдаг. Сүүлийн жилүүдэд “Робот ба Хиймэл оюун ухаан” механик, электроник, хиймэл оюун ухаан нийлсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй учир энэ дутагдлыг нөхөж чадаж байгаа гэж үзэж байна. Робот бүтээхэд хөрөнгө санхүүгийн зардал мөш их гардаг. Зарим тохиолдолд үүнээс үүдэн рбоботын шийдлээ турших боломжгүй тохиолдол ч байдаг. Нэг, хоёрдугаар курсийн оюутнуудын хувьд дөнгөж мэргэжлийнхээ хичээлтэй танилцаж байгаа учраас роботуудаа хялбар, энгийн шийдлээр бүтээсэн. Үндэсний аварга шалгаруулах тэмцээний роботоо сайжруулаад оролцож байна. Харин нөгөө баг маань 3-4 курсийн оюутнууд байгаа учраас ахисан түвшний шийдлүүдийг роботууддаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
-Өрсөлдөгч багтай тоглох тактикаа боловсруулж байгаа биз дээ?
-Тодорхой хэмжээнд боловсруулж байна. Япон улсын роботод тохолт хийдэг. Бидний хувьд тохолт гэхээс илүүтэй шидэлтүүд дээр анхаарч тоглоно. Мөн хамгаалалтаа сайн хийж тоглоно. Тухайн үед тоглолт явц хэрхэн өөрчлөгдөхийг таашгүй. Амжилт гаргахын төлөө хичээнэ дээ. Алдаа бага гаргаж хугацаа сайн тооцоолох, багийн гишүүд хоорондоо сайн ойлголцож, тоглох ёстой. Өмнө зохион байгуулагдаж байсан робокон тэмцээнд спортын чиглэл байгаагүй. Талбай дээр уралдаж, янз бүрийн зүйлийг байрлуулдаг байсан. Энэ жилийн тэмцээний хувьд спортын чиглэл, хоорондоо хөдөлгөөн хийж тоглох учраас нэлээд өвөрмөц болно. Бидний хувьд өөрсдөө сагс тоглож үзээд роботын хөдөлгөөн ийм байх ёстой гэдэг тооцооллоо хүртэл гаргаж байгаа.
-Тоглолтын хугацаа ямар байх вэ?
-Тоглолтын хугацаа 2 минут 40 секунд, нэг удаагийн довтлогын хугацаа 20 секунд байдаг Бидний хувьд 4-5 удаагийн довтолгоондоо нэлээд сайн оноо цуглуулахаар хичээж байна.
-Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн хоёр баг амжилттай оролцож тэргүүлсэн?
-Нэг, хоёрдугаар курсийн оюутнуудын баг буюу “Түвшин электроник” баг тоглолтын бэлтгэлээ маш сайн хангасан. Харин нөгөө багт ахлах курсийн оюутнууд байсан. Роботын шийдлүүд нь арай өөр байсан учраас роботоо бүтээхэд их хугацаа зарцуулж тоглолтын бэлтгэлээ арай бага хийсэн нь үндэсний тэмцээний явцад ажиглагдсан.
Тод индэр
Г. Агааноров: “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR ” олон улсын тэмцээнд 13 орны 14 баг оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR ” олон улсын тэмцээн 2025 оны наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэ удаагийн тэмцээн Монгол Улсаас хоёр баг оролцож байгаа. “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын төслийн Ерөнхий продюсер Г.Агааноровтой ярилцлаа. Тэрбээр 2004 оноос “ABU Robocon” олон улсын роботын тэмцээнтэй холбогдож, өнөөг хүртэл сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна.
-Та манай уншигчдад “ABU Робокон” олон улсын роботын тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-“Робокон” тэмцээн Япон улсаас үүсэлтэй. Анх зөвхөн тухайн орны үндэсний тэмцээн байсан бол хожим Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-гоор дамжин, Ази, номхон далайн бүсийн орнуудын тэмцээн болсон түүхтэй. Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-ны гишүүн телевиз. Энэ хүрээнд тус холбооноос зохион байгуулдаг “Робокон” тэмцээнд Монгол Улсын баг 2002 оноос оролцож эхэлсэн түүхтэй.
Манай улс “Робокон” тэмцээнд 23 жил оролцож байгаа. Олон улсын “Робокон” тэмцээнийг жил бүр гишүүн орнуудад зохион байгуулагддаг. онцлогтой. Монгол Улс “ABU Robocon” олон улсын тэмцээнийг анх 2019 онд зохион байгуулж байсан. Зургаан жилийн дараа буюу 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгууллагдаж байна.
-Энэ удаагийн тэмцээнд хэчнээн баг оролцож байгаа бэ?
“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнд Камбож, Египет, Фижи, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг, Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Монгол Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам улсын багууд оролцоно. Нийт 13 орны 14 багийн 400 гаруй оролцогчид ирнэ. Зохион байгуулагч улс давуу эрхтэйгээр хоёр баг оролцуулдаг.
Монгол Улсаас оролцож байгаа хоёр багийн хувьд 2025 оны дөрөвдүгээр сарын 24-нд болсон “Робокон” үндэсний аварга шалгаруулах тэмцээнд ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн “Түвшин Электроникс”, “HICH TECH” багууд амжилттай оролцож тэргүүн байр болон дэд байрыг эзэлж олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болсон.
-Монголд зохион байгуулагдаж буй “ABU Робокон” тэмцээн өмнөх жилүүдээс юугаараа онцлог вэ?
-“Робокон” тэмцээнийг зохион байгуулж буй улс орон дүрмээ өөрсдөө боловсруулдаг. Тэмцээний дүрмийг хоёр жилийн хугацаанд Токио хотын их сургуулийн доктор, МУИС-ийн багш Ө.Батбаяр боловсруулж 2024 оны наймдугаар сард Вьетнам болсон олон улсын тэмцээн дээр Монгол Улс дүрмээ танилцуулсан юм.
2019 онд анх зохион байгуулж байхдаа Монгол орны газар нутаг бүсчлэлийг харуулсан говь, хангай, тал хээр, уулын бүсэд түүх соёлыг уялдсан даалгаварыг биелүүлж байсан. Нэг зүйлийг хэлэхэд Монголчууд XIII зуунд Чингис хаан алт, мөнгөн гэрэгэг бусад орнуудад элч илгээж байсан нь өнөө цагийн гадаад паспорт, шуудан харилцааны эхлэлийг тавьж байсан. Монгол Улсын түүх соёлыг олон улсад Робоконоор дамжуулан сурталчилан танилцуулж байсан. Харин энэ жилийн тухайд дэлхийн дахинд оюутанзалуучуудын сонирхлыг маш их татаж байгаа Сагсан бөмбөгийн спортоос санаа сэдэл авч хийж байгаа. Тухайлбал, хоёр роботод стандарт сагсны шалыг бодвол арай бага буюу 15x8 харьцаатай, сагсны шийдний өндөр нь 2м 43 см болгосон. Улаан, хөх талын багууд талбай дээр сагсан бөмбөгийн дүрмээр тоглоно.
-“Робокон” тэмцээн зохион байгуулах орныг хэрхэн шалгаруулдаг юм бэ?
-Манай улсын дараа буюу 2026 онд Хонконг олон улсын Робокон тэмцээнийг зохион байгуулна. Ерөнхийдөө 2-3 жилийн өмнө саналаа өгдөг. Тухайн саналдаа тэмцээн зохион байгуулах дүрмээ боловсруулж, танилцуулдаг. Тэмцээн зохион байгуулах асуудлыг Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо шийддэг.
-Монгол Улсаа төлөөлж оролцож байгаа хоёр багийн бүрэлдэхүүн хэчнээн оюутан залуучууд багтаж байгаа бэ?
-Робокон тэмцээнд зөвхөн оюутнууд оролцдог. Нэг багт үндсэндээ гурван гишүүн, багштайгаа хамт оролцдог. Багийн туслах гишүүдтэйгээ 12-15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг юм. Бусад хөгжөөн дэмжигчээр оролцдог.
Оюутнуудын мэдлэг чадвар ур ухаан, хэр их хөдөлмөрлөж, бэлтгэл сургуулилт сайн хийж, үйлдлээ сайн гүйцэтгэсэн амжилт гаргадаг. Монголын баг үйлдлээ хурдан гүйцэтгэж олон оноо авах тал дээр илүү анхаарч, бэлтгэлээ хангаж байгаа.
Манай улсын хувьд хоёр удаа дэд байрт шалгарч байсан. Өнгөрсөн 2019 онд эх орондоо зохион байгуулахдаа дэд байр эзэлж байсан. Мөн цар тахлын үед онлайноор оролцож дэд байранд шалгарч байсан. Энэ удаа Монгол Улсын баг амжилтаа ахиулж, тэргүүн байранд орохын төлөө бэлтгэлээ хангаж байна. Энэ олон жилийн хугацаанд хамгийн их амжилт үзүүлсэн роботуудтай баг бол Вьетнам, БНХАУ, Япон улс юм.
-Тэмцээн хэзээ болох вэ?
-“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээн 2025 оны наймдугаар сарын 24- нд “Аса Арена”-д 10:00 цагт хэсгийн тоглолт эхэлнэ.
-“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, оролцож байгаа оюунтан залуучуудад мэндчилгээ дэвшүүлнэ. Тэмцээнийг МҮОНРТ шууд дамжуулна.
-Тэмцээний тоглолтын минут богино уу?
-Өнгөрсөн жилүүдэд зохион байгуулагдаж байсан тэмцээн талбай дээр хоёр зэрэг үйлдлээ гүйцэтгэдэг байсан. Хугацаан гурван минут байсан. Энэ жилийн тэмцээн сагс учраас том талбай дээр явагдаж байгаа учраас 7-10 минутын хугацаанд явагдана. Зарим тохиолдол 12 минут ч болж байгаа. Ерөнхийдөө хугацаа харилцан адилгүй байна.
-Тэмцээн эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Бэлтгэл ажил хэдэн хувь хангагдсан бэ?
-Бэлтгэл хангагдаад жигдэрч байгаа. Миний хувьд Робокон тэмцээний зохион байгуулалт дээр олон жил ажиллаж байна. Бидний хувьд 2010 оноос хойш олон улсын тэмцээн зохион байгуулна гэж ярьсаар байж 2019 онд анх удаа зохион байгуулж байсан. Энэ төслийг хэрэгжүүлэхэд оролцогч сургууль болон удирдаж оролцож байгаа багш хамгийн чухал нөлөө үзүүлдэг. Олон багшийн хүч чармайлт, хөдөлмөр зүтгэл дээр Монголын багийн амжилт бий болдог. Монголчууд оюуны асар их мэдлэгтэй. Ази, Номхон далайн орнуудын оюутан залуучуудаас дутахгүй. Ер нь энэ тэнцүү өрсөлдөх чадвартай. Робокон тэмцээний 23 жилийн хугацаанд ойролцоогоор 5000 орчим оюутан залуучууд багийн үндсэн болон туслах гишүүн оролцсон байна. Робокон тэмцээн оролцож байсан хүүхдүүд их мундаг явдаг. Онолын мэдлэг, практиктай хослуулж явуулдаг учраас оюутан залуучуудад мэдлэг ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, цагийн менежмент зэргийг хослуулж чаддагаар бусдаас давуу талтай. Робокон оролцож байсан оюутан залуучууд Оюутолгой, Эрдэнэс тавантолгой, Эрдэнэт үйлдвэр зэрэг Монголын томоохон бүтээн байгуулалтын ажилд манлайлан ажиллаж байна.
-Зохион байгуулалтын багт нийт хэдэн уран бүтээлч ажиллаж байна вэ?
-“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний зохион байгуулалт дээр МҮОНРТ-ийн уран бүтээлчид болон инженер техникийн ажилчид, сайн дурынхантай нийлээд 200 гаруй хүмүүс ажиллаж байна. Энэ жилийн тэмцээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар дэмжигчээр оролцож байгаа. Харин ерөнхий ивээн тэтгэгчээр Зуун манлай бүтээн байгуулалт Монгол Улсын Баатар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, Монголын харилцаа холбоо, мэдээллийн технологийн тэргүүлэгч “ Энгийн ухаалгаар” уриатай Мобиком оролцож байгаа. Мөн “Аса арена”, Z.com, MindTech,KSJ зэрэг компаниуд ивээн тэтгэгчээр оролцож байгаа юм.
Тод индэр
Артерийн судсаар химий тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
БНХАУ-ын Гуанжоу хотод байрлах “Modern Cancer Hospital Guangzhou” буюу Гуанжоугийн орчин үеийн хавдрын эмнэлгийн Интервенцийн эмчилгээний тасгийн эмч Бан Жун Хуатай ярилцлаа. Дэлхийн өндөр хөгжилтэй олон оронд хавдрын 18-20 төрлийн эмчилгээг санал болгодог болсон. Түүний нэг нь химийн эмчилгээ. Гэхдээ химийн эмчилгээг маш нарийн мэс заслын аргаар, хавдрын голомт руу чиглэсэн байдлаар хийдэг болоод байгаа юм.
-Та өөрийгөө танилцуулаач, хими эмчилгээний чиглэлээр хэдэн жил ажиллаж байна вэ?
-Сайн байцгаана уу, би Гуанжоугийн Орчин үеийн эмнэлгийн Интервенцийн эмчилгээний тасгийн эмч Бан Жун Хуа байна. Би энэ салбарт 25 гаруй жил ажилласан туршлагатай. Харин хавдрын Интервенцийн эмчилгээгээр сүүлийн 15 жилийн турш ажиллаж байна. Манай эмчилгээний аргыг сонгосон нийт өвчтөний тоо 20 мянгаас давсан бөгөөд хүний биеийн бүх хэсгийн хавдрын эмчилгээг хийж ирсэн. Бид олон жилийн турш хавдрын эмчилгээний чиглэлээр ажилласан туршлагатай.
-Химийн эмчилгээг нарийн судсаар биш бичил мэс заслын аргаар, артерын судсаар хийхэд сөрөг нөлөө бий юу?
-Интервенцийн эмчилгээ нь 40–60 жилийн түүхтэй. Манай эмнэлэг байгуулагдсан цагаасаа хойш энэ технологийг ашигласан байдаг. Энэ нь бүрэн боловсорсон, найдвартай эмчилгээний арга тул ямар нэг сөрөг үр дагавар байхгүй, санаа зовохгүй байж болно. Энэхүү эмчилгээ нь дүрс оношлогооны төхөөрөмжийн тусламжтайгаар удирдан чиглүүлж, зүү эсвэл катетер ашиглан хавдрын байршилд маш нарийвчлалтай хүрч очин шаардлагатай эмчилгээг хийдэг. Манай Интервенцийн эмчилгээ нь артерийн судсаар дамжин орж, хавдарт цусан хангамж өгдөг судсыг олж илрүүлээд, өндөр тунгаар хими эмийг яг тэр судас руу нь тарьж өгдөг гэдгээрээ давуу талтай.
-Эмчилгээний үр дүн нарийн судсаар химийн тариа хийж эмчилснээс илүү гэж ойлголоо. Энэ талаар та дэлгэрэнгүй тайлбарлаач?
-Артерийн судсаар дамжуулан өгөх эмийн концентраци буюу хавдар руу чиглэсэн нөлөөлөл нь венийн судсаар тарьдаг уламжлалт аргынхаас 10 дахин өндөр байдаг. Энэ нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог. Хэрвээ тухайн судсанд тохирсон нөхцөл байвал бид хавдрын цусан хангамжийг хаах эмчилгээ болох судас боох буюу эмболизаци аргыг ашиглах боломжтой. Ерөнхийдөө хавдрын эмчилгээнд эм хийх хоёр зам бий. Уламжлалт арга бол венийн судсаар хийх. Харин бид артерийн судсаар дамжуулан хийх аргыг ашигладаг юм. Артерийн судсаар хийх арга нь дараах хэд хэдэн давуу талтай.
Нэгдүгээрт, Хавдарт маш нарийн чиглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хавдрын бүсэд эмийн концентраци маш өндөр байхад, эргэн тойрон дахь эрүүл эдүүдэд эмийн концентраци харьцангуй бага байдаг. Иймээс зорилтот хэсэгт өндөр тунтай эмийн нөлөө үзүүлэх боломжтой бөгөөд энэ нь хавдрын эмчилгээнд маш их үр дүнтэй байдаг.
Хоёрдугаарт, артерийн судсаар хийх хими нь мөн бүтэн биеийн хими эмчилгээний үйлчилгээг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, венийн судсаар өгдөг уламжлалт аргын үр нөлөөг давхар үзүүлдэг гэсэн үг.
Гуравдугаарт, энэ арга нь дархлааны системд үзүүлэх сөрөг нөлөө бага, богино хугацаанд хязгаарлагддаг. Мөн артерийн аргаар хийх хими эмчилгээ нь судасны гэмтэл бараг үүсгэдэггүй. Хэрвээ гэмтэл гарсан ч гэсэн энэ нь хавдрыг тэжээж буй судсанд хамаарах тул хавдарт цусан хангамж багасах нь эмчилгээний үр дүнг сайжруулна.
Нарийн судсаар эм хийх үед ихэвчлэн гаднах, өнгөц байрлалтай судаснууд гэмтэл авах магадлалтай байдаг. Тиймээс төв судсанд гуурс тавьсны дараа эмийг хийх шаардлагатай болдог. Энэ нь мөн адил бага зэргийн инвазив буюу жижиг хэмжээний мэс ажилбар юм. Манай артерийн замаар хийх эмчилгээтэй адилхан бөгөөд үндсэн ялгаа төдийлөн байхгүй.
-Артерийн судсаар хийх хими эмчилгээг бүхий л төрлийн хорт хавдрын үед ашиглах боломжтой юу. Байрлалаасаа хамаараад хийх боломжгүй байх тохиолдол бий юу?
-Биеийн бүх хэсгийн хорт хавдарт артерийн судсаар хүрсэн тохиолдолд бид эмчилгээ хийх боломжтой байдаг нь нэг давуу талтай. Нарийн судсаар хийх эмчилгээнээс давуу талтай өөр нэг зүйлийг хэлье. Хэрвээ артерийн замаар эм хийсний дараа хэрэв тухайн үед бөглөлт хийхэд тохиромжтой судас байвал бид тэр судсуудыг боож, эмболизаци хийж чаддаг. Ингэснээр хавдрын цусны хангамжийг тасалдуулж чаддаг юм.
-Танай эмнэлэгт хийж байгаа химийн тарианы чанарын талаар та юу хэлэх вэ?
-Дэлхий даяар ашигладаг, хамгийн чанартай эмнүүдийг бид эмчилгээндээ хэрэглэдэг. Хэрэв өвчтөн шаардлагатай гэж үзвэл гадаадаас импортолсон эмийг ч хэрэглэж болно. Эсвэл Хятадад үйлдвэрлэсэн дотоодын эмийг ч ашиглаж болно. Аль аль нь чанарын баталгаатай бөгөөд ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Эдгээр эмүүд нь холбогдох зөвшөөрлийн дагуу үйлдвэрлэгдсэн бөгөөд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, эмчилгээний зориулалтаар нийлүүлэгддэг.
Гэхдээ тухайн өвчтөн бүрийн эмчилгээний төлөвлөгөө нь Хятадад ирснийх нь дараа тодорхой болдог. Бид өвчтөн бүрийн онцлогт тохируулсан, хувийн буюу индивидуалчлагдсан эмчилгээний горим боловсруулдаг. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн биеийн байдлаас шалтгаалан зөвхөн түүнд тохирсон эмчилгээний хувийн төлөвлөгөө гаргадаг юм. Эмийн чанар, технологийн дэвшил бол аль батлагдсан, боловсронгуй болсон. Өвчтөнд яаж нөлөөлөх, үр дүн гарах нь эмчийн ур чадвар, туршлагаас хамаардаг гэдгийг энд зориуд дурьдаж хэлье.
-Дэлхий дээр химийн эмчилгээтэй холбоотой шинэ аргууд ойрын үед нэвтрэх үү. Магадгүй Хятад улсад ч юм уу тийм туршилт хийж байгаа, шинэ эмчилгээ нэвтрүүлэх гэж байгаа талаар мэдээлэл байна уу?
-Шинэ төрлийн хими эмчилгээний эмүүд гарч ирж магадгүй. Гэхдээ одоогийн энэ технологи бол аль хэдийнэ батлагдсан, тогтсон арга юм. Та мэс заслыг жишээ болгож бодоход, аль хэсэгт хийх вэ гэвэл биеийн аль ч хэсэгт хийх боломжтой шүү дээ. Энэ л зарчим юм. Өөрөөр хэлбэл, шинэ төрлийн судас боох буюу бөглөх материалууд болон шинэ хими эмчилгээний эмүүд дээр голчлон судалгаа хийгдэж байна. Мэдээжийн хэрэг, энэ чиглэлд ахиц дэвшил гарна. Учир нь дэлхийн шинжлэх ухаан, технологи тасралтгүй хөгжиж байгаа учраас анагаах ухааны чиглэлийн дэвшлүүд ч мөн адил уялдаа холбоотойгоор хөгжиж байна.