Дэлхий нийтээр..
Сайжруулсан шахмал түлшний шуудайг 300 төгрөгөөр авна
“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, “Таван толгой түлш” ХХК болон холбогдох албаныхан агаарын чанарын мэдээллийг даваа гараг бүр тогтмол өгч байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын мэдээ, сайжруулсан шахмал түлштэй холбоотой мэдээллийг танилцууллаа.

Тухайлбал, хүхэрлэг хийн агууламж долоо хоногийн дунджаас багассан үзүүлэлттэй гарчээ. Өнгөрсөн долоо хоногт агаарын чанарын индекс Нэгдүгээр хороолол, Хайлааст, Толгойт, Таван буудал, Зуун айл орчимд бохирдолтой түвшинд гарсныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Түүнчлэн авто тээврийн шалган нэвтрүүлэх зургаан товчоо, хяналтын цэгүүдэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллагатай хамтран 24 цагаар ажиллажээ. Улаанбаатар хот руу зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан хоёр зөрчлийг илрүүлэн, 10 тонн түүхий нүүрсийг хураан Амгалан дулааны станцад буулгуулж, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.

Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн “2020, 2021 онд нийт 6300 шуудай сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатар хотоос орон нутаг руу тээвэрлэх зөрчил илэрсэн. Иймд Эрчим хүчний яам, НЗДТГ, “Таван толгой түлш” ХХК, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага хамтран сайжруулсан шахмал түлшний хяналт шалгалтыг хийж байна” хэмээв.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Угаарын эрсдэлд өртөж буй айл өрхийн 95 хувь нь стандарт бус зуухтай байсан судалгаа гарсан. Иймд өвөлжилтийн бэлтгэл хангахад болон галлагааны улиралд стандарт зуух хэрэглэхийг зөвлөж байна. 2021 оны Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журамд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр агаарын чанарын бүсээс гаргаж байгаа сайжруулсан шахмал түлшийг болон тус бүсэд орж буй зөвшөөрөлгүй түүхий нүүрсийг хурааж авах зохицуулалтыг оруулсан. Мөн Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар сайжруулсан шахмал түлшийг гэр хорооллын айл өрхүүдэд саадгүй хүргэхэд арга хэмжээ авч ажиллаж байгаа. Тухайлбал, нийслэлийн онцгой комиссын даргын тушаалаар өндөрлөг, алслагдмал цэгийн борлуулалтыг нэмэх, түлшний өдөр тутмын хангалтыг сайжруулах, цогц арга хэмжээ авахаар ажиллаж байна” гэдгийг онцоллоо.

НМХГ-ын Агаарын чанарын хэлтсийн дарга Н.Нарангэрэл “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд байнгын хяналт шалгалт хийж байна. Зүүн бүсийн үйлдвэрийн шахмал түлшнээс хоёр дээж, мидлингээс нэг дээж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах дундын агууламжаас хоёр дээш авч, лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Эдгээр нь Монгол Улсын стандартын шаардлагыг хангаж байна” гэсэн бол “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал “Өнгөрсөн 24 цагийн байдлаар манай компани 2725 тонн шахмал түлш үйлдвэрлэлээ. Сайжруулсан шахмал түлшний 14 хоногийн нөөцтэй байна. Нийт 600 гаруй борлуулалтын цэг ажиллаж байгаа. Угаарын хийн хордлогын есөн дуудлага ирсэн. Тэдгээрийн угаарын хийнд хордсон шалтгааныг судлахад найм нь энгийн монгол зуухтай, битүүмж алдагдсан гэсэн шалтгаантай байна. Иймд зуух болон яндангийн битүүмжийг сайн хангах хэрэгтэй. Мөн “Таван толгой түлш” ХХК айл өрхүүдийн угаарын хий мэдрэгч дээр угаарын хийн хэмжээг дамжуулагч суурилуулсан. Эдгээр дамжуулагчаас өнгөрсөн долоо хоног угаарын хийн хэмжээ их гэсэн 156 дуудлага ирж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа. “Таван толгой түлш” ХХК-ийн хангамжийн баазаар дамжуулан иргэдээс сайжруулсан шахмал түлшний шуудай авах ажлыг энэ лхагва гарагаас албан ёсоор хэрэгжүүлнэ. Нэг шуудайг 300 төгрөгөөр үнэлж хангамжийн баазуудад хураана” хэмээв.

Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
