Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Б.БАТТҮШИГ: Залуу хүний хувьд аль болох гэрэл гэгээтэй, ирээдүйг харсан ажлуудыг бодож, төлөвлөж, хийхийг зорьдог

Огноо:

,

Сэтгүүлч:

БНХАУ-ын Бээжин хотноо 24 дэх удаагийн өвлийн олимпын наадам амжилттай явагдаж өндөрлөлөө. Наадмын сүүлийн өдөр МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшигтэй уулзаж ярилцсанаа хүргэе.

-Юуны түрүүнд, “Бээжин-2022” олимпын наадам хаалтаа хийж буй энэ цаг мөчид ярилцаж байгаадаа таатай байгаагаа илэрхийлье.

-“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын мэдээллийг тогтмол хүргэж, өвлийн спортыг, олимпын хөдөлгөөнийг сурталчилж байгаа Та бүхэндээ Олон Улсын Олимпын Хороо болон Монголын Үндэсний Олимпын Хорооны нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

-Монгол Улсыг төлөөлөн энэ наадамд гүйлтийн цанын төрөлд хоёр тамирчин оролцлоо. Таны сэтгэгдэл хэр байна вэ?

-Маш өндөр сэтгэгдэлтэй байна. Орчин цагийн олимпын хөдөлгөөнийг үндэслэгч Пьер де Кубертен хамгийн анх оролцоог эхэнд тавьж, спорт-олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлж байсан гэдэг. Дэлхий даяар байгаа 200 гаруй улс орнуудаас 91 нь өвлийн олимпод оролцож байхад Монгол Улс тэдгээр улсуудын нэг болж, тамирчнаа илгээж байгаа нь нэг талаараа амжилт юм.

Бусад орны төлөөлөгчидтэй уулзаж байхад зарим нь Монгол Улс гурван сая хүн амтай атлаа зуны олимпод 40 гаруй тамирчин оролцуулан тогтмол медаль авдаг, өвлийн олимпод мөн тогтмол оролцож байгааг гайхдаг шүү.

Б.Ачбадрах маань 99 тамирчнаас 65 дугаар байрт орж, өмнөх амжилтаа ахиулж чадлаа. А.Энхтуул маань Монгол Улсаас анх удаа спринт төрөлд олимпын эрхээ авч амжилттай оролцлоо. Энэ удаагийн өвлийн олимпод манай тамирчдын амжилт өмнөх жилүүдийнхээс эрс ахисан байна. Бэлтгэлжилтийг тасралтгүй өндөр түвшинд хийвэл амжилтын чанар нэмэгдэж, дараа дараагийн тамирчдад улам их боломж үүсэж байгаа нь харагдлаа.

-Дараагийн өвлийн наадмуудад манай улсын оролцоог нэмэгдүүлэх, эрх авч өрсөлдөх боломжтой спорт төрлүүдийг дэмжих тал дээр ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-МҮОХ-ны зүгээс шат дараатай олон ажлууд авч хэрэгжүүлж байна. Наадмын өмнөхөн явагдсан ОУОХ-ны чуулганы үеэр өвлийн спортын олон улсын холбоодын төлөөлөгчидтэй албан уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар яриа хэлэлцээр эхлүүллээ.

Мөн 2024 онд БНСУ-ын Ганвон хотноо явагдах залуучуудын өвлийн олимпын наадмын өмнө монгол тамирчдыг оролцуулсан хамтарсан бэлтгэл хийх талаар тохиролцоонд хүрлээ. Энэ ажлын хүрээнд 2024 он хүртэл монгол тамирчид маань 2-3 сарын турш Ганвон хотноо хамтарсан бэлтгэлд хамрагдах боломжтой болж байна. Бүх зардлыг Солонгосын тал хариуцах юм.

Бидний хувьд цана, тэшүүр, биатлон зэрэг ганцаарчилсан болон хосоор өрсөлдөх боломжтой төрлүүдээр өндөр хөгжилтэй орнуудад бэлтгэл хийх нөхцөл бололцоог нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж байна.

-Та сая яриандаа дурдсанчлан ОУОХ-ны 139-р чуулган наадмын нээлттэй зэрэгцэн явагдлаа. Энэ чуулганы үеэр ямар асуудлыг түлхүү хэлэлцэв?

-Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж энэ удаагийн чуулганыг гурав салгаж зохион байгуулж байгаа юм. Эхнийх нь нээлтийн өмнө явагдсан бол хоёрдугаар хуралдаан хаалтын өмнөх өдөр явагдсан. Сүүлийнх нь бүр тавдугаар сард явагдахаар товлогдсон.

Чуулганы гол анхаарал мэдээж “Бээжин-2022” наадмын зохион байгуулалт руу төвлөрч байлаа. Наадмын үеэрх үйл ажиллагааны зохион байгуулалт, төлөвлөлт, бэлтгэл ажлын талаар танилцуулга, мэдээллүүдтэй сайтар танилцсан. Тэрчлэн ОУОХ-ны дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, шинэ гишүүдийн сонгууль явагдснаараа онцлогтой байлаа.

Үүнээс гадна чуулганы хөтөлбөрт анхаарал татсан хэд хэдэн зүйл багтаад байгаа. Мөн 2028 оны Лос Анжелесийн олимпын наадмын урьдчилсан хөтөлбөрийг хэлэлцлээ.

Түүнчлэн Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны ДАШТ-ийг дөрвөн жил бус хоёр жил тутамд зохион байгуулдаг болох тухай саналыг ярилцана. Энэ саналыг олон спорт холбоод, улс орнууд дэмжихгүй байгаагаа илэрхийлсээр байгаа. Тэмцээнүүдийн хуваарь давхацна, хэвлэл мэдээллийн анхаарал сарнина гээд олон нарийн асуудал бий. ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бахын хувьд Бээжинд FIFA-гийн ерөнхийлөгч Ж.Инфантино хүрэлцэн ирж амжаагүй учраас биечлэн уулзаж, гарц гаргалгаагаа олохыг эрмэлзэж байгаагаа илэрхийлсэн.

-Таны хувьд Монгол улсаас ОУОХ-ны гишүүнээр сонгогдон ажиллаж буй хоёр дахь эрхэм болсон. Цаашид МҮОХ болон ОУОХ-ны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ямар ямар боломжууд байна гэж харж байна вэ?

-Бидний ярилцаад сууж байгаа газар бол “Casa da Italia” буюу дараагийн өвлийн наадмыг хүлээн авах Италийн ҮОХ-ноос байгуулсан өргөө юм. Олимпын наадмын үеэр улс орнууд өөрсдийн соёл, уламжлал, хөгжил дэвшлээ танилцуулах зорилгоор иймэрхүү танилцуулах талбарыг бий болгодог уламжлал бий.

Миний хувьд энэ жишгийг Монголдоо авчирч, олимпын хөдөлгөөнөөр дамжуулж эх орноо дэлхий дахинд сурталчлах том боломж байна гэж харж байгаа. “Токио-2020” олимпын наадмын үеэр монгол гэрээ барьж, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж, бүр газраа хүртэл сонгочихсон байсан ч цар тахлын улмаас энэ ажил маань биелэх боломжгүй болсон нь харамсалтай. Гэхдээ тэглээ гээд зүгээр суулгүй, бид дижитал хэлбэрээр “Mongolia House”-ийг байгуулсан нь олон улсаас талархал хүлээсэн. Дараагийн наадмуудад илүү сайжруулан үргэлжлүүлнэ гэж төлөвлөж байгаа.

Энэ нь Дубайд зохион байгуулагдаж байгаа Дэлхийн экспо шиг улс орныхоо онцлог, олон боломжуудыг танилцуулах гарц гэж харж байна. Хөгжиж буй орнууд өөрийн орныг сурталчлах боломж тэр бүр гараад байдаггүй учраас энэ ажлаа цаашид тогтмолжуулан МҮОХ-ны нэг үндсэн ажил болгохоор зорьж байна. ОУОХ-ны чуулган дээр “Mongolia House”-ийг дижитал хэлбэрээр зохион байгуулснаа танилцуулахад “Парис 2024”, “Милан-Кортина 2026”-ийн зохион байгуулах хорооныхон бүрэн дэмжинэ хэмээн амлалтаа өгсөнд их олзуурхаж байгаа.

Миний хувьд манай улсад өвлийн спортыг түгээн дэлгэрүүлэх, оролцоог нэмэгдүүлэх тал дээр боломж байна гэж үзэж байгаа. Манай улсын хувьд дэд бүтцийн асуудлаа шийдвэрлчихвэл өвлийн спорт хөгжүүлэх цаг уур, орчны таатай нөхцөлд оршдог гэж хэлж болно. Бобслей, кёрлинг зэрэг амжилт үзүүлэх боломжтой төрлүүд багагүй байгааг анзаарлаа. Иймэрхүү өвлийн спортууд дээр залуу үеэ түлхүү оролцуулах, анхаарлыг нь татахад хувь нэмрээ оруулах боломжийг нь үүсгэхийг зорьж байна.

-МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн хувьд төлөвлөж буй ажлууд олон байгаа байх. Цаашид хэрэгжүүлэхээр зэхэж байгаа ажлуудаасаа цухасхан дурдвал?

-Манай хувьд дотроо хэт их өрсөлдөөд гадагшаа чиглэсэн ажлууддаа бага анхаарч байсан үе бий. Одоо бол ОУОХ-ны удирдлагууд, гишүүдтэй шууд уулзаж хамтын ажиллагааны талаар ярилцах боломжтой болсон цаг. Бид Монголын спорт, олимпизмын хөдөлгөөнийг улс төрөөс ангид, чадалтай авьяастай залуучуудыг дэмжих, хүйсийн тэгш байдлыг хангах, олимпын спортын төрлүүд тэр дундаа өвлийн спортын төрлүүдийг онцгой анхааран хөгжүүлэх чиглэлээр санал солилцож, тодорхой төслүүд дээр хамтран ажиллахаар ярилцсан.

МҮОХ-оос ОУОХ-ны спортын менежментийн хөтөлбөрт залуучуудаа илгээж, олон улсын спортын байгууллагад ажиллаж, ур чадвар-мэдлэг боловсролоо нэмэгдүүлэх боломжийг нь хангахад ихээхэн анхааран ажилладаг. Сүүлийн жилүүдэд ОУОХ-ны спортын менежментийн магистрын зэрэг олгох МЕМОС хөтөлбөр, Сочид байрлах Олимпын их сургуулийн хөтөлбөр, Сөүлийн их сургуульд явагддаг “Dream Together” зэрэг дэлхийн хэмжээний хөтөлбөрүүдэд хамрагдсан монгол залуучуудын тоо нэмэгдлээ. Бид энэ тоог улам нэмж, олон улсын нөу-хау, мэдлэг туршлагыг эх орондоо нэвтрүүлж, салбарынхаа хөгжлийг ахиулах учиртай. Шинэ үеийн спортын зүтгэлтнүүдийг идэвхжүүлэх, орон зай-нөхцөл боломжийг нь олгох нь чухал. ОУОХ-ны гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа маань энэ ажлуудыг зохион байгуулахад чухал ач холбогдолтой гэж бодож байна.

Мөн манай оронд спортын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх боломж байна гэж миний хувьд хардаг. Азийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн цомын гараа зэргийг зохион байгуулах боломж олон спортод бий. Ойрын хугацаанд бадминтоны спортын өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ Азийн бадминтоны холбоондоо албан ёсоор илэрхийлж, гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа нь зөвхөн нэг жишээ.

Түүнчлэн, олон улсын спортын хурал, чуулганыг зохион байгуулах бүрэн боломж бидэнд бий. Бидний хувьд ОУОХ, Азийн Олимпын Зөвлөлийн чуулган хүлээн авах хүсэлтээ илэрхийлж, эхний шатны бичиг баримтаа бүрдүүлж,, тодорхой түвшинд ахицтай явж буй ажлууд байна. ОУОХ-ны аль нэг хурлыг Монголдоо зохион байгуулах хүсэлт гаргасныг маань УИХ-ын дарга Г.Занданшатар дэмжин ОУОХ-д албан захидал хүргүүлж, ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахаас нааштай хариу авсан. Энэ чиглэлээр онцгой амжилт үзүүлсэн Катар, Кувейт гэх мэт орнуудын жишээнээс бид суралцах нь зүйтэй.

ОУОХ-ны “2020+5” хөтөлбөртэй уялдуулан хийх ажлууд бий. Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тамирчдын хөгжлийг дэмжихэд чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг гүйцэтгэнэ. Энэ олимпын өмнө бид ОУОХ-ны тамирчдын комиссын тэргүүн, Финландын тамирчин Эмма Терхотой виртуал уулзалт зохион байгуулж, хамтарсан форум хийх талаар ярилцсан. Бид ОУОХ-той хамтран эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тамирчдын карьерын дараах төлөвлөлт рүү чиглэсэн төслүүд хэрэгжүүлэх боломж бүрдээд байна.

-МҮОХ-ны зүгээс дотоодын спорт холбоодтой хамтын ажиллагаа ямар түвшинд байгаа вэ. Зарим нэг мэргэжлийн спортын холбоод дотроо зөрчилдөөнтэйн улмаас олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломжгүй болох хүртэл тохиолдол гарч байсан. Спорт холбоодыг дэмжих чиглэлээр ямар ажлууд хийж байгаа вэ?

- Аль ч салбарт аливаа үйл ажиллагаа явуулахад үзэл бодлын зөрүү гардаг. Манай спортын салбарт үзэл бодлын зөрүүгээс үүссэн маргаан нь даамжирч, ажлын үр дүнд нөлөөлөх, нам улс төр, нутаг усаараа хуваагдах тохиолдол цөөнгүй гарсан. МҮОХ-ны зүгээс гишүүдтэйгээ хийх хамтын ажиллагаандаа болон спортын салбарыг хөгжүүлэх чиглэлд ямар нэгэн үзэл бодлын зөрүү харгалзалгүйгээр хамтран ажиллахыг зорьдог. Цаашдаа спортын төлөө гэсэн сэтгэл зүрхтэй, бүтээлчээр ажиллаж буй хэнтэй ч хамтан ажилладаг, дэмждэг тогтолцоог улам боловсронгуй болгохын төлөө ажиллах болно.

Ер нь тамирчид маань олон улсын дэвжээн дээр гараад тэрний хүн энэний хүн, энэ нам, тэр намын хүн гэж өрсөлддөггүй. Монгол Улсын тамирчин гэж нэрлэгдэн алтан соёмбот далбаагаа өргөн өрсөлддөг.

Миний хувьд МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа энэ л зарчмыг баримтлан эв нэгдлийг ханган ажиллахыг зорьж ирсэн. Зарим тохиолдолд холбоодын олон улсын тэмцээн уралдааны бэлтгэл сургуулилалт, замын зардал зэрэгт томоохон ивээн тэтгэгч компаниудыг холбон хөрөнгө мөнгө босгох, зарим тохиолдолд хувиасаа болон гэр бүлийн хүнтэйгээ хамтран байгуулсан “Баттүшиг Цэлмүүн” сангаас шийдвэрлэж ирсэн.

Анх МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр сонгогдоод Индонези улсад Азийн наадамд оролцсон. Уг наадамд манай улсаас 300 гаруй баг тамирчид оролцосон бөгөөд томоохон компаниуд Токиогийн олимпын наадамд анхаарлаа хандуулсан үе таарсан. Тэр үед зарим зардлыг Имарт компанийн зүгээс шийдвэрлүүлэн МҮОХ-д дэмжлэг үзүүлж байлаа. “Скайтел” компани ч спортын олон төрөлд тэмцээн уралдаануудыг дэмжин ажилладаг. Энэ хоёр компани маань “Токио-2020” олимпын наадамд амжилт үзүүлсэн тамирчдаа урамшуулах ажлыг мөн зохион байгуулсан.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд өвлийн олимпын наадмын өмнөхөн манай тамирчдын тусгаарлагдаж байсан байранд COVID-ийн эрсдэл бүхий нөхцөл байдал үүсч, Имарт компанитай холбогдон шинэ тусгаарлах байрны зардлыг нь шийдвэрлүүлэн тамирчдаа олимпод эрслдэлгүй оролцуулах бололцоог бүрдүүлсэн.

Хөрөнгө мөнгө бол спортын хамгийн том асуудлын нэг. Аж ахуйн нэгж компаниудыг спортын арга хэмжээг дэмжүүлэх, спортын төрлүүдтэй хамтран ажиллуулах амаргүй ажил гэдгийг манай салбарынхан бүгд мэднэ. Тиймээс олимпын төрлийн спортуудыг нэг удаа дэмжээд өнгөрөх биш байнгын дэмжлэгтэй байлгах, үйл ажиллагаанаас өөрийгөө санхүүжүүлдэг тогтолцоог бий болгох чиглэлээр ажиллах нь зөв юм.

Тухайн спортоороо олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах эрх авах, үзэгчдийн тасалбар, телевизийн эрх, ивээн тэтгэлэг гээд санхүүжилт босгох хэлбэрүүдийг илүү хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Энэ тал дээр цаашид илүү анхааран ажиллах болно.

Ойрын хугацаанд МҮОХ дээр санхүүгийн бие даасан комисс гаргаж, олон улсын мэргэшсэн байгууллагуудаар аудит хийлгүүлэн нээлттэй, шилэн байгууллага болгохоор ажиллаж байна.

Ер нь цаашдаа Монголын олимпын хөдөлгөөнийг багш дасгалжуулагч, тамирчид дээрээ суурилсан, хүйсийн тэгш байдлыг хангасан, тамирчдын мэргэжлийн карьерын дараах зөвлөгөө, сургалтын тогтолцоог бий болгох чиглэлээр ажиллах болно.

Залуу хүний хувьд аль болох гэрэл гэгээтэй, ирээдүйг харсан ажлуудыг бодож, төлөвлөж, хийхийг зорьдог. Бусад залуучууддаа ч тэгж зөвлөдөг. МҮОХ-нд болон спортын салбарт маань олон сайхан залуучууд байдаг мөн туршлагатай мэргэжилтнүүд ч бий. Тэдэнтэйгээ нэгдмэл бодлоготойгоор хамтран ажиллаж, үлгэр жишээ олимпын хороо болгох зорилготой байгаа.

-Сүүлийн асуулт. ОУОХ-нд улс бүр төлөөлөлтэй байх боломжгүй байдаг. Монгол Улс гишүүнтэй болсноор бидэнд ямар давуу тал үүсэж байгаа бол?

-Миний хувьд үүрэгт ажилдаа ороод дөнгөж хоёр жил л болж байна. Анх удаа ОУОХ-ны гишүүний хувиар өвлийн олимпод оролцож байна. Энэ удаа олон спортын зүтгэлтнүүдтэй уулзаж, санал солилцох боломж гарлаа. Үүний үр дүнд төрөл бүрийн шинэ хамтын ажиллагаанууд үүсэх нөхцөл бүрдэж байна.

Нөгөө талаас ОУОХ-ны томоохон шийдвэрүүдийг гаргахад Монгол Улсаас нэг саналын эрхтэй байна гэдэг манай спорт холбоодод ихээхэн давуу тал олгож байгаа гэж хэлж болно. Миний хувьд ч ОУОХ-ны гишүүний хувиар Монгол Улсдаа спортын бүхий л төрлүүдийг хөгжүүлэх, дасгалжуулагч, багш, баг тамирчдаа бэлтгэл сургуулилалт, сургалтуудад хамруулах, спортын дэд бүтцээ сайжруулах чиглэлээр олон талт хамтын ажиллагаа явуулах боломж илүү нээллтэй болсон.

Олимп, дэлхийн хэмжээний том наадмын эрхийн төлөө өрсөлдөж буй бусад улс орнуудын хувьд манайхтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, хамтарсан бэлтгэл сургуулилалт зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх зэргээр ойр ажиллах нөхцөлийг эрэлхийлэх нь эрс нэмэгдэж байгаа нь мэдрэгдэж байна гэдгийг МҮОХ-ны гишүүд маань онцолж байсан.

Монгол Улс, МҮОХ-ноос ОУОХ-нд төлөөлөлтэй байгаа нь нэг хувь хүний гишүүнчлэлийн асуудлаас илүү Монголын спортын салбар дэлхийн олон улс оронтой хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлж, баг, тамирчдынхаа бэлтгэл сургуулилтыг тэдэнтэй хамтран хийх улмаар олимпын тэнгэрт Монгол Улсын маань алтан соёмбот далбаа олон олон удаа өргөгдөж төрийн маань сүлд эгшиглэх боломж нэмэгдэхэд хувь нэмэрээ оруулах өндөр хариуцлага гэж хүлээн авч ажиллаж байна.

-Танд баярлалаа. Амжилт хүсье.

Ярилцсан Р.Хишигжаргал  

Эх сурвалж:  Монголын Үндэсний Олимпын Хороо - MNOC 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Огноо:

,

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.30/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа. 

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байна. 

Шадар сайд баяр наадмын өдрүүдэд авто зогсоол, нийтийн тээвэр, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний стандартын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг онцоллоо. Мөн энэ жилийн зохион байгуулалтын туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж үлдээх чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Д.Баярбаатарын мэдээлснээр долдугаар сарын 3, 7-нд наадмын нээлтийн тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцахаар төлөвлөж байна гэлээ. 

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.

Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах, жуулчдад зориулсан тайлбар, мэдээллийг олон хэлээр бэлтгэх, тасалбарын борлуулалтын тухайд урилга байсан ч төлбөртэй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн сур, шагайн харвааны талбайн тохижилт, хоол үйлчилгээний стандарт, иргэдэд нээлттэй шууд дамжуулалтын зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхыг үүрэг болголоо

Огноо:

,

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдөр Төмөр замын газар, "Монголын төмөр зам" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН болон нефть импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.

Уулзалтын үеэр дэлхий дахин болон бүс нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан нефтийн нийлүүлэлт хүндрэх эрсдэл байгааг онцолж, төмөр замын байгууллагуудад газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.

Мөн нефть импортлогч компаниуд болон холбогдох байгууллагуудад шатахуун, түлшний нөөцөө хангалттай бүрдүүлэх, нийлүүлэлтийг тасралтгүй байлгах, гаалийн байгууллагатай нягт хамтран ажиллахыг сануулсан байна.

Түүнчлэн иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд одоогийн түлш, шатахууны нөөц, цаашдын хэрэгцээний тооцоогоо яаралтай танилцуулж, бүтээн байгуулалтын ажлуудад шатахууны нийлүүлэлтээс шалтгаалсан саатал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллах шаардлагатайг Зам, тээврийн сайд онцоллоо.

Түүнээс гадна Зам, тээврийн яамнаас баримталж буй бодлогын хүрээнд нефть импортлогч компаниудын хүсэлтийг үндэслэн аюултай ачаа хадгалах агуулах, сав барих зориулалтын газрын асуудлыг төрийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Огноо:

,

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн зуны дунд Хөх морь сарын шинийн есөн буюу 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо.

Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын өмнөх орой “Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хороо” НҮТББ-ын бөө нар лус, галын тахилга, хайрхны тэнгэрийг тахих ёслол үйлдлээ.

Төрийн нэрийн өмнөөс бөө нараар зан үйл хийлгэдэг түүхэн уламжлал байсныг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл, Жужан, Хятан Улсын тухай түүхэн эх сурвалжуудыг харьцуулан судалж тогтоосон. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн тахилгад бөө нарыг оролцуулах шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. Энэ дагуу төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцож, тус тусын зан үйлээ үйлдлээ.

Мөн орой Хэнтий, Төв аймгийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.

Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.

Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Төрийн хонжин тэргүүтэй Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг залсны дараа Их сүлдэч зул, арц, хүж асаан хүндэтгэл үзүүллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хамаг монголчуудын дээд шүтээн Хэнтий хан, Бурхан Халдун уул бол Эзэн богд Чингис хааны сүр хүч, суу алдрыг тэтгэгч Сүлд тэнгэрийг оршоосон, үеийн үед тахиж, өнө мөнхөд шүтэх зарлигтай хайрхан гэдгийг онцоллоо.

Оройн дээд шүтээн Эзэн Богд Чингис хааны айлтгалтай Бурхан Халдун хайрхны цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл болохыг тэмдэглэлээ.

Иймээс Их хааны айлтгал, Их Монгол Улсын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээг бататган илэрхийлэх үүднээс Бурхан Халдун уулын хүндэтгэлийн цогцолборыг төрийн тэргүүний зарлигаар шинээр бүтээж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн морин жил ёслол төгөлдөр нээж байгааг сонордууллаа.

Ерөнхийлөгч, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм дээд үүрэг гэдгийг хэллээ. Мөн Хэнтий хан хайрхан, Бурхан Халдун уулын шүтээн Сүлд тэнгэр монгол төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж байхыг сүслэн даатгалаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Алтанхуягийн Үйлстөгөлдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хэнтий аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Дамдинжавын Аюурбуньд хүлээлгэн өглөө.

Төрийн хонжин Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхлэх команд өгөхөд хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэлээ. Их сүлдэч “Их хар сүлдийн өчил” өчих үед тахилгад оролцогсод Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх идээ шүүсний дээж зэргийг Их хар сүлд болон хайрхны зүг өргөж, Их хар сүлдэнд мөргөлөө.

Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Сумын мэргэн Жаргалсүрэнгийн Эрхэмбаярт хүлээлгэн өгч, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Сумын алдарт уяач, мянгат малчин Цэрэнжамцын Барссайханы цагаан /бор/ азаргыг сэтэрлэлээ.

Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүндэтгэлийн гэрэлт цогцолборт мэхийн ёсолж, тэнгэрт дахин хүндэтгэл үзүүлснээр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга өндөрлөлөө.

Бурхан Халдун уулыг Хиад боржигины өвөг Бодончарын үеэс тахиж, Эзэн Богд Чингис хааны үед Хамаг Монгол, Монголын Эзэнт гүрний Сүлд уул болгон тахиж байсан. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул болгосон юм. 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаас “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэжээ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/07/03

"Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо ц...

Дэлхий нийтээр..2026/07/03

Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал за...

Үйл явдал2026/07/03

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсы...

Үйл явдал2026/07/03

Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг UNCCD COP17 бага хурлын талбайн б...

Дэлхий нийтээр..2026/07/03

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Үйл явдал2026/07/03

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үй...

Үйл явдал2026/07/01

Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгд...

Үйл явдал2026/07/01

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс цахимаар худалдаалж эх...

Үйл явдал2026/07/01

Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмж...

Үйл явдал2026/07/01

Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн х...

Үйл явдал2026/07/01

“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо

Үйл явдал2026/07/01

Оюутолгойн хэлэлцээрийг Монголд ашигтай хувилбараар тохиролцлоо

Үйл явдал2026/07/01

Зорчих эгнээ хааж зогсох нь түгжрэл, ослын эрсдэлийг нэмэгдүүлнэ

Хэн юу хэлэв...2026/07/01

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжи...

Үйл явдал2026/06/30

Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн үйл ажиллагааг танил...

Үйл явдал2026/06/30

Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Үйл явдал2026/06/30

ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сон...

Хэн юу хэлэв...2026/06/30

Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалду...

Үйл явдал2026/06/30

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

Үйл явдал2026/06/30

“Хамгаалсан байгаль - Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг эх...

Үйл явдал2026/06/30

“Хавдрын эсрэг үндэсний аян-2026” Сэлэнгэ аймагт эхэллээ

Үйл явдал2026/06/30

Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” ...

Дэлхий нийтээр..2026/06/29

Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээд...

Дэлхий нийтээр..2026/06/29

Трамп дижитал үйлчилгээний татвар ногдуулсан орнуудад 100 хувийн имп...

Үйл явдал2026/06/29

Анхааруулга!

Үйл явдал2026/06/29

Монгол, Оросын хамтарсан “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн төлөв...

Үйл явдал2026/06/29

Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд...

Үйл явдал2026/06/29

Хөвсгөл нуур орчимд олон улсын стандартад нийцсэн хог хаягдлын байгу...

Үйл явдал2026/06/29

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Үйл явдал2026/06/25

Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгө...

Санал болгох