Хэн юу хэлэв...
Х.Нямбаатар: Төрийн бүх үйлчилгээг цахимжуулахад анхаарна
НЗДТГ-аас төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг авлига, ашиг сонирхлын зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Шударга ёсыг эрхэмлэе” нийслэлийн зөвлөгөөнийг 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнийүеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Тавдугаар сарын 1-нээс Цахим хөгжлийн багц хууль хэрэгжиж эхэлнэ. Тус хууль хэрэгжсэнээр 16 насанд хүрсэн иргэн бүр тоон гарын үсэгтэй болно. Ингэснээр иргэд төрд байгаа өөрийн мэдээллийг цахим гарын үсгээр баталгаажуулж, цахимаар авч болно. Тухайлбал, улсын бүртгэлийн байгууллага 126 багц үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Нэг үйлчилгээ нь дотроо 3-4 задарч байгаа.
Эдгээр багц үйлчилгээнээс улсын бүртгэлийн байгууллага дээр дөрвөн төрлийн үйлчилгээг биеэр очиж авна. Үүнд хурууны шинэчилсэн хээний бүртгэл, Монгол Улсын иргэний харьяаллаас гарах, эсвэл орж байгаа тохиолдолд, хоригтой холбоотой гэх мэт үйлчилгээнүүд орж байгаа. Газартай холбоотой үйлчилгээг заавал биеэр очиж үйлчлүүлэх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, төрийн бүх үйлчилгээг цахимжуулахад анхаарна. Нийслэлтэй холбоотой хамгийн их авлига яригддаг салбар бол барилгыг улсын комисс хүлээж авахтай холбоотой асуудал байна. Иймд барилгын комисстой холбоотой эхнээс нь төгсгөл хүртэл бүх үйлчилгээг цахимжуулъя гэж байгаа” хэмээн ярилаа.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн сүүлийн жилүүдэд НЗДТГ цахим үйлчилгээг үе шаттай нэвтрүүлж, үүний үр дүн нь эхнээсээ гарч байгааг тодотголоо. Төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулахдаа мөн шат дамжлагыг багасгах хэрэгтэйг ч онцолсон юм.

Хэн юу хэлэв...
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад Олон Улсын байгууллагын дэмжлэг, сайн туршлага хамгийн чухал
Хэн юу хэлэв...
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал 2026 оны тавдугаар сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрераг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Франц Улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, Европ дахь дотнын, итгэлт түншүүдийн нэг болохыг онцлоод, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, Европын Холбоог үүсгэн байгуулагч орны нэг Франц Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилтын нэг гэдгийг тэмдэглэлээ.
Тэрбээр хоёр улсын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжин хөгжиж байгааг дурдаад, харилцан итгэлцэл, нийтлэг үнэт зүйлд суурилсан Монгол, Францын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэхийн төлөө ажиллаж буйгаа онцлов.

Мөн Үндэсний хиймэл дагуулын сүлжээ байгуулах төслийг Франц Улстай хамтран хэрэгжүүлэх Монгол Улсын байр суурь хэвээр байгааг Ерөнхий сайд онцолж, уг төслийг Францын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр бүрэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэснийг талархан хүлээн авч буйгаа илэрхийллээ. Уг төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим арга хэмжээг энэ оны зургаадугаар сард багтаан авч, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулахаар бэлтгэж байгааг хэллээ.
Элчин сайд Коринн Пэрера хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бүх талаар анхаарч ажиллахаа илэрхийлээд, Монгол, Францын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэхэд Францын тал өндөр ач холбогдол өгч байгааг онцоллоо.
Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Засгийн газар болон Орано Майнинг компанийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдол, Францын хөгжлийн агентлагийг Улаанбаатар хотноо байгуулах санаачилга, Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв байгуулах төсөл, цөлжилтийн эсрэг цогц төсөл зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Хэн юу хэлэв...
Оюутолгойн өгөөжийн маргаан Рио Тинтогийн хөрөнгө оруулагчдыг сандраав уу?
Оюутолгойн асуудал Монголын эдийн засаг, улс төрийн анхаарлын төвөөс холдож байсан удаагүй. Энэ удаад ч мөн адил. Гэхдээ энэ удаагийн хэлэлцээний эргэн тойронд зөвхөн Монголын дотоод маргаан бус, олон улсын хөрөнгийн зах зээлийн хариу үйлдэл давхар ажиглагдав.
Монголын Засгийн газар “Рио Тинто”-той Оюутолгойн гэрээний нөхцөл, төслөөс Монгол Улсад ногдох өгөөжийн талаар дахин хэлэлцээ хийх байр сууриа илэрхийлэх үеэр тус компанийн хувьцааны ханш савласан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан юм.
Хувьцаа эзэмшигчид, трейдерүүдийн форум, хөрөнгө оруулагчдын харилцааны бүлгүүдэд энэ талаар хоёр өөр хандлага ажиглагджээ. Нэг хэсэг нь Монголын талын шахалт “Рио Тинто”-гийн эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж үзсэн бол нөгөө хэсэг нь үүнийг түр зуурын улс төрийн хэлбэлзэл гэж тайлбарласан байна.
Эхний байр суурь баримтлагчдын хувьд Оюутолгойн гэрээ дахин хөндөгдөх нь хөрөнгө оруулагчдын итгэлд сөргөөр нөлөөлж болзошгүй. Гэрээний нөхцөл өөрчлөгдөх, татвар, төлбөр нэмэгдэх, эсвэл төслийн үйл ажиллагаанд улс төрийн дарамт үүсэх эрсдэл зах зээлд мэдрэгдсэн гэж тэд үзэж байв.
Харин нөгөө талынхан Оюутолгой бол дэлхийн хэмжээний зэс, алтны томоохон орд тул урт хугацаандаа “Рио Тинто”-гийн үнэ цэнийг хадгална гэж харжээ. Тэдний хувьд Монголын Засгийн газрын хатуу байр суурь нь хэлэлцээний нэг тактик бөгөөд хувьцааны богино хугацааны уналт нь зарим хөрөнгө оруулагчдад эсрэгээрээ худалдан авах боломж болж харагдсан байна.

Reuters агентлагийн мэдээлснээр, Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар “Рио Тинто”-гийн төлөөлөлтэй уулзахдаа Оюутолгойн одоогийн хэлцэл шударга бус байна гэдгийг илэрхийлж, Монголын ард түмэн болон парламент “хууртагдсан мэт мэдрэмж” байгааг онцолсон байдаг.
Түүний хэлсэн үг хэлэлцээний өнгө аясыг илтгэж байв. Ажлын түвшинд бодит үр дүн гарахгүй бол Оюутолгой болон холбогдох ордуудын талаар цаашид ямар шийдэл гарахыг урьдчилан хэлэхэд хэцүү гэдгийг тэрбээр сануулсан. Энэ нь Монголын тал хэлэлцээний ширээнд өмнөхөөсөө илүү хатуу байр суурьтай орж байгааг харуулсан дохио байлаа.
Монголын тавьж буй шаардлагын гол агуулга нь төслөөс хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Тухайлбал, Монголын ард түмэнд ногдох өгөөжийг 60 хувиас доошгүй болгох, ногдол ашгийг ойрын хугацаанд эхлүүлэх, урьдчилгаа ногдол ашиг авах, зээлийн хүүг 5-6 хувь болгон бууруулах, менежментийн төлбөрийг дор хаяж хоёр дахин багасгах зэрэг асуудлыг хөндөж байгаа юм.
Эдгээр шаардлага бол олон жилийн турш яригдсан Оюутолгойн маргааны гол цөм. Уурхай ажиллаж, экспорт үргэлжилж, дэлхийн зах зээлд Монголын зэс гарч байгаа ч Монгол Улсад бодитоор ногдох өгөөж хангалттай юу гэсэн асуулт нийгэмд байсаар ирсэн.
Гэвч нэг асуудал бий. Дотооддоо шударга өгөөжийн шаардлага гэж харагдах зүйл гадаад зах зээл дээр улс төрийн эрсдэл болон уншигддаг. Хөрөнгө оруулагчид гэрээ тогтвортой байх уу, татварын орчин өөрчлөгдөх үү, төрийн байр суурь солигдох бүрт стратегийн төсөл дахин маргааны төвд орох уу гэдгийг анхааралтай ажигладаг.
Ийм үед Монголын дотоод улс төрийн тогтворгүй байдал энэ асуудлыг улам эмзэг болгосон. Тухайн үед Ардчилсан нам бойкот хийж, төрийн ажил гацсан. Эрх баригч намын зарим гишүүд ч хуралдаа оролцохгүй, парламентын ирц бүрдэхгүй нөхцөл үүссэн. Улмаар Ерөнхий сайд огцорч, улс төрийн бойкот намжсан.
Энэ үйл явдал Оюутолгойн хэлэлцээтэй шууд холбоотой гэж дүгнэхэд хангалттай баримт шаардлагатай. Гэхдээ томоохон стратегийн төслийн хэлэлцээ өрнөж байх үед Засгийн газар солигдож, улс төрийн тогтворгүй байдал үүссэн нь хөрөнгө оруулагчдын анхаарлаас гадуур өнгөрөх боломжгүй.
![]()
Ерөнхий сайд огцорч, улс төрийн бойкот намжсан өдөр “Рио Тинто”-гийн хувьцааны ханш эргэн өссөн гэх ажиглалт ч үүнийг дагалдаж байна. Энэ нь зах зээлийн энгийн мөчлөг байсан уу, эсвэл Монголын улс төрийн дохиог хөрөнгө оруулагчид ийн уншсан уу гэдэг асуулт нээлттэй үлдэв.
Оюутолгой бол зөвхөн нэг уурхайн тухай асуудал биш. Энэ бол Монгол Улс баялгаа хэрхэн үнэлэх, гадаадын том хөрөнгө оруулагчтай хэрхэн харилцах, дотоод улс төрийн тогтвортой байдлаа эдийн засгийн эрх ашигтай хэрхэн уялдуулах тухай сорилт юм.
Монголын талын шаардлага ойлгомжтой. Баялгийн илүү шударга өгөөж Монголын ард түмэнд очих ёстой. Харин “Рио Тинто”-гийн хувьд гэрээний тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдын итгэл, төслийн урт хугацааны үнэ цэнийг хамгаалах шаардлага бий.
Энэ хоёр байр суурийн дунд Оюутолгойн ирээдүйн хэлэлцээ өрнөнө. Хөрөнгийн зах зээл богино хугацаанд савлаж болно. Улс төрийн нөхцөл байдал ч өөрчлөгдөж болно. Харин Монгол Улсын хувьд хамгийн чухал нь стратегийн баялгаасаа хүртэх өгөөжөө нэмэгдүүлэх зорилгоо тогтвортой, тооцоотой, итгэлцэл алдагдуулахгүйгээр хэрэгжүүлэх явдал юм.

Эцэст нь Оюутолгойн асуудал нэг асуулт руу эргэж очно. Монгол Улс дэлхийн хэмжээний баялгаа дотоодын улс төрийн савлагаанаас ангид, урт хугацааны үндэсний эрх ашгийн үүднээс удирдаж чадах уу.
Энэ асуултын хариу зөвхөн уурхайн гүнд бус, төрийн шийдвэр гаргах ширээн дээр байна.
М.ТОДХҮҮ
-
Дэлхий нийтээр..2020/03/13
ЦЕГ-ын шуурхай удирдлагын штабаас мэдээлж байна
-
Дэлхий нийтээр..2021/04/08
Нийслэлийн хэмжээнд 480 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгджээ
-
Дэлхий нийтээр..2021/05/27
Гандангийн дэнжийн хөрсний бохирдлыг бууруулахад ашигтай бактери ашиглана
-
Дэлхий нийтээр..2022/02/09
Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалаар албажсан баримт бичгүүд
