Дэлхий нийтээр..
Оны эхний 4 сарын байдлаар ипотекийн зээлд 2000-аад айл өрх хамрагджээ
Оны эхний 4 сарын байдлаар ипотекийн зээлийн гүйцэтгэл 25% буюу 2000-аад айл өрх хамрагджээ. Дэлхийн олон оронд амжилттай хэрэгждэг Ипотекийн зээлийн санхүүжилтийн эрх зүйн орчинг Монгол Улсад нэвтрүүлэх үүднээс Төрөөс орон сууцны урт хугацааны зээлийн тогтолцоог дэмжиж, Засгийн газар, Монголбанкаар дамжуулан өнгөрсөн хугацаанд 6 их наяд шахам төгрөгийн санхүүжилтийг хийсэн.
Энэ санхүүжилтийн хөрвөх чадварыг бий болгох зорилгоор Монголын Ипотекийн Корпорацийг байгуулсан. Гэвч Ипотекийн орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн сар бүрийн төлбөрөөс МИК дунд нь хувь авдаг тухай асуудлыг Шадар сайд С.Амарсайхан хөндөн олон нийтэд дэлгэж, улмаар Сангийн яамаар ахлуулсан Барилга хот байгуулалтын яам, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монгол банк, Хөгжлийн банк зэрэг байгууллагууд болон эдийн засагчид, хөндлөнгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулан ажиллаж буй.
Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, найм болон зургаан хувийн зээлийн хүүг бууруулах гарц боломжийг эрэлхийлэх, залуу гэр бүлүүдийг дэмжих хүрээнд урьдчилгаа төлбөрийг багасгах, цаашлаад ипотекийн зээлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн илүү боловсронгуй болгох зэрэг асуудлаар Шадар сайд өнөөдөр Ажлын хэсгийн гишүүд болон МИК, арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, холбогдох газруудад үүрэг чиглэл өглөө.
2013-2020 он хүртэл ипотекийн зээлийн жилийн хүү 8 хувь байхад нийт санхүүжилтийн 90 хувийг Монголбанк, 10 хувийг арилжааны банкууд гаргаж ирсэн бол 2020 оны аравдугаар сараас хүүг 6 хувь болгосноос хойш Монголбанк 60, арилжааны банкуудын эх үүсвэр 40 хувь болсон байдаг. Гэтэл МИК санхүүжилт гаргадаггүй, хоёрдогч зах зээлээс хөрөнгө оруулалт татдаггүй хэрнээ иргэдийн 6 хувийн зээлийн төлөлтөөс 1.25 хувийг нь үйл ажиллагааны зардал болон эрсдэлийн сан нэрийдлээр дундаас нь авдаг, зөвхөн 2014-2018 оны хооронд нийтдээ 282 тэрбум төгрөгийн хүүгийн цэвэр ашгийг МИК өөртөө авч үлдсэн тухай баримт санхүүгийн аудитлагдсан тайланд байгааг Шадар сайд энэ үеэр хэлсэн юм.
МИК-ийн өмчийн хэлбэр нь олон нийтийн хувьцаат компанийн статустай гэх боловч нийт хувьцааны 73.75 хувийг нэг хүний хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой компани эзэмшдэг бол Монголбанк, Хөгжлийн банк нийлээд МИК ОССК ХК-ийн хувьцаанаас 17.23 хувийг, бусад арилжааны банкууд нийлээд 9.2 хувийг, үлдсэн 1 хүрэхгүй хувийг иргэд эзэмшдэг тухай Ажлын хэсгээс мэдээлсэн юм.
Засгийн газраас цар тахлын хүндрэлийн үед эдийн засгийг дэмжих “10 их наядын цогц хөтөлбөр” баталж, дундаж давхаргыг нэмэгдүүлэх, орон сууцны хүртээмжийг сайжруулах хүрээнд Ипотекийн хөтөлбөрийн санхүүжилтийг нэмж 2 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү 2 их наяд төгрөгийн санхүүжилтээс 2021 оны эцсийн байдлаар 1 их наяд төгрөгийн зээл гарч, 14 мянга гаруй зээлдэгч орон сууцны хөтөлбөрт хамрагджээ. Гэтэл энэ жил 10 мянга орчим айл өрхөд зээл олгохоор төлөвлөсөн 700 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр байсаар атал оны эхний 4 сарын байдлаар гүйцэтгэл дөнгөж 25 хувьтай буюу 2000 хүрэхгүй айл өрх хамрагдаад байна.
Ипотекийн зээл ийм удаашралтай байгаа шалтгаан хаанаа байгааг судалж, МИК багцлах гээд удаагаад байна уу, эсвэл арилжааны банкууд өөрсдийн хөрөнгө оруулсан, зээл олгосон төслийнхөө байрыг худалдах гээд гацаагаад байна уу гэдгийг талууд нээлттэй хэлэлцэж, цаашид хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх асуудлаар нэгдсэн шийдэлд хүрэхийг Шадар сайд үүрэг болгов гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2026/01/26
Г.Баасандорж: Гаалийн хяналтын бүсэд ажиллах эрэлч нохойн тоог нэмэгдүүлэх шаард...
-
Үйл явдал2021/12/07
Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
-
Дэлхий нийтээр..2024/09/16
Нүхтийн аманд барьж буй дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын хөдө...
-
Үйл явдал2024/02/07
Нийслэлийн аварга фермерүүд шалгарлаа
