Тод индэр
ФАТФ-ын мэдэгдэлд Монгол Улсад ямар нэг хориг арга хэмжээ авах талаар дурдаагүй

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан мэдэгдэлдээ Монгол Улсыг хяналтын буюу “саарал жагсаалт”-д оруулж, тодорхой үйл ажиллагааны төлөвлөгөө хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Тус мэдэгдэлд Монгол Улсад ямар нэг хориг арга хэмжээ авах талаар дурдаагүй.
ФАТФ-аас Монгол Улсыг хяналтын жагсаалтад оруулсантай холбоотой дараах үйл ажиллагааны төлөвлөгөө хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Үүнд:
- Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийг хянан шалгах байгууллагын тухайн салбарын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн талаарх ойлголтыг сайжруулах, хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан аргачлалаар хийж гүйцэтгэх, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүргээ зөрчсөн тохиолдолд гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах;
- Мөнгө угаах үйлдлийг мөрдөн шалгах, яллах ажиллагааг нэмэгдүүлэх (тодорхойлсон эрсдэлтэй уялдсан байх);
- Хилээр мэдүүлээгүй/худал мэдүүлж нэвтрүүлсэн мөнгөн тэмдэгтийг хураан авах, битүүмжлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэх, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах;
- Хориг арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байхаас урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллагууд уялдаа холбоотой, нягт хамтран ажиллах; санхүүгийн байгууллага, Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүргээ хэрхэн биелүүлж байгааг хянах, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах.
Үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч гэдэгт үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч, үл хөдлөх эд хөрөнгө, зуучлалын байгууллагуудаас гадна хуульч, нотариатч зэргийг багтааж байгаа юм.
Монгол Улсын их хурлаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шинэчлэн баталсан Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуульд өмнө нь зохицуулалтгүй байсан “үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа”, “үл хөдлөх эд хөрөнгө, зуучлалын байгууллагын үйл ажиллагаа”-г Санхүүгийн зохицуулах хороо шинээр хянаж зохицуулахаар тусгагдсан.
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Санхүүгийн зохицуулах хороо мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг шаардлагатай дүрэм журмыг шинээр боловсруулах, өөрчлөлт оруулах зэрэг хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлууд, үнэт цаас, даатгал, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага зэрэг зохицуулалтын байгууллагууддаа эрсдэлийн үнэлгээ хийж, сургалт семинар, форумыг зохион байгуулж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхжүүлэн, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлэн ажиллалаа. Ингэснээр зайны болон газар дээрх хяналт шалгалтад хамрагдсан этгээдийн тоог өмнөх жилүүдээс гурваас тав дахин нэмэгдүүлж ФАТФ-ын Харилцан үнэлгээний тайлангийн зөвлөмжийн үзүүлэлтийг хангаж ажиллалаа.
Монгол Улсыг хяналтын жагсаалтад оруулсантай холбоотой ФАТФ-аас өгсөн үүрэг даалгаварт Санхүүгийн зохицуулах хорооны үндсэн зохицуулалтын салбарууд болох үнэт цаас, даатгал, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллагуудад шууд хамаарах асуудал тусгагдаагүй болно.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
Тод индэр
С.Эрдэнэболд: Парламент хүний эрхийг тогтолцооны төв болгохоор ажиллаж байна
Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболдтой ярилцлаа.
-Хүний эрхийг хангах, хамгаалахад манай эрх зүйн орчин ямар байна вэ?
-Би 2024 оны 10 дугаар сарын 22-нд Дэд хорооны даргаар сонгогдсон. Түүнээс хойш хүний эрхийг зүгээр нэг нийгмийг доргиосон, шуугиан тарьсан үед хөндөж яриад өнгөрдөг бус, эрх зүйн орчинд тогтвортой, тасралтгүй анхаарч шинэчлэл хийх шаардлагатайг ойлгосон. Хууль тогтоох байгууллагын хувьд бид зөвхөн хууль батлаад зогсох биш, түүний хэрэгжилт, хүний эрхэд үзүүлэх нөлөөлөлд хяналт тавих үүрэгтэй.
-УИХ энэ бүрэн эрхийнхээ хугацаанд бүх үйл ажиллагаагаа “хүн төвтэй” байхаар тодорхойлж, стратегиа баталсан, энэ хүрээнд хүний эрхийн чиглэлд ямар ахиц гарч байна вэ?
-Энэ стратеги бол парламентын үйл ажиллагааг илүү чадавхжуулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, гарч буй шийдвэр бүр хүний эрхийн шалгуурыг давах ёстой гэдэг хатуу үзэл баримтлалтай. Өнгөрсөн намрын чуулганаар л гэхэд 100 орчим шийдвэр, хууль, тогтоол гарсан. Улсын Их Хурлаас гарч буй аливаа шийдвэр хүний эрхийг зөрчихгүй байх зарчмыг бид баримталж ажиллаж байна.
-Хүний эрхийн дэд хороо иргэний нийгмийн байгууллагуудтай байнгын уулзалт зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрсөн. Энэ механизм хэр үр дүнтэй байна вэ?
-Хүний эрхийн дэд хороо 2024 оны 12 дугаар сараас эхлэн сар бүрийн хоёр дахь долоо хоногийн Лхагва гарагт төр хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, судлаачидтай хамтран, хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр сэдэвчилсэн уулзалт-хэлэлцүүлгийг хийж байна. Бодлогын түвшинд санал дэвшүүлж, хэлэлцдэг. Үүний үр дүнд хүний эрхийн чухал асуудлуудыг нийгмийн олон талт оролцоотойгоор хэлэлцэж, гарц шийдэл гаргаж эхэлсэн. Тухайлбал, өнгөрсөн оны 12 дугаар сард UPR буюу НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлэгт илгээх Монгол Улсын тайлангийн талаар, энэ оны 1 дүгээр сард НҮБ-ын зөвлөмжийн хэрэгжилтийн тухай, 3 дугаар сард хүүхдийн хорих ангийн нөхцөл байдлыг, 4 дүгээр сард Байгаль орчны холбогдох хууль тогтоомж дахь хүний эрх хэрэгжилтийн талаар, 5 дугаар сард гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, гарц шийдлийн талаар онцлон, хэлэлцсэн байна.
-Эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ямар алхамууд хийгдэж байна вэ?
-Хамгийн энгийн жишээ гэхэд төрийн байгууллага хоорондын уялдаа муу, мэдээллийн зөрүү нь хүний эрхийн асуудалд сөрөг нөлөө үзүүлдэг. Нэг асуудлаар байгууллага бүр өөр мэдээлэлтэй, нэг сэдвийн талаар өөр ойлголттой ажиллаж байна. Хууль тогтоогчдын зүгээс үүнийг төрийн байгууллага хооронд уялдаагүй байдал, тогтолцооны хийдэл гэж үзэж байгаа.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 2000 гаруй журам нийгмийн харилцааг зохицуулж, тэдгээрт хүний эрхийг хязгаарлаж, зөрчсөн заалтууд байх нь түгээмэл байна. Бид энэ байдлыг өөрчилж, хүний эрхийг хязгаарлах бол зөвхөн хуульд үндэслэн, байж болох хамгийн бага хэмжээнд хязгаарладаг болох эрх зүйн шинэчлэл хийх зорилттойгоор шат дараалсан ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна.
Парламентын гишүүн “…иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, … Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж…” гэж тангараг өргөдөг бөгөөд энэ агуулгаараа “хүний эрхийг хамгаалах” тангарагтай гэсэн үг. Бид тангарагаа сахиж, ажил хэрэг болгохын тулд парламентын хяналтын чиг үүргээ илүү эрчимжүүлж, хариуцлагатай гүйцэтгэх шаардлагатай.
-Улсын Их Хурал энэ бүрэн эрхийнхээ хугацаанд "хүн төвтэй" стратегийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх вэ?
-Хүний эрхийн асуудал нь ямар нэг даргын пи ар, эсвэл сонгуулийн үеэр ярьдаг сэдэв биш. Энэ бол чөлөөт, ардчилсан нийгмийн суурь, үнэт зүйл. Хүний эрхийг хамгаалах нь Улсын Их Хурлын гишүүн бүрийн, төрийн байгууллага бүрийн, төрийн бүх шатны байгууллагын үүрэг юм.
Парламентын үнэт зүйл нь олон хууль баталснаараа бус, баталсан хуулиуд нь амьдрал дээр хүний эрхийг бодитойгоор хангаж, хамгаалж чадсан эсэхээр хэмжигдэнэ. Иргэн бүрийн жижиг мэт санагдах асуудлыг ч томруулж харж, хамгаалж, шийдвэрлэх нь парламентын хариуцлага юм.
Тод индэр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын цэргийн хүндэтгэлийн ёслолд оролцлоо.
Ялалтын баярын жагсаалд ОХУ-ын 11 мянга гаруй цэргийн алба хаагч, Монгол Улс, БНХАУ, Азербайжан, Беларусь, Тажикстан, Казахстан, Туркменистан, Кыргызстан, Египет, Узбекистан, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг 13 орны 1,500 гаруй цэргийн алба хаагч оролцлоо.
28 офицер, 50 ахлагч, цэргийн гэрээт хоёр алба хаагчаас бүрдсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний жагсаалыг 032 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Э.Билэгсайхан ахаллаа.
Алба хаагчид өнгөрсөн сард ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа “Звенигородский” цэргийн амралт, сувиллын газар Казахстан, Тажикстан, Туркменистан улсын цэргийн багтай хамтран бэлтгэлээ хийжээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрөөс “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” уриан дор хөдөлмөрлөж, Зөвлөлт Холбоот Улс, Улаан армид “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх хүчний эскадриль, 500 мянган агт морьдоос гадна зургаан удаа дулаан хувцас, хоол хүнс, бүхий 740 вагон тусламжийн бараа нийлүүлж, ялалтад өөрийн хувь нэмрээ оруулсан юм.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
-
Тод мэдээ2022/09/02
Япон улсын атомын энергийн агентлагийн төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцлоо
-
Тод мэдээ2022/05/27
Монгол Улсыг дижитал эдийн засагт шилжүүлэхэд Европын сэргээн босголт, хөгжлийн ...
-
Өнөөдөр2023/05/18
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Тод мэдээ2024/06/19
“Нийтийн ахуйн үйлчилгээний төв” төслийн бүтээн байгуулалтын ажил эх...