Үйл явдал
Монголбанк, СЗХ-ны удирдлагад хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байгаагаа мэдэгдлээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнтэй уулзаж, Монгол Улс FATF-ын (Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага) “саарал жагсаалт”-д орсон нөхцөл байдал, FATF болон APG-гээс (Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллага) ирүүлсэн нэмэлт зөвлөмжид тусгасан шаардлагыг хэрэгжүүлэх болон санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр хийж, гүйцэтгэсэн ажил, үр дүнгийн асуудлыг хөндөж ярилаа.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар дээрх асуудлууд болон Банк бус санхүүгийн байгууллагууд, Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаанд тавьж буй хяналт, мэргэжлийн холбоодоос Санхүүгийн зохицуулах хорооны даргад хариуцлага тооцуулах талаар УИХ-ын даргын нэр дээр хоёр ч удаа ирүүлсэн гомдол, гомдлын мөрөөр ажилласан УИХ-ын Ажлын хэсгийн шалгалт, зөрчлийг арилгах талаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн байдал зэрэг асуудлаар асуулт асууж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн хариулт өглөө.
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс FATF-ын “саарал жагсаалт”-д орсон нь холбогдох байгууллага, албан тушаалтнууд ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсантай шууд холбоотой. Тиймээс зохих хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Энэ шаардлагыг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхантай өнөөдөр уулзахдаа ч тавьсан.
Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны удирдлага FATF-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх болон улсын эдийн засгийг тогтворжуулж, санхүүгийн орчныг эрүүлжүүлэх чиглэлээр тодорхой ахиц дэвшил гаргасан боловч гадаадад болон дотооддоо итгэл хүлээлгэхүйц орчин нөхцөл бүрдүүлж, үр дүнд хүрч чадсангүй.
Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн зэх зээлийн тогтвортой байдлыг хангах, хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж байна гэж үзэж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтад эрс шинэчлэл хийх зайлшгүй нөхцөл үүслээ.
Тиймээс өөрийн бүрэн эрхийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Танд хариуцлага тооцох асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж байна хэмээн мэдэгдэв.
Үйл явдал
Шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар боловсролын салбарын шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-2026-2027 оны хичээлийн жилээс 1 дүгээр ангийн сурах бичгийг шинээр зохиох, хэвлэх, түгээх ажил болон бусад ангиудын сурах бичгийн нөхөн хангалтын хүртээмж
-Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл
-“COP 17” арга хэмжээтэй холбоотойгоор хичээл сургалтын зохицуулалт
-Нийслэлийн хэмжээнд хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль байгуулах ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд ажиллах
-Боловсролын зээлийн сангийн 2026 оны сонгон шалгаруулалтын үр дүн, тэтгэлэг, зээл, төлбөрийн хөнгөлөлтийн хэрэгжилтийн явц, төсвийн нөхцөл байдал
-2027 оны төсвийн төлөвлөлт болон боловсролын салбарын 2026 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төслүүдийн явцтай танилцах
-Тажикстан Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах зэрэг асуудлуудын талаар хэлэлцлээ.
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцуулсан асуудал бүр дээр шийдэл, шаардагдах төсөв, хугацааг тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүтэц, нэгжийн удирдлагуудад даалгалаа.

Үйл явдал
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
НӨАТ-ын урамшууллын 2026 оны 07 дугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2026 оны 07 дугаар сарын 22-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэн та 2026 оны 06 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.
Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй.

Үйл явдал
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ
Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

-
Дэлхий нийтээр..2022/01/13
Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
-
Дэлхий нийтээр..2021/03/04
У.Хүрэлсүх: МАН өөрийгөө байнга шинэчилж байж ард түмнийг манлайлна гэдэг байр с...
-
Тод зураг2020/05/06
Дадлага сургуулилтын үеэр Чингэлтэй дүүрэгт хөдөлгөөн хязгаарлана
-
Үйл явдал2024/10/29
Өнөөдөр зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана
