Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад говийн бүс нутгаар аагим халуун болж, нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2022 оны 06 сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 35-40 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 22-24 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 22-24 хэм дулаан байна.
2022 оны 06 дугаар сарын 17-ноос 06 дугаар сарын 21-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
17-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд говийн бүс нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 34-39 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
Үйл явдал
МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК болон Юнител группийн охин компани Toki апп нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү хамтралын хүрээнд МИАТ компанийн нислэгийн тийзийг Toki апп-р дамжуулан дижиталаар хялбар захиалах үйлчилгээ албан ёсоор нээгдлээ.
2026 онд МИАТ ТӨХК-иар үйлчлүүлэх зорчигчдын тоо 1.2 сая хүрэх төлөвтэй байгаа бөгөөд цаашид энэ тоо тогтмол өсөх хандлагатай байна. Зорчигчдын урсгал нэмэгдэхийн хэрээр нислэгийн тийзийг илүү хурдан, түргэн шуурхай захиалах дижитал шийдлийн хэрэгцээ өссөөр байгаа юм. Иймд МИАТ компани хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болсон Toki супер аппликейшнтэй хамтран, үйлчилгээгээ иргэдэд улам бүр ойртуулж байна.
Тодруулбал, хэрэглэгчид Toki апп-ын “Олон улс” цэснээс МИАТ компанийн бүх чиглэлийн нислэгийн хуваарь, үнийн мэдээллийг цаг алдалгүй харан, тийзээ захиалахаас гадна зээлийн үйлчилгээ ашиглан худалдан авах боломжтой боллоо.
Цаашид талууд гадаад руу зорчихоор төлөвлөж буй иргэддээ нислэгийн лояалти (loyalty) оноог Toki апп дотроосоо зарцуулах, тийзээ хуваан төлөх нөхцөлөөр худалдан авах зэрэг олон давуу талуудыг шат дараатайгаар нэвтрүүлэхээр ярилцав.

Арга хэмжээний үеэр Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Жамъяншарав “Иргэний агаарын тээврээр үйлчлүүлэх зорчигчдын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан МИАТ компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд хялбар шуурхай хүргэхэд Юнител групп технологийн найдвартай хамтрагчаар ажиллахдаа таатай байна. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болно.” хэмээн хэллээ.
Ташрамд дурдахад, Toki апп-н төлбөр төлөлт, зогсоол, хэрэглээний төлбөр, онлайн дэлгүүр, powerbank түрээс, family зэрэг үйлчилгээг өдөр тутамд 1 сая гаруй хэрэглэгч ашигладаг бөгөөд энэ жил гадаадад зорчих иргэдэд зориулж олон улсад такси дуудах, төлбөрөө Toki-р төлөх зэрэг олон улсын цогц үйлчилгээнүүдээ нэвтрүүлсэн байна.
Үйл явдал
“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан “Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Ногдол ашгийн орлогыг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-Mongolia)”-ээр авахаар шийдвэрлэсэн. Нээлттэй санал асуулга 2026 оны аравдугаар сарын 14-ний 09 цагт эхэлсэн, энэ сарын 28-ны 22 цаг хүртэл үргэлжилнэ. Иргэн та И-Монголиа, и-засаг цахим системээр саналаа өгөөрэй.
Нээлттэй санал асуулгатай холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал ард иргэддээ хандаж, хэлсэн үгтэй танилцана уу.
Үйл явдал
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд Санзайн автозамаас Майхан толгой хүртэл 0.9 км автозам барьж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төслийн талбайд ажиллалаа.
Тус чиглэлд хоёр эгнээтэй, хоёр талдаа явган хүний замтай хатуу хучилттай автозам барьж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж байна. Зам ашиглалтад орсноор Санзайн авто замаас Майхан толгой хүртэлх хэсгийн авто замын хүртээмж сайжирна. Мөн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдах бөгөөд тоосжилт буурах юм. Замын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна.

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогын хүрээнд замын зураг төсөл, төлөвлөлтөд онцгой ач холбогдол өгч, ус зайлуулах хоолой, явган болон дугуйн зам, замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц, орц, гэрэлтүүлгийг бүрэн шийдвэрлэж ажлыг гүйцэтгэх ёстойг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо.


