Дэлхий нийтээр..
Украйны парламентын гишүүнийг Молдав улсаас баривчилжээ
Молдавын эрх баригчид Интерполоор дамжуулан Беларус улсын хүсэлтээр Украины парламентын гишүүн Евгений Яковенког авлига, хээл хахуулийн хэрэгт сэжиглэн баривчилжээ.
Молдавын хилийн цагдаа нар ням гарагийн орой Украины зүүн нутгийн Донецк мужаас сонгогдсон парламентын гишүүн 57 настай Евгений Яковенког баривчилж, Кишинев хотод цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээг авчээ.
Интерпол Беларусийн эрх баригчдын хүсэлтээр Яковенког баривчилсан тухай олон улсын мэдэгдэл гаргажээ. Интерполын Кишинев дахь товчооны тэргүүн Виорел Тентиоу “Минскийн эрх баригчид Украины парламентын гишүүнийг авлига, хээл хахуулийн хэргээр баривчилж, шилжүүлэн өгөх хүсэлтийг гаргасан” гэж мэдээлэв.
Хилийн цагдаагийн газрын дарга Росиан Василой BIRN-д хэлэхдээ, Молдавын хүчин ийм нөхцөлд зөвхөн тогтоосон протоколыг дагаж мөрддөг. Тэрээр “Бидэнд ийм олон тохиолдол байгаа. Интерполоор дамжуулан аюулгүй байдлын янз бүрийн байгууллагуудад эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийг хайх тохиолдол байдаг” гэв.
Яковенко 2019 онд Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн тэргүүлдэг Батикивсина намаас Украйны парламентад нэр дэвшиж байсан юм. Харин парламентын гишүүнээр сонгогдсоныхоо дараа намаасаа гарсан байна.
Яковенког сонгуульд ялалт байгуулсны дараа Медведевийн багийнхан сонгуулийг будлиантуулж, сонгогчдод авлига өгсөн гэж буруутгаж байсан.
Оросууд Украин руу довтолж эхлэх үед эх орноосоо урвасан хэргээр нуугдаж байсан Медведчук өнгөрсөн долоо хоногт баривчлагдаж, Москвад дайнд тусалсан хэргээр яллагдагчаар татагдсан юм. Тэрээр уг мэдээллийг үгүйсгэж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Синсиннатигийн амьтны хүрээлэнгийн усны үхэр малгай залгижээ
АНУ-ын Синсиннати хотын амьтны хүрээлэнгийн Фиона нэртэй усны үхэр зочны сүлжмэл малгайг залгисны дараа малын эмч нарын байнгын хяналтад байна. Зочны агаарт шидсэн малгай таазны сэнсэнд цохигдон, үзэгчдийн цонхны дээрх завсраар амьтны хашаанд оржээ.
Фионагийн хоолны дуршил буурсан тул эмч нар хэт авиан болон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийжээ. Нас бие гүйцсэн усны үхэрт ийм мэс засал хийх боломжгүй гэж зөвлөх мэргэжилтнүүд үзсэн байна. Тиймээс малын эмч нар Фионад шингэн нөхөж, малгай хоол боловсруулах замаар нь гадагшлахыг хүлээн, өдөр шөнөгүй ажиглаж байна.
Фиона 2017 онд дутуу төрөхдөө ердөө 13.2 килограмм жинтэй, хөл дээрээ тогтож чадахгүй байжээ. Амьтны хүрээлэнгийнхэн түүний өсөлт бойжилтыг тогтмол бичиж нийтэлснээр Фиона дэлхий даяар танигдсан юм.
Дэлхий нийтээр..
АНУ-д цахим үйлчилгээ дараалан доголдсоны дараа баталгаагүй таамаг тархжээ
АНУ-д «Майкрософт»-ын үүлэн үйлчилгээ доголдож, нислэгүүдийг түр саатуулсан техникийн асуудал гарсны дараа нийгмийн сүлжээнд эдгээрийг хооронд нь холбосон баталгаагүй таамаг тархжээ. Зарим хэрэглэгч цахилгаан эрчим хүчний сүлжээг нууцаар туршсан, эсвэл зориуд тасалдуулахаар бэлтгэж байна хэмээн бичсэн байна. Эдгээр доголдол нэг шалтгаантай гэх нотолгоо одоогоор гараагүй байна.
Тухайлбал, «Юнайтед Эйрлайнс» компанийн систем арваннэгдүгээр сарын 16-нд богино хугацаанд доголдож, цөөн тооны нислэгт нөлөөлжээ. Тэр өдөр зарим банкны хэрэглэгч цахим дансандаа нэвтрэхэд хүндрэл гарсан тухай мэдээлсэн байна. Нийгмийн сүлжээнд «Юнайтед Эйрлайнс»-ийн доголдлын цар хүрээг хэтрүүлсэн нийтлэлүүд ч тархжээ.
Арваннэгдүгээр сарын 17-нд телевиз, радиогоор явуулсан онцгой байдлын сэрэмжлүүлгийн туршилтыг ч зарим хэрэглэгч доголдлуудтай холбожээ. АНУ-ын Онцгой байдлын удирдах агентлаг уг туршилтыг хэдэн сарын өмнөөс товлосон бөгөөд хэвийн явагдсан гэж мэдээлсэн байна.
Техникийн доголдол ойр ойрхон гарах үед хүмүүс тэдгээрийн хооронд холбоо хайх хандлагатай байдаг. Нийгмийн сүлжээний санал болгох тогтолцоо хэрэглэгчийн анхаарсан сэдэвтэй төстэй нийтлэлүүдийг дахин дахин харуулдаг тул баталгаагүй таамаг олон эх сурвалжаар нотлогдсон мэт сэтгэгдэл төрүүлж болзошгүй юм.
Дэлхий нийтээр..
ОпенЭйАй компани 10.9 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ
Хиймэл оюун ухааны ЧатЖиПиТи системийг хөгжүүлэгч ОпенЭйАй компани 2026 оны гуравдугаар улиралд 10.9 тэрбум ам.долларын үйл ажиллагааны алдагдал хүлээсэн талаар «Уолл стрит журнал» сонин мэдээлжээ.
Тус компанийн улирлын орлого өмнөх улирлаас 50 орчим хувиар өсөж, 10 тэрбум ам.долларт хүрсэн ч алдагдал нь буураагүй байна. Харин ч өмнөх улирлын 10.1 тэрбум ам.доллароос 10.9 тэрбум болж нэмэгджээ.
Компанийн орлого эрчимтэй өсөж байгаа хэдий ч үйл ажиллагааны зардал өндөр хэвээр байгаа нь санхүүгийн үзүүлэлтэд нөлөөлж байна. Хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэх, тооцоолох хүчин чадлыг өргөжүүлэхэд их хэмжээний хөрөнгө шаардлагатай байгаа юм.
«Уолл стрит журнал» сонин дээрх мэдээллийг компанийн санхүүгийн баримтад үндэслэн нийтэлсэн бөгөөд ОпенЭйАй компани уг үзүүлэлтийн талаар тайлбар өгөөгүй байна.
-
Дэлхий нийтээр..2023/05/10
Чевнингийн тэтгэлэгт хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлт гаргалаа
-
Үйл явдал2024/08/21
Хөрсний усаа борооны ус зайлуулах хоолой руу шавхаж байгаа зөрчлийг арилгуулжээ
-
Дэлхий нийтээр..2024/12/17
Металл зүсэх хүчтэй лазер туяа ялгаруулдаг дрон бүтээжээ
-
Үйл явдал2020/06/13
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
