Өнөөдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 13. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын Билгийн тооллын 23. Санчир гараг. Шувуун хушуут одтой, хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Хий
Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.
Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
Өнөөдөр
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Арванхоёрдугаар сарын 14-16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.
2024 оны 12-р сарын 13-ны 20 цагаас 12-р сарын 14-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн хойд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, шөнөдөө Увс нуурын хотгороор, өдөртөө Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 37-42 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 31-36 хэм, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 25-30 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 19-24 хэм, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2-7 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 хэм, бусад хэсгээр 21-23 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
2024 оны 12-р сарын 15-наас 2024 оны 12-р сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Арванхоёрдугаар сарын 16-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар, 17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 15-нд тал, хээрийн нутгаар, 16-нд Алтайн салбар уулсаар, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгор болон Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Өнөөдөр
Монголбанк: Бодлогын хүүг 10 хувьд хэвээр үлдээлээ
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2024 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах, Банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 1 нэгж хувиар тус тус нэмэгдүүлж, харгалзан 11 хувь болон 16 хувьд хүргэхээр шийдвэрлэлээ.
Жилийн инфляц 2024 оны 10 дугаар сард 7.0 хувьтай байсан бол 11 дүгээр сард улсын хэмжээнд 8.1 хувь болж өслөө. Энэхүү өсөлт нь цахилгааны үнийн өсөлттэй холбоотой бөгөөд цахилгааны үнэ 10 дугаар сард жилийн инфляцын 0.6 нэгж хувийг бүрдүүлж байсан бол 11 дүгээр сард 1.9 нэгж хувийг бүрдүүлж байна. Цахилгааны үнийн өсөлтөөс гадна эдийн засгийн сэргэлт, өсөлттэй холбоотой дотоод эрэлт, цалингийн өсөлтийн нөлөөгөөр үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ хүлээлтээс өндрөөр өссөн нь сүүлийн саруудад инфляц нэмэгдэхэд нөлөөлж байна. Цаашид төрийн зохицуулалттай үйлчилгээний үнэ өссөнийг дагасан дам нөлөө болон төсөв тэлж, эрэлтийн шалтгаантай үнийн дарамт нэмэгдэхээр байна. Эдгээрийн нөлөөгөөр ирэх оны эхний хагаст инфляц эрчимжиж, түүнээс хойш эргэн саарч эхлэх хүлээлттэй байна.
Эдийн засгийн өсөлт 2024 оны эхний гурван улирлын байдлаар 5.0 хувьтай гарлаа. Өсөлт удаашрахад зэс, алтны олборлолт хүлээлтээс бага гарсны зэрэгцээ барилга, боловсруулах салбарын үйлдвэрлэл буурсан нь гол нөлөө үзүүлэв. Үүнтэй уялдан энэ оны өсөлтийн төсөөллийг өмнөхөөс бага зэрэг бууруулсан бол, ирэх онд төсвийн төлөв сулрах, Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл өсөх, энэ оны зудын нөлөө буурах зэргээс шалтгаалан эдийн засгийн өсөлт эрчимжихээр байна.
Хөгжингүй орнуудын мөнгөний бодлого энэ онд зөөлрөх чиглэлд өөрчлөгдөж байна. Энэ нь цаашдын глобал өсөлтөд эергээр нөлөөлөх боловч, геополитикийн нөхцөл байдлыг дагасан гадаад орчны тодорхой бус байдал өндөр хэвээр байна.
Инфляц 2026 оны эхнээс зорилтот интервалын орчимд тогтворжихоор байна. Иймд зээл, санхүүжилтийн нөхцөлийг хэт хатууруулахгүй байж, дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах зорилгоор бодлогын хүүг 10 нэгж хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлж, тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилгоор банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 1 нэгж хувиар тус тус нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Эдгээр багц шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ гэв.
Өнөөдөр
Автомашин хийгээр цэнэглэдэг станцуудын зөрчлийг арилгуулж байна
Суурьшлын бүсэд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аливаа осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор автомашин хийгээр цэнэглэх станцын байршил, үйл ажиллагаа, савны ашиглалт, аюулгүй ажиллагаанд нийслэлийн Хяналт шалгалтын газраас шалгалт хийн, зөрчлийг арилгуулж буй. Энэ хүрээнд өнөөдөр Чингилтэй дүүргийн 7 дугаар хороо, Телевизийн хуучин эцэст байрлах “Дашваанжил” ХХК-ийн автомашин хийгээр цэнэглэх станцад гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийлээ.
Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтcийн дарга Б.Найрамдал “Нийслэлийн хэмжээнд 57 байршилд автомашин хийгээр цэнэглэх станц үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс шингэрүүлсэн шатдаг хий хадгалах саваа ил байрлуулдаг 33 байршил бий. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд тухайн савыг газар доор далд байрлуулж, техникийн аюулгүй байдлыг бүрдүүлэх мэдэгдэх хуудсыг өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар таван байршилд зөрчлийг арилгуулсан бөгөөд цаашид уг ажил үргэлжилнэ” гэв.
Ташрамд, өнөөдөр мөрдөж байгаа хий хангамжийн барилгын норм дүрмийн дагуу хот сууринд 20 метр хүртэлх газарт ил сав байрлуулахыг зөвшөөрсөн байдаг. Тиймээс НХШГ-ын зүгээс энэ норм, дүрэмд өөрчлөлт оруулах саналыг холбогдох газруудад хүргүүлсэн байна. Тодруулбал, суурьшлын бүсэд ялангуяа сургууль, цэцэрлэг, эмнэлэг, олон нийтийн барилга байгууламж, орон сууцны хорооллын дэргэд шингэрүүлсэн шатдаг хий хадгалах ил савтай үйл ажиллагаа явуулж байгаа станцуудын савыг далд болгох саналыг оруулсан аж. Энэ санал батлагдсанаар одоо үйл ажиллагаа явуулж байгаа 33 хийгээр цэнэглэх станцын савны байршлыг өөрчилж, техникийн аюулгүй байдал сайжрахаас гадна иргэд амар тайван байх боломж бүрдэнэ. Аж ахуйн нэгжүүдийн хувьд иргэдийн болон техникийн аюулгүй байдлыг хангах үүднээс норм дүрэмд өөрчлөлт орсон тохиолдолд зайлшгүй мөрдөх үүрэгтэй болох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС