Дэлхий нийтээр..
Нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хурааж эхэллээ
Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсаны дагуу нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хураан, төвлөрүүлж эхэллээ. Тодруулбал, тус хуулийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын А/789 дүгээр захирамж гарч, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын хамтарсан Ажлын хэсэг байгуулсан юм. Ийнхүү нийслэлийн нутгийн захиргааны болон өмчит, төсөвт аж ахуйн тооцоот байгууллага, тэдгээрийн харьяа орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын суудлын автомашинуудыг төвлөрүүлж байна.

Энэ талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Б.Батбаяр “Нийслэлийн хэмжээнд нийт 178 автомашиныг хурааж төвлөрүүлнэ гэсэн судалгаа гарсан. Өнөөдрийн байдлаар 28 машиныг татан төвлөрүүлээд байна. Ашиглалтын шаардлага хангахгүйн улмаас засвар, үйлчилгээ шаардлагатай байгаа 15 машиныг хурааж аваагүй байгаа” хэмээв.

Төрийн хэмнэлтийн тухай хуулиар эмнэлэг, онцгой байдал, цагдаа, байгаль орчны хамгаалал, хот тохижилт, нийтийн аж ахуй, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллага болоод үндсэн үйл ажиллагаа нь тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл ашиглах шаардлага бүхий байгууллагуудын автомашины хэрэглээг хязгаарлахгүй байхаар тусгажээ.

Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын дарга Э.Болор-Эрдэнэ “Манай баазын харьяанд 33 байгууллагын 78 автомашин хамаардаг. Эдгээр нь зөвхөн дарга нарын машин гэсэн ташаа ойлголт иргэдийн дунд бий. Тус автомашинуудыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг. Татан төвлөрүүлсэн автомашинуудыг дуудлагын зарчмаар ашиглах, үйлчилгээнд явуулах чиглэл ирсэн. Өмнө нь ч мөн аль нэг байгууллага манайд машин захиалж, албан хэрэгцээндээ ашигладаг байсан. Харин одоо технологийн хувьд шинэчилж, машин захиалах, дуудах үйлчилгээг илүү боловсронгуй болгохоор зорьж байна” гэсэн юм.
Нийслэлийн Төр захиргааны авто баазад парк шинэчлэл хийгээгүй удсан тул машинууд нь хуучирч муудсан бөгөөд 33 машиныг нэн яаралтай ашиглалтаас хасах шаардлагатай болсон талаар албаныхан онцолж байв. Мөн автомашины хэрэглээг хязгаарлан, татан төвлөрүүлж буйтай холбогдуулан жолооч нарыг үргэлжлүүлэн ажиллуулах, тэдний орлого болоод нийгмийн баталгааг одоогийн түвшнээс бууруулахгүй байх чиглэлийг Хотын дарга холбогдох албаныханд өгсөн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Төр захиргааны авто баазын батлагдсан орон тоог хасаж, цомхотгохгүй аж.

Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2020/08/08
Даланзадгад хотод 1200 хүүхдийн шинэ сургуулийн барилгын ажлыг эхлүүлэв
-
Үйл явдал2023/10/02
"Улаанбаатар бонд" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжаа өнөөдө...
-
Үйл явдал2026/08/18
“Интермед” эмнэлэгт тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл ирж, барилгыг бүр...
-
Дэлхий нийтээр..2022/05/06
СЗХ: Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж ажиллаж байна
