Хэн юу хэлэв...
Г.Одонцэцэг: Оточ Манрамба Их сургууль уламжлалт анагаах ухааны хөгжлийг тодорхойлж байна
Оточ Манрамба Их Сургуулийн дэд захирал, АУ-ы доктор, профессор Г.Одонцэцэгтэй ярилцлаа.
-Уламжлалт анагаах ухааны чадварлаг сайн эмч нарыг Оточ Манрамба Их Сургууль бэлддэг гэж салбарынхан ярьдаг юм билээ. Тус сургуулийн онцлог, давуу тал нь юу вэ?
-Оточ Манрамба Их Сургууль нь анагаах ухааны чиглэлээр байгуулагдсан анхны хувийн хэвшлийн их сургууль. Манай сургуулийн сургалт яагаад сайн байна вэ, төгсөгчид нь яагаад чадварлаг байна вэ гэхээр бид хэдэн мянган жилийн өмнөөс монголчууд анагаах ухааны эрдэмтэн мэргэдийг сургаж ирсэн сургалтын хөтөлбөр, аргаар оюутнуудаа сургаж ирсэнд байгаа юм. Оточ Манрамба Их Сургуулийн явуулж буй энэ сургалтын тогтолцоо 16-р зууны үед бэхжиж тогтсон. 16-р зууны үеэс буддын их таван ухааны нэг уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэн, уламжлалтын эмчийг бэлтгэхдээ 5 наснаас эхлэн тусгай нарийн сургалтаар үндсэн бичиг үсэг зааж, суурь боловсрол олгож төлөвшүүлээд, 16-17 наснаас нь шалгалт авч анагаах ухааны чиглэлээр тусгайлан сургаж байсан. 7 жилийн хугацаанд нарийн дэг жаяг, хөтөлбөрийн дагуу сургасны үндсэн дээр эмчийн зэрэг олгодог байсан. Төгсөлтийн дараах шаталсан сургалтаар эмч нарын зэрэг цолыг нь ахиулж, насан туршийн сургалтын системийг бий болгосон. Үүнтэй уялдаад уламжлалт анагаах ухаан Монгол оронд мэргэжлийн түвшинд хөгжиж ирсэн. Мэргэжлийн оточ эмч, маарамбууд ард түмэндээ амьдралын зан үйл, хэвшилд нь өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар маш нарийн гүн гүнзгий мэдлэгийг бий болгож, Монголдоо төдийгүй дэлхийн олон оронд алдар нэр нь дуурьсагдсан эмч нар төрөн гарч, алдартай зохиол бүтээлээ туурвисан байдаг.
Энэхүү сургалтын тогтолцоо нь Энэтхэгийн алдарт 500 бандида нар төрөн гарсан Наландрын их сургуулийн сургалтын сонгодог арга барил дээр суурилсан. Оточ Манрамба Их Сургуулийн сургалтын чанар, амжилт бүтээл энэхүү олон мянган жилийн баялаг гуу сангаас суралцагчдадаа зааж хүртээж байгаатай салшгүй холбоотой юм.
-Оточ Манрамба Их Сургуулийг үүсгэн байгуулагч, захирал, Хамба лам Д.Нацагдорж Монголын нэртэй оточ маарамбуудаас уламжлалт анагаах ухааны жүд дамжлагыг авч үлдсэн хүн гэдэг шүү дээ. Тэрхүү жүд дамжлагыг таслалгүй Оточ Манрамба Их Сургуулийн оюутнуудад дамжуулан сургаж байгаа нь чухал байх.
-Тэгэлгүй яах вэ, Хамба лам Д.Нацагдорж өөрөө 1974 оноос Монголын уламжлалт анагаах ухааны жүд дамжлагыг хадгалж байсан олон лам, эрдэмтэн багш нараасаа шавь сургалтаар заалган, эмийн ургамал, нууц жор, оношлох, эмчлэх арга ухаанд уйгагүй суралцсанаас гадна Энэтхэг улсад уламжлалт анагаах ухааны чиглэлээр суралцсан. Хамба лам Оточ Манрамба Их Сургуулийг үүсгэн байгуулахдаа уламжлалт анагаах ухааны сургалтын сонгодог аргыг баримтлан, орчин үеийн сургалтын шилдэг аргатай хослуулан сургалтын хөтөлбөрөө боловсруулж, сургалтаа явуулж эхэлсэн. Манай сургуулийн сургалтын хөтөлбөр, заах арга нь суралцагсдад нарийн мэргэжил олгохоос гадна энэрэн нигүүлсэх сэтгэл, хүнлэг ёс зүйг төлөвшүүлдэг. Мөн уйгагүй хичээл шамдал, тэвчээр, өгөөмөр зан чанарыг суулгаж өгдөг. Энэ нь суралцагсад болон төгсөгчдийн ажил, амьдрал, нийгэмд хандах хандлага, үйлчлүүлэгчид, ажил олгогчдын сэтгэгдлээс харагддаг.
-Оточ Манрамба Их Сургууль сургалтын хөтөлбөрийнхөө 70 хувьд уламжлалт анагаах ухаан, 30 хувьд нь өрнийн анагаах ухааны суурь мэдлэгийг тусгасан байдаг нь аль аль талдаа хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэж байна гэж хэлж болох уу?
-Өрнийн анагаах ухаанаас бидэнд авах зүйл маш их бий. Тиймээс сургалтын хөтөлбөрийнхөө 30 хувьд нь өрнийн анагаах ухааныг оруулж байгаа. Өрнийн анагаах ухааны анатоми, физиологи, хими, биологи зэрэг үндсэн суурь хичээлүүдийг эмч хүн зайлшгүй үзсэн байх ёстой. Мөн тухайн мэргэжлийн өвөрмөц онцлогтой уялдан орчин үеийн нарийн мэргэжлийн хичээл, дээд боловсролын суурь хичээлүүдийг заадаг.
-Анагаах ухааны цаашдын чиг хандлагад хувь хүнд тохирсон эмчилгээ зонхилох төлөвтэй байна. Энэ нь уламжлалт анагаах ухааны онол, эмчилгээний зарчимтай нийцэж байгаа шүү дээ. Тиймээс цаашид уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүд ихээхэн шаардлагатай болох нь. Оточ Манрамба Их Сургуульд илүү олон мэргэжилтэн бэлтгэх нөөц бололцоо бий юу?
-Хамгийн сайн анагаах ухаан бол хувь хүнд чиглэсэн, хувь хүний өвчинд, тухайн бодгальд чиглэсэн оношилгоо эмчилгээ байх ёстой гэж боддог. Уламжлалт анагаах ухааны онол яг л ийм байдаг. Эхний үед манай сургууль маш цөөхөн эмч мэргэжилтэн бэлтгэж байсан. Энэ нь багшлах боловсон хүчинтэй холбоотой. Харин бид 1996 онд анхны төгсөлтөө хийснээс хойш өөрсдийнхөө төгсөгчдийг сургаж, алхам алхмаар багшлах боловсон хүчнээ чадавхжуулсаар хүний нөөц бүрэн хангагдсан. Сургуулийн сурах орчныг бүрэн бүтээн байгуулж, сургалт явуулах томоохон бааз эмнэлэгтэй боллоо. Сургалт судалгаа хийх лабораториудыг иж бүрнээр тохижуулж, үйл ажиллагаанд орууллаа. Манай сургууль 2500 оюутны багтаамжтай хичээлийн байртай. Тиймээс олон оюутан сургах бололцоо бүрдсэн. Бид англи хэл дээр сургалт явуулах бэлтгэлээ хангасан тул дотооддоо төдийгүй олон улсын түвшинд сургалт явуулах боломжтой.
-Өнгөрсөн 31 жилийн хугацаанд уламжлалт анагаах ухааны салбарт чадварлаг боловсон хүчин бэлтгэн нийлүүлж байгаа нь маш том хөрөнгө оруулалт. Үүнээс гадна салбартаа ямар ахиц дэвшил, шинэчлэлийг авчирсан бэ?
-Оточ Манрамба Их Сургууль, Манба Дацан Нэгдсэн эмнэлэг бол Монгол улсдаа уламжлалт анагаах ухааны чиглэлд тэргүүлж, хөгжлийг тодорхойлж байгаа байгууллага гэж хэлж болно. Бид өнгөрсөн хугацаанд маш олон шинэчлэлийг салбартаа хийсэн. Манай байгууллага уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээний чиг хандлагыг тодорхойлж байна. Уламжлалт анагаах ухааны жишиг эмнэлгийг барьж байгууллаа. Уламжлалт анагаах ухааны өвчний ангилал зүйг баталгаажуулж гаргасан. Эмнэл зүйн болон онолын судалгаа хийж байна. Бид 1990 оноос хойш дэлхийн 56 улс оронд өөрсдийн хичээл зүтгэл, хүч хөрөнгөөр уламжлалт анагаах ухааны чиглэлээр лекц тавих, үзлэг оношилгоо хийх зэргээр уламжлалт анагаах ухаанаа төдийгүй Монгол орноо сурталчлан таниулж ирсэн.
-Ярилцсанд баярлалаа.
Хэн юу хэлэв...
Ерөнхий сайд Н.Учрал Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, түймрийн голомт, тархалт, хамарсан хүрээг тогтоож, цаашид түймэр гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас Улсын Онцгой комисс, Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газарт тус тус үүрэг даалгавар өгсөн. Ерөнхий сайд өгсөн үүргийнхээ биелэлтийг хянаж, уулзалт /2026.10.26/ хийлээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ажлын хэсэг ажиллаж байна. Мөн нэмэлтээр мэргэжлийн байгууллагын шинжээч нарын баг газар дээр нь ажиллаж байна. Нийт шатсан газар нутгийн 30 хувьд нь машин техник очих боломжтой. Үлдсэн 70 хувьд нь хүрч ажиллах баг маргааш онгоцоор гарна.
Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд мэдэгдээгүй бүс нутагт нэвтэрсэн асуудал хөндөгдөж байна. Хохирлыг хөрс, газрын хэвлий, ургамал, амьтан, агаар зэрэг байгалийн бүрдэл хэсэг бүрээр нь хуулийн хугацаанд тогтооно. Хэрэг үүсгэн шалгаж байгаа. Шүүхийн шатанд дахин хохирол тогтоох асуудал үүсэхээс сэргийлж Шүүхийн шинжилгээний байгууллагаас мэргэжлийн шинжээчийг одоо ажиллаж буй багт нэмж ажиллуулна зэрэг мэдээллийг өглөө.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян, нисдэг тэрэгний түлш нийлүүлэх машин өнөөдөр, 13:40 цагт Дорнод аймаг руу хөдөлсөн. Зургаан цэгт ажиллахаар төлөвлөсөн гэлээ.
Ерөнхий сайд “Нөмрөгийн дархан цаазат газрын 80 орчим хувь түймэрт өртлөө. Энэ бол зүгээр нэг газар шатсан хэрэг биш. Монгол орны унаган байгаль, ховор амьтан, ургамал, үр хойчдоо өвлүүлэн үлдээх ёстой байгалийн баялаг сүйдсэн ноцтой асуудал. Ийм хохирол учраад байхад хэн ч хариуцлага хүлээхгүй үлдэх ёсгүй. Хэн зөвшөөрөл олгосон, ямар зорилгоор нэвтэрсэн, галын аюулгүй байдлыг хэн хангах ёстой байсан, түймэр гарсны дараа ямар арга хэмжээ авсан болон Мобиком компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг ч хууль, баримтад тулгуурлан шалгах ёстой гэлээ.

Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Гэхдээ хөрөнгө оруулагчид хууль, хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн үг биш. Монголын газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бол Монгол Улсын хууль, тогтоомжийг мөрдөх зарчимтай гэдгийг онцоллоо.
Түймэрт өртсөн газар нутаг, устаж сүйдсэн ургамал, амьтны амьдрах орчин, байгаль орчинд учирсан хохирлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирт,
Хуулийн дагуу албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй хариуцлага алдсан хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнд,
Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулгад хариуцлага тооцохыг Сангийн сайд З.Мэндсайханд:
Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч Б.Гантөгсөд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэнд тус тус үүрэг болголоо.


Хэн юу хэлэв...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч Александер Дийркс Дрезден хотноо бараалхлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Саксонийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын хэлхээ холбоо нь манай хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг, үнэт өв болдог гэдгийг тэмдэглэв.
Энэхүү түүхэн уламжлалыг эдүгээ цагт үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр Саксонийн шилдэг их сургуулиудад олон залуус эрдэм мэдлэгт шамдан суралцаж буйг онцоллоо.
Мөн нэгэн зууны тэртээгээс Саксони муж улсыг зорин ирсэн оюутан залуусыг үеийн үед элэгсэг дотноор хүлээн авч ирсэн Саксони муж улсын ард иргэдэд монгол түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дрезден хотын хүндэт зочны дэвтэрт хүндэтгэлийн үг бичиж, гарын үсэг зурлаа.
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
-
Үйл явдал2024/06/21
Дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хэсэгт эрс сэрүүснэ
-
Хэн юу хэлэв...2020/09/23
Б.Батбямба: Хууль, хяналтын байгууллагаас бүрддэг зөвлөлийн хөрөнгөөс хувьдаа за...
-
Дэлхий нийтээр..2023/09/18
Тариалангийн талбайг хашаажуулах саналыг дэмжив
-
Дэлхий нийтээр..2024/06/04
Монгол, Беларусийн хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
