Дэлхий нийтээр..
Монгол, Беларусийн хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Төрийн айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурав.
Тус гэрээ нь уламжлалт найрсаг харилцааны үндсийг тодорхойлох чухал баримт бичиг бөгөөд хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, улс төр, эдийн засаг, нийгэм, соёл болон бусад салбар дахь харилцаа өргөжин хөгжих юм. Талууд мөн доорх баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
- МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛС ХООРОНД 2024-2026 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗАМЫН ЗУРАГЛАЛ
Харилцаа, хамтын ажиллагааг тухайлбал, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, барилга, уул уурхай, спорт, аялал жуулчлал, соёл, мэдээлэл зэрэг салбарт хөгжүүлнэ.
- БОЛОВСРОЛЫН БАРИМТ БИЧИГ, ЭРДМИЙН ЗЭРГИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР
Талууд бакалавр, магистр, доктор болон бусад төрлийн боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрч, энэ салбар дахь харилцааг хөгжүүлэн, боловсролын чанарыг ахиулах талаар хамтран ажиллана.
- ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ, СОЛИЛЦОХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ТЭЭВРИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ
Беларусь Улсад байнга оршин суугаа монгол иргэд, Монгол Улсад байнга оршин суугаа беларусийн иргэд жолоодох эрхийн үнэмлэхээ тухайн суугаа улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах боломжтой болно.
- ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ
Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдал, түймэртэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллаж, салбар хоорондын мэдээлэл, туршлага солилцож, мэргэжилтэн бэлтгэнэ.
- ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ,
- ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ
Мэдээлэл, туршлага солилцох, арга хэмжээ зохион байгуулах, мэргэжилтэн сургах, мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Оюуны өмч эзэмшигч, зохиогчид бүтээлээ гадаад зах зээлд гаргах, эдийн засгийн эргэлтэд оруулахад хоёр улсын мэргэжлийн байгууллага ажлаа уялдуулна.
- ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ҮАБЗ-ИЙН АЖЛЫН АЛБА, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ҮАБЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗАР ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ,
- ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ҮНДЭСНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР
Шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох эрх зүйн үндэс бүрдлээ. Эрчим хүч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, анагаах ухаан, эм зүй, хими болон нано зэрэг өргөн хүрээтэй салбарт хамтран ажиллах боломж нээгдэж байна.
- ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ҮНДЭСНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХООРОНДЫН ГЭРЭЭ
Хамтарсан судалгаа, инновацын төсөл хэрэгжүүлэх замаар шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг дэмжих, судлаач, мэргэжилтэн бэлтгэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, эрдэм шинжилгээний бага хурал, семинар, уулзалт зохион байгуулна.
- БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ЗАМЫН ЗУРАГЛАЛ
Замын зураглал нь эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, ахисан түвшний сургалт зохион байгуулах зэргээр хоёр улсын их, дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүмүүнлэг, соёл, урлагийн харилцаа, залуу үе хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх ач холбогдолтой.
- ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ЗАМЫН ЗУРАГЛАЛ
Хөдөө аж ахуйн салбарт өмнө байгуулсан баримт бичгийн хэрэгжилтийг хангаж, мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалангийн чиглэлээр ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх ажлын талаар тусгажээ.
- БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН БАЙГАЛИЙН БАЯЛАГ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ
Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах чиглэлээр салбар хариуцсан яам хоорондын урт хугацааны хамтын ажиллагааны үндсийг тодорхойлох баримт бичиг юм. Түүнчлэн байгалийн нөөцийн менежмент, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр туршлага солилцох, харилцан төлөөлөгч илгээх, эрдэм шинжилгээний семинар, хурал зэрэг арга хэмжээ хамтран зохион байгуулна.
- АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ
Аялал жуулчлалын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, туршлага, мэдээлэл солилцох, аялал жуулчлалын маркетинг болон сурталчилгаа хийх, хувийн хэвшлийн байгууллага хоорондын харилцааг хөгжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлнэ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2021/12/23
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...
-
Дэлхий нийтээр..2020/07/08
Өмнөговь аймгийн ЗДТГ чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүллээ
-
Дэлхий нийтээр..2022/11/16
АНУ “H-2” цагаачлалын бус ажилчдын хөтөлбөртөө хамруулах орнуудын жа...
-
Үйл явдал2021/05/28
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байна



