Тод мэдээ
УИХ: Ажлын хэсгийн хуралдаан боллоо

УИХ-ын дарга Г.Занданшатарын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 106 тоот захирамжаар байгуулагдсан Эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг шийдвэрлэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хуралдлаа.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, гишүүдэд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, О.Цогтгэрэл, Ц.Цэрэнпунцаг, С.Чинзориг нар ажиллаж байна.
Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр даргалж, гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, О.Цогтгэрэл, Ц.Цэрэнпунцаг, Х.Ганхуяг нар үнийн өсөлтөөс сэргийлэх, инфляцийг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, ойрын хугацаанд эдийн засагт нүүрлэж болох эрсдэлүүдээс хамгаалах, далд эдийн засгийг ил болгох чиглэлээр хийж байгаа ажил болон, ирэх оны төсвийг өмнөх жилүүдээс ямар ялгаатай боловсруулж буй талаар холбогдох яамд, байгууллагын удирдлага, албан тушаалтнуудаас тодруулж, хариулт авлаа.
Гишүүдийн асуултад ажлын дэд хэсгийн гишүүд болох Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, Эдийн засгийн хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан, Санхүүгийн зохицуулах хорооны Зах зээлийн судалгаа, хөгжлийн газрын дарга Н.Оюунчимэг, Сангийн яамны Төсвийн нэгтгэлийн хэлтсийн дарга Г.Золбоо, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн дарга Б.Сүх-Очир нар хариулахдаа үнийн өсөлтийн хувь хэмжээ болон үнэ өсөж буй шалтгаан, үнийн өсөлтөөс сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллаж буйгаа танилцуулав. Мөн инфляцийн шалтгааныг тогтоож, ямар арга хэмжээ авахаар ажиллаж буй талаар мэдээлэл өглөө.
Хуралдааны төгсгөлд хуралдаан даргалагчийн зүгээс ирэх даваа гаригт ажлын дэд хэсгийн өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулах үүрэг чиглэл өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Тод мэдээ
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны долоодугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Б.Уянга, Г.Хосбаяр нар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.
Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд:
- Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага нь тухайн байгууллагын судалгааны үндсэн чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх тухай зохицуулалтыг тусгасан.
- Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэдлэгийн дата төв байгуулж, ил тод байлгах зохицуулалтыг тусгасан. Үүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42-р зүйлийн 42.2 буюу захиалагчийн эрх үүрэгт судалгааны ажлыг ил тод байлгах үүргийг тусгах байдлаар, ингэхдээ энэхүү үүргээ ШУТ сангийн цахим хуудаст байршуулах, шинээр MORI платформ үүсгэх, tendergov.mn сайтад байршуулах, эсхүл www.sudalgaa.gov.mn үндэсний судалгааны нэгдсэн платформд байршуулах замаар шилэн болгох зохицуулалтыг тусгажээ.
- Хуулийн 18-р зүйлийн 18.2.2-ийг “Дээд боловсролын тухай хуулийн 4.1.4-т заасан судалгааны их сургууль” гэж өөрчилсөн.
- Хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгээс “Үндэсний хорооны тогтоол, зөвлөмжийг үндэслэн” гэсэн агуулгыг хасах тухай заалтыг оруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алдсан гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар иргэн “Б” нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.
Сурагчдын зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг унадаг дугуй, суррон, скүүтэртэй Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Тод мэдээ
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ
Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 5050 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.
Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг хүслээ.