Хэн юу хэлэв...
С.Амарсайхан: Хөшигийн хөндийд барих "Шинэ хот”-ын бүтээн байгуулалтаар Монгол Улс бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулна
Улаанбаатар хотноо зохиогдож буй "Азийн архитекторуудын форум 21” олон улсын чуулга уулзалт нь Азийн төдийгүй дэлхийн нэртэй архитекторууд, эрдэмтэн судлаачид хуран чуулж хот байгуулалтын ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцэн, Бүс нутгийн хот байгуулалт, төлөвлөлтийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд мэргэжлийн талаас санал, зөвлөмжөө нэгтгэдгээрээ ач холбогдолтой.
"Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй энэ удаагийн форумд 22 орны 120 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Тус форумыг нээж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ "Азийн Архитекторуудын зөвлөлд манай улс 1991 онд элсэн орж хот, суурин газруудыг нийт ард иргэдэд аюулгүй, ээлтэй байхаар төлөвлөх, зохион байгуулах тал дээр бусад улс орнуудын нэгэн адил үүрэг хүлээсээр ирсэн. Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас урт, дунд хугацааны хөгжлийн баримт бичгүүд болох “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлан хэрэгжүүлж байгаа энэ цаг үед “Азийн Архитекторуудын чуулга уулзалт”-ыг бид эх орондоо зохион байгуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой. Бид орчин цагийн “Шинэ хот”-ыг Хөшигийн хөндийд бүтээн байгуулж, эдийн засгийн төрөлжсөн бүс бий болгох шийдвэрийг Засгийн газраас гаргаж, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу газар доорх инженерийн дэд бүтцийг иж бүрэн барих ажлыг эхлүүлээд байна.

“Чингис хаан” олон улсын буудал, Богдхан төмөр зам, Эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын мега төслүүд нь Хөшигийн хөндийд сүндэрлэх Шинэ хот руу гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Монгол Улсын Засгийн газар “Шинэ хот”-ын төлөвлөлт, бүтээн байгуулалтаараа дэлхийн хот байгуулалтын ирээдүйн тогтвортой хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах чинхүү эрмэлзэлтэй байгааг Шадар сайд илэрхийлээд хамтарч ажиллахыг уриаллаа.
Хот суурин газруудын хэт төвлөрөл нь дэлхий дахины тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлсөөр буй энэ цаг үед хот байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд улс орнууд хамтран ажиллах, шилдэг архитекторуудын туршлагаас хуваалцах, тэднээс зөвлөгөө, дэмжлэг авч суралцах нь чухал ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд энэ үеэр онцолж байлаа.



Хэн юу хэлэв...
УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.
Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.
УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.
Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
