Тод мэдээ
Европоос нийлүүлэх чанартай эмийг даатгалаар олгож эхэлнэ

Хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үеийн эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор ЭМДҮЗ дарга, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын үүрэг өгсний дагуу Швейцарын “Новартис компаны эмийн хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх шийдвэр гаргасан билээ.
Улмаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь 2021 оноос Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай гэрээг байгуулан бэлтгэлээ ханган ажиллаж эмийг захиалан үйлдвэрлүүлж иргэдэд хүргэхэд бэлэн болоод байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд халдварт бус өвчнөөр өвчилсөн иргэдийн эмчилгээнд хэрэглэх 15 ерөнхий нэршлийн 24 тун, хэмжээ бүхий эмийг Европын Холбооны эмийн өндөр зохицуулалттай орнуудад үйлдвэрлэж, хамгийн бага өртгөөр даатгуулагч-иргэдэд хүргэнэ.
Эдгээр 15 ерөнхий нэршлийн эм нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/625 дугаар тушаалаар баталсан “Зайлшгүй шаардлагатай эмийн 9 дэх жагсаалт”-д багтсан. Ингэснээр эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, даатгуулагч-иргэдийг чанартай, боломжийн үнэ бүхий эмийг худалдан авах нөхцөл, бололцоогоор хангах юм.
Мөн эмийг хамгийн бага өртгөөр зах зээлд нийлүүлж, санхүүгийн дарамтаас шалтгаалан эмээ авч чадахгүй байгаа даатгуулагч-иргэдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлөлт үзүүлнэ.
Дээрх эмийг “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагын албан ёсны дистрибютер “Азифарм”, “Монос трейд”, “Монгол Эм Импекс” концерн зэрэг эм ханган нийлүүлэх байгууллагын 190 гаруй салбар эмийн сангаар 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгоно.
ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцаж байгаа эмийг хөнгөлөлттэй үнээр авахыг хүсвэл эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байх учиртай.
Эмийн хүртээмжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Новартис компани нь Швейцарын холбооны улсад төвтэй дэлхийн эрүүл мэндийн өндөр чанартай эм үйлдвэрлэгч байгууллага юм. Өдөр бүр Африк, Ази, зүүн Европ, Латин Америкийн улс орон руу экспорт хийж, өвчиндөө шаналж яваа олон мянган даатгуулагч-иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөрийг улс орнуудад хэрэгжүүлж ажилладаг байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны долоодугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Б.Уянга, Г.Хосбаяр нар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.
Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд:
- Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага нь тухайн байгууллагын судалгааны үндсэн чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх тухай зохицуулалтыг тусгасан.
- Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэдлэгийн дата төв байгуулж, ил тод байлгах зохицуулалтыг тусгасан. Үүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42-р зүйлийн 42.2 буюу захиалагчийн эрх үүрэгт судалгааны ажлыг ил тод байлгах үүргийг тусгах байдлаар, ингэхдээ энэхүү үүргээ ШУТ сангийн цахим хуудаст байршуулах, шинээр MORI платформ үүсгэх, tendergov.mn сайтад байршуулах, эсхүл www.sudalgaa.gov.mn үндэсний судалгааны нэгдсэн платформд байршуулах замаар шилэн болгох зохицуулалтыг тусгажээ.
- Хуулийн 18-р зүйлийн 18.2.2-ийг “Дээд боловсролын тухай хуулийн 4.1.4-т заасан судалгааны их сургууль” гэж өөрчилсөн.
- Хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгээс “Үндэсний хорооны тогтоол, зөвлөмжийг үндэслэн” гэсэн агуулгыг хасах тухай заалтыг оруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алдсан гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар иргэн “Б” нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.
Сурагчдын зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг унадаг дугуй, суррон, скүүтэртэй Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Тод мэдээ
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ
Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 5050 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.
Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг хүслээ.