Хэн юу хэлэв...
Албан хаагчдын ажлын цагт зохицуулалт хийсэн нь эерэг үр дүнтэй байна
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулах, ажиллагсдынхаа хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үүднээс Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас албан хаагчдынхаа ажлын цагт зохицуулалт хийжээ. Тус газар нь 40 албан хаагчтай.
2022-2023 оны хичээлийн жил эхлэх үеэс тус байгууллагын залуучуудын болон эцэг эхийн зөвлөлөөс ажлын цагт уян хатан зохицуулалт хийх санал гаргасан байна. Энэ дагуу есдүгээр сарын 15-ны өдрөөс тус байгууллага ажлын уян хатан цагт шилжээд байгаа юм.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван:
-Байгууллагын залуучуудын болон эцэг эхийн зөвлөлөөс гаргасан саналыг удирдлагын багийнхан хүлээн авч, ярилцаад ажлын цагийг уян хатан болгох, ингэхдээ найман цагийн ажлыг ягштал баримтлах шийдвэрийг гаргасан. Одоогийн байдлаар манай байгууллагын ажиллагсдын 15 хувь нь ажлын цагтаа өөрчлөлт оруулсан. Өглөөний ачаалал, түгжрэлийн үеэс ажлын цагаа зөрүүлэх, мөн бага насны хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт хүргэх зэрэг шалтгаанаар ажлын цагт нь өөрчлөлт оруулах тушаал гаргаад байна. Хотын ид түгжрэлийн цагаас зөрүүлэх байдлаар өглөө 08:30, 09:00 цагт ажилдаа ирж, 17:30, 18:00 цагт тарах саналыг ажиллагсад гаргасан. Тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын баталсан Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажиллах үлгэрчилсэн зааврыг эрх зүйн үндэслэл болгосон. Энэхүү тушаал шийдвэр гарснаас хойш эерэг үр дүн ажиглагдаж байна. Тухайлбал, бүх албан хаагч нэгэн зэрэг түгжрэлд орохгүйн дээр хүүхдийн хичээл сургуулийн цагт уялдуулсан нь зөв гэж ажиглагдсан.
-Ажлын цагт өөрчлөлт оруулснаар ажлын бүтээмжид хэрхэн нөлөөлж байна вэ?
-Тухайн албан хаагч ажил эхлэх, тарах цагаа сонгож, ар гэр, үр хүүхдэдээ цаг заваа зориулах боломжтой болж байгаа нь ажиллагсдын сэтгэл ханамж, ажлын бүтээмжид сайн нөлөө үзүүлж байгаа гэлээ.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Пүрэвсүрэн:
-Миний хувьд ажлын цагийг уян хатан байдлаар зохицуулж байгаад баяртай байна. Хөдөлмөрийн тухай хуулийн ажил олгогч ажилтныхаа ажил амьдралын тэнцвэрийг хангах тухай заалт болоод Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зааварт хүүхдээ хичээл сургуульд нь хүргэж өгөх бололцоогоор хангах тухай заасан байдаг. Энэ дагуу манай байгууллага зохицуулалт хийсэн. Ажлын цагийг Хөдөлмөрийн хуулийн дагуу зохицуулж байгаа. Ажлын цагт зохицуулалт хийгээгүй үед хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхийн тулд ажлаасаа хоцрох, эсвэл хүүхдээ хүргэж амжихгүй өөр хүнээр хүргүүлэх зэргээр хүндрэлтэй байсан. Харин өглөө 09:00 цагаас ажилдаа ирдэг болсноор хүүхдээ сэтгэл тайван хүргэж өгч байгаа. Мөн замын түгжрэл ч харьцангуй багассан байдаг. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болоод бусад төрийн албан хаагчид нэгэн зэрэг 08:00 цагаас ажилдаа ирж, очих гэж түгжрэлд ордог бол ажлын уян хатан цагт шилжсэнээр замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурах боломжтой. Ажилтан, албан хаагчдадаа боломж олгож буй удирдлагууддаа талархаж байна. Өглөөдөө хүүхдээ хүргэж өгөхдөө ажлаасаа хоцорч, хамт олноосоо санаа зовох, эсвэл хүүхдээ хүргээгүйдээ түгшихгүй, сэтгэл тайван ажлаа хийснээр ажлын бүтээмж ч нэмэгдэж байгаа гэсэн юм.
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 “Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ” гэсэн заалтын дагуу ажиллагсдынхаа ажилдаа ирэх, тарах цагт зохицуулалт хийсэн байна. Үр дүн эерэг байгааг тус байгууллагын удирдлагууд болон ажиллагсад хэлж байлаа.

Хэн юу хэлэв...
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Хэн юу хэлэв...
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Аудитын байгууллагаас 113 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлага ирүүлжээ. Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн эдгээр албан тушаалтанд хариуцлага тооцохыг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Хэнд, ямар хариуцлага тооцсон талаар ирэх долоо хоногт олон нийтэд мэдээлэхийг ЗГХЭГ-ын удирдлагуудад Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.
Мөн Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан нарыг хууль хяналтын байгууллага, төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн мэдэгдэлд үндэслэн ажлаас нь чөлөөлөв.
Түр томилгоотой байгаа Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга болон төрийн албан хаагчийн албан тушаалд өнөөдрөөс нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа. Засгийн газрын шийдвэр дунд, доод шатанд гацаж, замхарч байгааг Хяналт хэрэгжүүлэх газраас хийсэн шалгалтын дүн харуулж байгаад Засгийн газрын гишүүд хяналт тавьж, хариуцлагатай ажиллахыг анхааруулав.
Хариуцлага тооцохдоо хэлмэгдүүлэхгүй, хууль зөрчсөн нэгнийг хамгаалахгүй зарчим баримтлах ёстойг Ерөнхий сайд хэллээ.
Хэн юу хэлэв...
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
E-zasag.mn-ээр гараашны татвар тэглэх санаалчилга гарч, 20 хоногт 101.097 иргэн дэмжжээ. Олон нийтийн өргөдлийг Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүү Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд хүлээлгэн /2026.11.03/ өглөө.
Гарааш бол бизнес хийж ашиг олдог хөрөнгө, тансаг хэрэглээ биш. Автомашинаа хадгалах, хамгаалах зориулалттай дэд бүтэц. Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулж, гэр бүлийн хэрэгцээний авто гарааш, авто зогсоолыг үл хөдлөхийн албан татвараас чөлөөх иргэдийн саналыг уламжилж байгаагаа санаачлагчид хэллээ.

Гараашны татвар тэглэх санаачилга E-Zasag платформоор 100 мянган санал авсан анхны олон нийтийн өргөдөл боллоо. 100 мянган иргэн нэг асуудалд санал нэгдсэн нь олон зуун мянган иргэн, айл өрхийн асуудал байгааг илтгэж байна. Өрхийн хэрэгцээний дулаан гарааш, зогсоолыг татвараас чөлөөлөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд холбогдох хуулийг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд З.Мэндсайханд үүрэг болголоо.
“2027 он хөдөлмөрлөж, хийж бүтээж буй иргэдээ 1.3 их наяд төгрөгийн татварын дарамтаас чөлөөлж, ажлын байр нэмэгдүүлсэн жил байх болно” гэж Ерөнхий сайд хэлээд саналаа илэрхийлж, шийдвэр гаргахад идэвхтэй оролцсон иргэддээ талархал илэрхийлэв.


-
Дэлхий нийтээр..2019/12/19
Цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны зардлын хэмжээг нэмлээ
-
Дэлхий нийтээр..2023/12/15
Хуванцар савны хэрэглээний талаарх сэрэмжлүүлэг
-
Дэлхий нийтээр..2021/10/14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
-
Дэлхий нийтээр..2020/03/19
Зээлийн ангилал, эргэн төлөлтөд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа
