Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэв

Огноо:

,

Сэтгүүлч:

Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааннб эхэнд Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалтыг явуулж байсан түүхэн өдөр тохиож байгааг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэмдэглэв.

Тэрбээр “77 жилийн өмнө буюу 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсад оршин сууж амьдарч байгаа ард түмний дунд улс эх орноо тусгаар тогтнолын талаарх бүх ард түмний санал хураалт явуулж байжээ. Тухайн үед монголчуудын тал хувь нь бичиг үсэг тайлагдсан байсан. Иймээс санал хураалтыг гарын үсэг болон баруун гарын эрхий хурууны хээгээр баталгаажуулж байсан. Энэ түүхэн өдрийн мэндийг Та бүхэнд хүргэе” гэлээ.

Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан юм.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичгийн авлигагүй засаглал зорилт, мөн Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулахаар төлөвлөсөн. Монгол Улс Нэгдсэн Үндэсний байгууллагын Авлигын эсрэг конвенцод нэгдэн орсноор гишүүн орны мэдээлэгч илчлэгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүргийг хүлээсэн. Монгол Улс Авлигын төсөөллийн индексээр 111 дүгээрт жагсаж байгаа бөгөөд Засгийн газар ойрын хугацаанд хоёр оронтой тоонд оруулах зорилтыг дэвшүүлсэн. Монгол Улсын хувьд 2002 он болон 2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталж мөрдүүлсэн хэдий ч шүгэл үлээгч, мэдээлэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалт хангалтгүй хэмээн үзжээ.

Трансперенси Интернэшнл байгууллагаас Ази Номхон далайн бүс нутагт явуулсан судалгаагаар авлигын эсрэг тэмцэх хамгийн үр дүнтэй алхам нь мэдээлэх, гэхдээ  үр дагавраас нь айдаг тул мэдээлэх буюу шүгэл үлээх алхам хийдэггүй гэх дүгнэлт гарсан байна. Дэлхийн 30 гаруй оронд шүгэл үлээгчийг хамгаалах үр нөлөөтэй механизмыг бүрдүүлэн, зохих урамшууллыг олгодог талаар мөн төслийн танилцуулгад дурдсан юм.

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг олон улсын жишигт нийцүүлэх үүднээс төслийг боловсруулжээ. Төсөлд хуулийн үйлчилэх хүрээг “авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих талаар нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн этгээдийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцаа” хэмээн тодорхойлсон байна.

Шүгэл үлээгчид хуулиар эрх олгох, дэмжих, урамшуулах, хамгаалах мөнгөн хөрөнгийн хэмжээ, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдэл буюу шүгэл үлээгч болон түүний хамаарал бүхий этгээд бусдын өш хонзон, ялгаварлан гадуурхалд хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй аливаа хэлбэрийн цээрлүүлэлт, хувийн мэдээлэл, аюулгүй байдалд учрах эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зохицуулалтыг төсөлд тусгасан болохыг Х.Нямбаатар сайд танилцууллаа. Түүнчлэн төрийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа авлига, ашиг сонирхлын талаар олж авсан мэдээллээр шүгэл үлээхэд төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хувь хүний нууцын мэдээллийг хамгаалах хууль тогтоомжийн хязгаарлалтад хамаарахгүй байхаар заажээ. Шүгэл үлээгчийн мэдээлэл хүлээж авах, холбогдох эрх бүхий байгууллага, тэдгээрийн эрх, үүрэг, мэдээлэл хүлээн авах тусгай дотоод нэгж, мэдээллийг бүртгэх, эрх бүхий байгууллага хоорондын дундын мэдээллийн сантай байхаар, АТГ шүгэл үлээсэн талаарх мэдээллийг улсын хэмжээнд нэгтгэн гаргаж, олон нийтэд буюу Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд хүргүүлдэг байхаар, мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагад хандах мэдээллийг хүлээн авсан, хэвлэл мэдээллийн байгууллага, шүгэл үлээсэн мэдээллийг мэдээлсэн, эх сурвалжаа нууцлах хэрэгтэй байх зэрэг асуудлыг нарийвчлан тусгажээ.

Хуулийн төслийг d.parliament.mn цахим хуудаст байршуулан олон нийтийн саналыг авч байгаа гэдгийг Ц.Мөнхцэцэг гишүүн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулах үеэрээ дурдав. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хороо үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, чуулганы нэгдсэн хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд шүгэл үлээх буюу аливаа төрлийн мэдээллийг илчилснээрээ урамшуулал олгох гэсэн төсөл дэх зохицуулалтыг иргэд бусдын эрх ашгийг зөрчиж, хүний эрхийн зөрчил гарган ашиг олох зорилгоор ойлгох вий гэдэг болгоомжлол байгаагаа хэлэв. Энэ нь олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгох эрх зүйн орчны суурь болно гэдэг тайлбарыг хэлэв. Нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх, өргөдөл, гомдол гаргах, тайлбар өгөхийг “шүгэл үлээх” хэмээдэг. Үүн дундаа авлига ашиг сонирхол, нийтийн эрүүл мэнд, шударга өрсөлдөөн, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил гэдэг тодорхой хүрээнд мэдээлэл өгөхийг “шүгэл үлээх” хэмээн авч үзэж байгаа аж. Энэ үйлдлийг хувь хүн рүү чиглэсэн үйлдэл, улс төрийн зорилготой, ахуйн хүрээний хэмжээний асуудлаас ангид гэдгийг ойлгох нь зүйтэй гэлээ. Өөрт болон өөрийн хамаарал бүхий этгээдэд ашиг хонжоо, давуу байдал бий болгох зорилгоор, эсвэл хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг шүгэл үлээсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх зохицуулалтыг мөн төсөлд тусгасан байна. Түүнчлэн Д.Батлут гишүүний тодруулсанчлан, шүгэл үлээх тохиолдолд мөнгөн урамшууллыг заавал олгохгүй, харин тухайн асуудлыг шалгаж, холбогдох ажиллагаа явагдан, асуудал шүүхээр шийдвэрлэгдэн эцэслэсэн тохиолдолд шүгэл үлээгч хүсэлт гаргана. Харин эл хүсэлтийг прокурорын байгууллага, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, цагдаагийн байгууллага, гаалийн байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл бүхий Мөнгөн урамшууллын зөвлөл хэлэлцэн шийдвэрлэх юм байна. Авлигалтай тэмцэхэд шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах тогтолцоог бий болгох нь тун чухал гэдгийг Х.Нямбаатар сайд хэлсэн. Энэ хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хүний эрхийн зөрчил үүсгэхгүй байх дээр хууль хэрэгжүүлэгчид онцгой анхаарч, худал мэдээлэл гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах хэлбэрээр хязгаарлах, хамгаалах шаардлагатай гэдэг саналыг Д.Батлут гишүүн хэлж байв.

Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, шүгэл үлээгчид олгодог урамшуулалтай холбоотой олон улсын жишгийн талаар мэдээлэл өгч, төсөлд тусгасан байдлаар шууд мөнгөн урамшуулал олгох нь олон сөрөг үр дагавар үүсгэх эрсдэл бий гэдгийг хэллээ. Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа гишүүд илэрхийлж байсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчин, бүтцийг бий болгох нь нэн чухал гэдгийг хэлж байв. Эрх бүхий байгууллага нь шүгэл үлээсэн мэдээллийг хүлээн авсан даруйд 30 хоногийн дотор хяналт шалгалт явуулж, шалгалтын үр дүнг шүгэл үлээгчид даруй мэдэгдэх бөгөөд шүгэл үлээгч хамгаалалт хүссэн Авлигатай тэмцэх газар болон мэдээллийг хүлээн авсан бусад байгууллага Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан хамгаалалтын арга хэмжээг авах үүргийг хүлээж байгаа гэв. Түүнчлэн хүсвэл шүгэл үлээгч хувийн мэдээллээ нууцлах бүрэн эрхтэй байхаар төсөлд тусгасан байна. Төсөл аливаа мэдээллийг монгол хэл төдийгүй өөрийнхөө эх хэл, сайн мэддэг гадаад хэлээрээ  амаар, бичгээр, захидлаар эрх бүхий хуулийн этгээд буюу хоёрдогч, гуравдагч этгээдээр дамжуулан гаргах боломжтой гэж байгааг Б.Энх-Амгалан гишүүн онцоллоо. Тэрбээр төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, дээрх нь гадаадын иргэд Монгол Улсын дотоод хэрэгт оролцож, монгол иргэдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нөхцөл бүрдүүлж байгаа гэж харагдаж байгааг хэлээд, энэ нь үндэсний аюулгүй байдал, төрийн дархлаа талаас нь, хүний эрх, ард түмний эв нэгдэл талаасаа зохимжтой эсэхийг тодруулав. Төрийн аливаа үйл ажиллагаа авлигажсан байж болохгүй, үүний эсрэг олон нийтийн хяналтыг бий болгох гэж төслийг боловсруулсан гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд тэмдэглээд төсөлд дэх зохицуулалтууд нь олон улсын нийтлэг жишиг гэдгийг тайлбарласан.  Төрийн албан хаагч, нийтийн албан тушаалтан ажил үүргээ хууль, журмын хүрээндээ гүйцэтгэж байгаа тохиолдолд тэр хүний ажил хөдөлмөрийг харлуулж, гүтгэх зорилгоор хуулийн байгууллагад шалгуулж байгаа үйлдэл, үйл ажиллагаа өнөөдөр ч гарсаар байгаа. Энэхүү эрх зүйн орчныг бүрдүүлснээрээ нийтийн албан тушаалтны хууль бус үйлдэл, үйл ажиллагааг олон нийтийн хяналтад оруулах зорилготой гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан төрийн албан хаагч шүгэл үлээх тохиолдлын талаар ямар зохицуулалт байгаа бол, шүгэл үлээснээсээ үүдэн иргэн гадаад улс руу явах боломж бий эсэх, төслийг баталсантай холбогдуулан олон улсын ямар гэрээ, конвецад нэгдэх талаар тодруулж, Х.Нямбаатар сайдаас хариулт авав. Төрийн албан тушаалтан нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа авлига, ашиг сонирхлын талаар олж авсан мэдээллээр нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээх боломжтой бөгөөд энэ нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүвь хүний мэдээллийг хамгаалах хууль тогтоомжоор тогтоосон хязгаарлалт хамаарахгүй байхаар төсөлд тусгасан болохыг тайлбарлав. Нөгөөтэйгүүр шүгэл үлээснийхээ төлөө өөрт болон хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал, ашиг хонжоо олгохгүй байхаар төсөлд зохицуулалтууд тусгасан байна. Шүгэл үлээх гэдгийг бид нийтийн эрх ашгийг хамгаалах олон нийтийн хяналт гэдэг агуулгаас ойлгож, хандах нь зүйтэй гэдгийг мөн хэллээ.  Хуулийн төслийг баталж, холбогдох эрх зүйн орчин, тогтолцоог бүрдүүлэх нь нэн чухал. Тиймээс сайн хууль батлах нь хангалтгүй, Засгийн газар болон хууль хяналтын байгууллага нь хуулийг хэрэгжүүлж, шударгаар үйл ажиллагаа явуулах нь чухал гэдгийг Б.Баярсайхан гишүүн хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, С.Чинзориг хуулийн төсөл дэх нэр томьёотой холбоотой байр сууриа илэрхийлж, худал шүгэл үлээгээд, үүнээс нь нөгөө талд буюу гүтгэгдсэн этгээдэд нэр төр алдар хүндээрээ хохирно, ард нь гэр бүл, ажил алба, сэтгэл санааны хохирол учрах эрсдлийг тооцсон эсэх, гэм буруугүй нь тогтоогдсон тохиолдолд нэр төрийг нь сэргээх, учирсан хохирлыг нь барагдуулахтай холбоотой зохицуулалтын талаар тодруулж хариулт авсан. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд нууцын тухай хуулиудаа өөрчлөх шаардлагын талаар байр сууриа илэрхийлж, бүх шатандаа хууль ижил тэгш үйлчилдэг байх нь ёстой гэдгийг хэлсэн.

Монгол Улс шүгэл үлээж байгаа, шүгэл үлээсний улмаас шалгуулж байгаа талуудын эрх ашгийг хамгаалж, бусад хууль тогтоомжууд, нэгдэн орсон олон улсын баримт бичгийнхээ хүрээнд хамгаалж байгаа гэдгийг Х.Нямбаатар сайд тайлбарлав. Хариултынхаа үеэр аливаа мэдээллийн мөрөөр цахим орчинд хэн нэгнийг урьдчилаад яллаад байгаа асуудлыг хуульчлах, цахим орчинд иргэдийнхээ эрхийг хамгаалах асуудлыг анхаарч ажиллаж байгаагаа мэдээллээ. Ойрын хугацаанд Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулан ажиллаж байгаа аж. Монгол Улс хөгжихийн төлөө авлигатай тэмцэх бол, нэг алхам ч гэсэн урагшлахыг хүсвэл нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээж, салбар бүрд бугшсан хууль бус асуудлыг засах, өөрчлөх, сайжруулах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзсэн гэдгээ хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд нийтийн эрх ашгийн төлөө дуугарч, нийгэмд тустай үйлсийн төлөө шүгэл үлээгчдийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх нь чухал гэв.  О.Цогтгэрэл гишүүн ч мөн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч шүгэл үлээж байгаа иргэний нууцлал баталгаатай эсэхийг хангах, шүгэл үлээгчид олгох урамшууллыг төсвөөс олгох эсэх, хүний эрхийг хамгаалах, хангах тал дээр анхаарах шаардлага бий гэдгийг хэлсэн. Б.Энхбаяр гишүүн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд Улсын Их Хурлын гишүүдийн саналыг тусгах, анхаарах шаардлага бий гэв. Тэрбээр төсөл дэх “татварын асуудлаар шүгэл үлээхгүй” гэдэг хязгаарлалтыг хасах, мөн ил байгаа мэдээллийг нийтийн анхааралд оруулснаараа шүгэл үлээсэнд тооцогдохгүй гэдгийг анхаарах, албаны болон төрийн нууц хэмжээнд шүгэл үлээсэн тохиолдолд харилцааг маш тодорхой зохицуулах шаардлага бий гэдгийг хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, ийм эрх зүйн орчин, шүгэл үлээгчийн тогтолцоог бий болгох санаачилга нь чухал ч нэр хүнд, амь нас, алдар хүнд, карьераа эрсдэлд оруулж шүгэл үлээлээ гэхэд дараа нь тэр хүн хаа нэг газар ажилд орох боломжгүй эрсдэл үүсэх вий гэдэг болгоомжлол байгаагаа хэллээ. Мөн шүгэл үлээх асуудал нь шүүхийн шатанд шийдэгдэх ёстой, харин шүүгчид шударга байж чадаж байгаа юу гэдгийг анхаарах ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Төрийн нууц, байгууллагын нууц, хувийн нууцын талаарх хуулиудыг өөрчлөөгүй, сайжруулаагүй, сэтгэл санааны хохирлыг тодорхойлж, барагдуулдаггүй одоогийн нөхцөлд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжих боломжгүй гэдэг байр суурийг Ц.Мөнх-Оргил гишүүн илэрхийлсэн. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Ш.Раднаасэд нар төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Үүгээр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна

Огноо:

,

Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд тусгай замын автобусны төслийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд төслийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүжилт болон зохицуулалтын дэд бүтцийн асуудлыг нарийвчлан хэлэлцэж, оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцлээ. 

Тусгай замын автобусны /BRT/ төслийн захирал Т.Чинбатаас төслийн талаар тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах энэхүү төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Судалгааны ажил одоогийн байдлаар 60 орчим хувьтай явж байгаа бөгөөд зураг төсөл үргэлжилж байна. Өнөөдрийн төслийн уулзалтад Засгийн газрын харьяа яам, агентлагууд, мөн нийслэлийн холбогдох газрууд оролцож, төслийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл солилцлоо” хэмээв.

"Far East Mobility" компанийн гүйцэтгэх захирал Карл Фьеллстром “Тусгай замын автобусны зураг төслийг манай баг боловсруулж байна. Бидний хувьд тусгай замын автобусны чиглэлээр олон жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд БНХАУ, АНУ, Индонез, Филиппин зэрэг олон улсад ажилласан туршлагатай. Улаанбаатар хотод 2011, 2019, 2023 онд ирж, төсөл хэрэгжүүлэх судалгаа хийсэн. Өдөрт 1.5 сая гаруй хүн нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа нь BRT-д өндөр хэрэгцээ байгааг харуулж байна. Өргөн зам, зорчигчдын хэрэгцээ зэргийг харгалзан авч үзвэл Улаанбаатар хотод тусгай замын автобус нь нийтийн тээврийн хамгийн оновчтой шийдлийн нэг хэмээн бид үзэж байна” гэв.

Тусгай замын автобус төслийг Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Их хүрээний гудамж хүртэлх 12.7 км урт коридорын дагуу барина. Өдөрт 25-35 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Буудлын тоо 17, зорчих дундаж хугацаа 15-20 минут, дундаж хурд 20-25 км/цаг байна. Төсөл хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 12.6 хувиар нэмэгдэх юм. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор барилга угсралтын ажлыг 2026 оны дөрөвдүгээр сард эхэлж, 2028 оны эхээр ашиглалтад оруулах боломжтой гэж үзэж байна.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

"Сүхбаатарын талбай" цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид морьт, нохойт эргүүлийг хийж байна

Огноо:

,

Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах, хотын соёлыг түгээх зорилгоор “UB food” фестивалийг энэ сарын 8-14-ний өдрийг дуустал төв талбайд зохион байгуулагдаж байгаа. 

Энэ үеэр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид морьт, нохойт эргүүлийн чиглэлээр "Сүхбаатарын талбай" орчимд ажиллаж байна.

 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Барагшуны нөөц, ашиглалтын талаарх мэдээллийг сонсов

Огноо:

,

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны төгсгөлд Барагшуны нөөц, ашиглалтын талаарх салбарын яамны мэдээллийг сонсов. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын С.Одонтуяа танилцуулсан.

Монгол орон нь Азийн эх газрын барагшун тархалтын төв муж  гэдгийг сайд онцлоод барагшун нь Барагшун нь далайн  түвшнээс дээш 2000 метр болон түүнээс дээш өндөрт хүйтэн, сэрүүн болон хуурай  нөхцөлд хадны агуй, гуу жалганд хайлмагтсан, давирхайлаг байдалтай хар хүрэн өнгөтэй, тослог, өөрийн өвөрмөц амт үнэртэй, олон төрлийн эмийн ургамлын үндэс, эрдэс, макро микро элементийг агуулан тогтсон байдаг гэв.

Мөн Монгол Алтайн уулс болох Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгуудад  тархсан ба Говь-Алтай аймаг 58, Ховд 89, Увс 140, Баян-Өлгий 28 тонн барагшуны нөөцтэй гэж тогтоосон байна. Гэтэл нутгийн иргэн, аж ахуй нэгжүүд их хэмжээгээр бэлтгэн, эргэн нөхөн сэргэх боломжийг алдагдахуйц хэмжээнд ашиглаж,  хууль бусаар бие биеэсээ өрсөж түүж бэлтгэх, дотоодын үйлдвэрлэлд өгөхгүйгээр шууд гадаадад гаргах сонирхол их байдаг. Тухайлбал, 2016 онд 17  аж ахуй нэгж ОХУ,  Энэтхэг,  БНХАУ улс руу  2335 тонн түүхий болон хагас боловсруулсан барагшун экспортолсон дүн байдаг. Тиймээс байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах зорилгоор шинжлэх ухааны байгууллагуудын судалгаа, зөвлөмжийг үндэслэн БОАЖ-ын Сайдын 2017 оны А/86 дугаар тушаалаар барагшуныг түүхийгээр болон хагас боловсруулсан түүхий эд байдлаар, судалгааны дээжийг 5 кг-аас дээш хэмжээгээр гадаад улсад гаргах зорилгоор түүж бэлтгэх, боловсруулах, экспортлохыг таван жилээр хориглох, 2022 оны А/108 дугаар тушаалаар барагшуныг түүж бэлтгэх, ашиглах, худалдах, худалдан авахыг таван жилийн хугацаатайгаар хориглосныг С.Одонтуяа сайд онцолж байлаа.

Мөн барагшуныг түүхий эд байдлаар гадаадад гаргахыг хориглосноор манай улсад төр, хувийн хэвшлийн 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллага судалгаа хийж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний стандартыг боловсруулж гаргах, инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж, нэвтрүүлэх чиглэлд ажиллаж байна. Монгол Улсын ШУА-ийн биологийн хүрээлэн, Уламжлалт анагаах ухааны хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэнгүүд аж ахуй нэгжүүд, эмийн үйлдвэрүүд хамтран судалгааг тасралтгүй хийсээр хэд хэдэн үндэсний стандартыг батлуулсан байна.

Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэд сүүлийн 25 жил барагшуны чанар, ашиглалтын талаар судалгаа хийж, доктор Т.Энх-Оюун 2014 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллага, БНСУ-ын оюуны өмчийн газрын дэмжлэгтэйгээр “Барагшун агуулсан тэжээлийн нэмэлт бэлдмэл бэлтгэх арга” бүтээлээрээ дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Алтан медаль”, “Шилдэг зохион бүтээгч” шагнал хүртсэн. Цаашид энэхүү бүтээлээр дэлхийд гарах бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэв.

Цаашид барагшуны жилд ашиглах боломжит нөөц, нөхөн сэргээх хугацаа давтамж, найрлага, ач холбогдлыг нарийвчлан тогтоох судалгааг хийх, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос барагшуны нөөц, тархацын судалгаанд хөрөнгө төсөвлөхийг аймгуудад даалгах, экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох, хууль бусаар түүж бэлтгэсэн түүхий эд байдлаар гадаадад гаргах биш, зохих зөвшөөрлийн дагуу бэлтгэсэн барагшунаар олон улсын стандарт шаардлага хангасан үндэсний брэнд, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, экспортлох нь эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, байгалийн нөөцийн ашиглалтын бүсийг тогтоож, жилд ашиглах зохистой хэмжээгээр ашиглах боломжийг бүрдүүлэх, түүхий болон хагас боловсруулсан эд байдлаар экспортлохыг хориглох, хууль бусаар түүж бэлтгэх явдлыг таслан зогсоох арга хэмжээ авах шаардлагатай байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Ж.Чинбүрэн нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ20 цаг 32 минут

Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна

Тод мэдээ20 цаг 35 минут

"Сүхбаатарын талбай" цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид морьт, но...

Тод мэдээ20 цаг 38 минут

Барагшуны нөөц, ашиглалтын талаарх мэдээллийг сонсов

Тод мэдээ21 цаг 11 минут

Нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсийн 52 мянган өрхөд цахилгаан б...

Тод мэдээ21 цаг 18 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр21 цаг 21 минут

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр21 цаг 24 минут

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр21 цаг 31 минут

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Тод мэдээ2025/04/08

Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ

Тод мэдээ2025/04/08

Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна

Тод мэдээ2025/04/08

Жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгс...

Тод мэдээ2025/04/08

“Ambassador” хотхон орчмын 3 байршилд зөвшөөрөлгүй барьсан хашаа...

Тод мэдээ2025/04/08

IT компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх журмыг Засгийн газарт өргө...

Тод мэдээ2025/04/08

Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна

Тод мэдээ2025/04/08

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/04/08

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо

Өнөөдөр2025/04/08

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/04/08

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

Тод мэдээ2025/04/07

“Эх оронч суралцагч" арга хэмжээ үргэлжилж байна

Тод мэдээ2025/04/07

Хөдөлмөрийн чадвараа алдсан 101 мянган иргэн байна

Тод мэдээ2025/04/07

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан нийт 387 тохиолдол...

Тод мэдээ2025/04/07

Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана

Тод мэдээ2025/04/07

Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна

Тод мэдээ2025/04/07

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Олон Улсын Парла...

Тод мэдээ2025/04/07

Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг болжээ

Өнөөдөр2025/04/07

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/04/07

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Өнөөдөр2025/04/07

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

Тод мэдээ2025/04/03

Мал аж ахуйн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Тод мэдээ2025/04/03

БНСУ-д хөдөлмөрийн гэрээний ажилтан илгээсээр байна

Санал болгох