Үйл явдал
Биеийн давхцахгүй өгөгдлөөр өөрийгөө таниулж сонгууль өгдөг болсон тул нэг хүн олон санал өгөх боломжгүй
Монгол Улсын Их хурал энэ оны 12-р сард багтаан Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулахтай холбоотойгоор холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд танилцаж байна. Өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороон дээр ажилласан бол энэ сарын 11-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар дээр ажиллалаа. УИХ-ын гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Сонгогчдын бүртгэл хяналтын дэд хорооны дарга О.Содбилэг, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Пүрэвдорж нар болон байнгын хорооны ахлах, зөвлөхүүд Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзлаа.
Улсын бүртгэлийн ерөнхий газар Сонгуулийн тухай хуулийн дагуу Сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргадаг билээ. Одоогийн байдлаар иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд сонгуулийн насны 2.111.842 иргэн байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагууд Сонгуулийн хуулиар хүлээсэн чиг үүрэг, 2020 оны сонгуулийн бэлтгэл, хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцууллаа.
2017 оны сонгуулиар нэг хаяг дээр 20-30 хүн бүртгэгдсэн, адилхан овог нэр, регистрийн дугаартай, нас барсан хүнийг иргэний бүртгэлээс хасаагүй зэрэг асуудлууд гарсан. Үүнийг хэрхэн шийдэж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрхэн хангаж, биелүүлж байгаа тухай гишүүд асуулаа.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж хаягийн асуудал сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргахад үндсэн мэдээлэл болдог. Иймээс хаягийн асуудлыг объектод суурилсан буюу газрын кадастрын мэдээллийн санг бий болгож, үүн дээр суурилж иргэний улсын бүртгэлийн хаягийн сангаа өөрчлөх ёстой гэлээ. Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд 86 мянга орчим хаяг байдаг. Цаашид хаягийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийж, хаягийн сангийн асуудлыг цэгцэлж, холбогдох байгууллагуудаас бодит мэдээллийг сонсож, шийдлийг олох хэрэгтэй байгаа тухай ярьж байлаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хаягийн асуудлаар удахгүй хэлэлцүүлэг зохион байгуулна гэлээ.

УБЕГ-ын дэд дарга Д.Дэлгэрсайхан Улсын бүртгэлийн багц хууль 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Биеийн давхцахгүй өгөгдлөөр өөрийгөө таниулж сонгуулиа өгдөг болсон тул нэг хүн олон санал өгөх боломжгүй гэдгийг тайлбарлалаа. Мөн регистрийн дугаарын сүүлийн 2 орноос бусад нь адилхан буюу овог нэр, төрсөн он, сар өдөр нь ижил давхцаж болзошгүй 2200 гаруй хүн байна.Улсын бүртгэлийн ерөнхий газар 2016 оноос 150 сая гаруй хуудсыг цахим хэлбэрт шилжүүлсэн байна. Цахим архив үүсгэсэн учраас ямар ч иргэний мэдээллийг хэдхэн хормын дотор харах боломжтой. Давхцаж болзошгүй иргэдийг тодорхойлж, эрсдэлийн бүлэг тогтоосон гэлээ. Нэг хаяг дээр олон хүн бүртгэлтэй байна гэх гомдлын тухайд иргэд www.burtgel.mn хаяг руу орж өөрсдийн хаягаа харах, шалгадаг болсон. Зөрчил гарвал Улсын бүртгэлийн Ерөнхий газарт мэдээлж, арилгуулах боломжтой гэлээ.

Ингээд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж сонгууль бүрээр гардаг зөрчил дутагдлыг арилгахад анхаарч, идэвх санаачилгатай ажиллаж, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд саналаа албан бичгээр ирүүлэхийг санууллаа.
Үйл явдал
Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл явцаас үүдсэн байна
Хятадын холбогдох байгууллагууд Төвөдийн Жирон боомт орчимд их хэмжээний хохирол учруулсан үер, хөрсний гулгалтын шалтгааны талаарх урьдчилсан дүгнэлтийг танилцуулжээ.
Хятадын Шинжлэх ухааны академийн Чэндугийн Уулын аюул, байгаль орчны хүрээлэнгийн судалгааны баг хиймэл дагуулын тандан судалгааны мэдээллийг газар дээрх ажиглалт, хээрийн судалгаатай тулган шинжилсэн байна.
Судлаачдын дүгнэлтээр наймдугаар сарын 26-ны Бээжингийн цагаар 10:52 орчимд Балбын нутагт, далайн түвшнээс 5200 метрийн өндөрт мөсөн голын хэсэг хагарч, их хэмжээний мөс, хад чулуулгийн нуранги үүсжээ.
Нуранги өндөр уулын энгэрээр маш хурдтай уруудахдаа хөрс, хад чулууг хаман, 4000 метр орчмын өндөрлөгөөс эхлэн том хэмжээний хөрсний гулгалт үүсгэсэн гэж үзсэн байна.
Улмаар мөс, хөрс, хад чулуу болон усны асар их масс уулын хөндийгөөр 22 км орчим уруудан, далайн түвшнээс 1800 метрийн өндөрт орших Хятадын Төвөдийн Жирон боомтод хүрчээ.
Гамшгийн улмаас Жирон орчмын 0.7 хавтгай дөрвөлжин километр орчим талбай өртөж, 27 барилга байгууламж болон тэдгээртэй холбоотой тоног төхөөрөмж бүрэн сүйдсэн гэж судалгааны баг мэдээлсэн байна.
Ийнхүү Хятадын эрдэмтэд наймдугаар сарын 26-нд болсон гамшгийг энгийн борооны үер бус, өндөр уулын мөсөн голын хагарал → мөс, хадны нуранги → хөрсний гулгалт → хүчтэй үер гэсэн дараалсан үйл явцын үр дагавар гэж дүгнэжээ.
Үйл явдал
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 52 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь үер, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Үйл явдал
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.
2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.
Нийслэлийн зүгээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх юм. Энэ зорилгын төлөө хотын даргын зүгээс та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа өндөр тавина. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэлээ.
Өнгөрсөн жил хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнөх жилээс 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байгаа юм. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай.





-
Дэлхий нийтээр..2020/11/18
Өмнөговь аймгийн хэмжээнд хүнсний бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай, үнэ хэви...
-
Дэлхий нийтээр..2021/09/14
Герман Улсад мэргэшсэн боловсон хүчин бэлтгэнэ
-
Дэлхий нийтээр..2021/11/09
Баянгол дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өндөрлөлөө
-
Үйл явдал2020/01/15
Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүл...
