Үйл явдал
Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд өргөн барилаа
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
- “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
Энэхүү хөтөлбөрөөр нийслэл, аймаг, дүүрэг, сумдын эмнэлэг, эрүүл мэндийн төвийг загвар эмнэлэг, жишиг төв болгох, өргөтгөн засварлах, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулах, чанарын удирдлагын шинэчлэл хийх, бие даасан байдлыг бэхжүүлэх зэрэг ажил, үйлчилгээг Азийн хөгжлийн банк, Харилцан кредит олгох механизмын Японы сангийн нийт 161.8 сая ам.доллараар хэрэгжүүлэх юм.
Хөтөлбөр 3 үе шаттай хэрэгжинэ.
1-р шат нь 2019-2024 онд 79.62 сая ам.доллараар
2-р шат нь 2022-2026 онд 40.71 сая ам.доллараар
3-р шат нь 2025-2029 онд 41.49 сая ам.доллараар
- “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хооронд харилцан тохиролцсон “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр” нь УИХ-аас 2016.11.24-нд баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, Монгол Улсын Засгийн газрын төсвийн тогтвортой байдлыг сайжруулах, төсвийн алдагдлыг бууруулж, нэгдмэл байдлыг бий болгох, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх, төсвийн алдагдлыг нөхөхөд чиглэж байгаа юм.
ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын хүрээнд Дэлхийн банкнаас төсвийн дэмжлэг болгон хэрэгжүүлж буй хөтөлбөр 3 үе шаттай. Гурван үе шатанд нийт 33 бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр хэлэлцэн тохиролцсоноос эхний шатанд 9 бодлогын арга хэмжээг, хоёр дахь шатанд 10 бодлогын арга хэмжээг хэрэгжүүлсэн.
Хоёр дахь шатанд Дэлхийн банкнаас 100.0 сая ам.долларыг хоёр эх үүсвэрээс авч байгаа юм.
- Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл
Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр, Баян-Адарга, Увс аймгийн Ховд, Бөхмөрөн, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Завхан аймгийн Дөрвөлжин, Отгон, Баянхонгор аймгийн Галуут, Гурванбулаг, Ховд аймгийн Мянгад, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий зэрэг сумдын нутагт орших зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Нийт 6 аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарч байгаа эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 1.298.047 га-гаар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь нь 0.83 хувиар нэмэгдэж байгаа ажээ.
- Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
-Байгалийн ургамлын тухай хууль 1995 онд батлагдаж, 4 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч байгалийн ургамлын удмын санг хойч үедээ хадгалж, өвлүүлэх чадамж дэлхий нийтийн жишгээс хоцорч, ургамлын олон янз байдлыг хамгаалах явдал үндсэндээ хаягдаж, ургамлын төрөл зүйлүүд устах аюулд тулгараад байгаа
-“Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу хийсэн үнэлгээнээс уг хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан зэргийг үндэслэн хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд:
- Нутаг орны хэмжээнд нөөц нь багассан, устах аюулд өртөөд байгаа ургамлын зүйлийг уугуул тархац нутагт нь хамгаалах, нөхөн сэргээх ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутагтаа хэрэгжүүлэх;
- Нэн ховор, ховор, унаган, үлдвэр ургамлын удмын санг хойч үедээ өвлүүлэх зорилгоор ижил төстэй орчинд тарималжуулан хадгалан хамгаалах ажлыг төрийн өмчит шинжлэх ухааны байгууллага хийж гүйцэтгэх;
- Монгол орны нутаг дэвсгэрт бүртгэгдсэн нийт ургамлын хамтаамал, өсгөвөр, үр, үрцэрийн цуглуулгыг байгалийн ургамлын генийн санд хадгалан хамгаалах;
- Эко системийн унаган төрхийг хадгалан хамгаалах зорилгоор харь зүйл ургамлыг байгальд тарьж ургуулахыг, хүнс техникийн зориулалтаар тарималжуулсан харь зүйл ургамлыг байгальд тархаахыг хориглох;
- Байгалийн ургамлын биологийн нөхөн сэргээлт хийх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал түүж бэлтгэсэн хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр биологийн нөхөн сэргээлт хийх, нөхөн сэргээлт хийгээгүй хуулийн этгээдэд ургамал түүж бэлтгэх зөвшөөрөл дахин олгохгүй байх зэрэг өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан байна.
Үйл явдал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, гадаадын их, дээд сургуульд суралцаж төгссөн залуусын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
“Илгээлт-2100” хөтөлбөр 2021 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд дэлхийн түвшний боловсрол эзэмшсэн, мэдлэг чадвартай, бүтээлч, манлайлагч ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх зорилготой юм. 2026-2027 оны хичээлийн жилд тус хөтөлбөрийн хүрээнд нийт 1355 суралцагч гадаадын их, дээд сургуульд суралцаж байна. Үүнээс Улаанбаатар хотоос шалгарсан 70 суралцагчаас энэ онд 32 нь гадаадын их, дээд сургуулийг амжилттай төгсөж, эх орондоо ирээд байна. Тэдгээр төгсөгчдийн 18 төлөөлөл өнөөдрийн уулзалтад оролцлоо.

Уулзалтын үеэр төгсөгчид хаана, ямар сургуульд, ямар мэргэжлээр суралцсан туршлагаа хуваалцаж, эх орондоо ажиллах, мэргэжлээрээ хөгжих хүсэл зорилгоо илэрхийлэв. Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа байгууллагуудад ажиллах боломж, залуу боловсон хүчнийг дэмжих бодлого, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Төгсөгчдийн дунд төрийн болон нийслэлийн харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар мэргэжлээрээ ажиллаж буй залуус байна. Гадаадад эзэмшсэн мэдлэг, ур чадвараа төрийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь хөтөлбөрийн үр өгөөж бодитоор хэрэгжиж буйн илрэл гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан онцоллоо.
Тэрбээр “Та бүхэн гадаадад суралцах хугацаандаа дэлхийн боловсролын тогтолцоо, ажлын арга барил, шинэ технологи, соёлтой танилцаж, үнэ цэнтэй мэдлэг, туршлага хуримтлуулсан. Одоо түүнийгээ эх орондоо хэрэгжүүлж, бодит үр дүн гаргах чухал үе ирж байна. Ялангуяа Улаанбаатар хотын хөгжилд мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг, олон улсын харилцаа зэрэг олон чиглэлийн чадварлаг боловсон хүчин хэрэгтэй. Иймд нийслэлийн зүгээс та бүхний эзэмшсэн мэдлэг, ур чадварыг хотын салбаруудын хэрэгцээтэй уялдуулж, мэргэжлээрээ ажиллах, өсөн дэвших боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллана” гэв.


Үйл явдал
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Үйл явдал
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Дэлхий нийтээр..2023/08/04
Сяньбигийн үеийн бунхант булшны малтлага судалгаа хийв
-
Дэлхий нийтээр..2019/07/19
Налайхын 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэлх авто замын ажил ирэх сарын 1-нд ...
-
Дэлхий нийтээр..2025/09/18
А.Амартүвшин: 2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэр...
-
Дэлхий нийтээр..2023/06/14
Есөн чиглэлд нислэг сэргээж, тийзний үнийг 2-2.5 дахин буурууллаа
