Тод мэдээ
Нүүрснээс татгалзаж, байгалийн хийн хэрэглээг нэвтрүүлэх албан ёсны хүсэлт гаргажээ
НИТХ дахь ХҮН намын бүлгээс нүүрснээс татгалзаж, байгалийн хийн хэрэглээг нэвтрүүлэх санал бүхий албан ёсны хүсэлтийг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт гаргалаа.
Бүлгийн зүгээс гэр хорооллын түлшний хэрэгцээг хямдруулсан үнэтэй хийн түлшээр хангавал өвлийн улиралд агаарын бохирдлыг богино хугацаанд бүрэн арилгах боломжтой гэж үзжээ.
Тухайн санал хүсэлтэд нүүрс нь манай улсын эдийн засгийн гол тулгуур боловч Улаанбаатар хотын агаарын бохирдлын үндсэн эх үүсвэр болоод буйг дурдаж, нийслэлийн гэр хороололд нүүрсний хэрэглээнээс татгалзаж, оронд нь хийн түлшийг нэвтрүүлэх талаар Засгийн газартай ярилцан, дэмжүүлэх ажлыг зохион байгуулахыг Хотын даргаас хүссэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ болон нийслэлийн удирдлагын багийн бодлого нэг байх нь зүйтэй хэмээн, уг хүсэлтийг дэмжихээ илэрхийллээ.
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл