Дэлхий нийтээр..
АТГ: Нүүрс олборлолт, экспорттой холбогдсон 35 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 2, 29.4 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, Улсын Ерөнхий Прокурорын газрын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 4/04 дугаартай тогтоолыг үндэслэн Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/101, А/119, А/326 дугаартай тушаалын дагуу томилсон. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 62 мөрдөгч ажиллан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Одоо ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 10, нийт 35 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ажлын хэсэг 3 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т хүргүүлээд байна.
Ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаагаар 118 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 216 удаа, гэрчээр 326 хүнээс мэдүүлэг авч, 593 баримт материал холбогдох байгууллагаас гаргуулан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Энэ хугацаанд 21 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, шүүхэд танилцуулсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 64 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Үүний 14 албан тушаалтныг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан давуу байдал олгож хохирол учруулсан, 14 албан тушаалтныг хахууль авах, 24 иргэн, албан тушаалтныг хахууль өгөх, 12 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.
Яллагдагч нарыг албан тушаалын байдлаар авч үзвэл нийтийн албан тушаалтан 35 /улс төрд нөлөө бүхий этгээд УИХ-ын гишүүн 1, Зам тээврийн хөгжлийн сайд 1, төрийн нарийн бичгийн дарга 1, Засаг дарга 1, УИХ-ын гишүүний зөвлөх 1, гаалийн улсын байцаагч 12 , ХХЕГ-ын харьяа байгууллагын 4, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 4, боомтын захиргааны мэргэжилтэн 1, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 6, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 3/, мөн хуулийн этгээдийн албан тушаалтан 10, иргэн 19 тус тус байна.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
