Дэлхий нийтээр..
Авлигатай тэмцэхэд БНСУ-ын Хууль зүйн яам хамтарч ажиллахаар боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Хууль зүйн сайд Хан Дун Хүн-ийг хүлээн авч уулзав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлалаар БНСУ-тай хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн тодорхой ажил тохирохыг зорьж буй. Түүний дотор иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудал чухал зорилтын нэг гэдгийг тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын Засгийн газар 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, авлигын эсрэг таван “Ш” төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгааг танилцууллаа.
Мөн сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа бүхий л салбарт тэлж, БНСУ-тай бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн тоо үлэмж нэмэгдэж, БНСУ-д эмчлүүлэх, аялал жуулчлалаар явах болон суралцах оюутнуудын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэв. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихийн хэрээр иргэдийн зорчих урсгал нэмэгдэж, хоёр улсын хооронд харилцан зорчсон иргэдийн тоо 1999 онд 5,000 орчим байсан бол эдүгээ 200 мянгад хүрч, манай улсын 50 гаруй мянган иргэн БНСУ-д оршин сууж байгааг дурдав.
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэл болгож 2023-2025 оныг “Монголд зочлох” жилээр зарласантай холбогдуулан БНСУ-ын иргэдийг энэ хугацаанд визээс чөлөөлж, манай улсад чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлсэн гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Хоёр улсын иргэд харилцан адил байх зарчмын үүднээс монгол иргэдэд мөн энэ хугацаанд визийн хөнгөлөлт үзүүлэх, цаашид харилцан визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд БНСУ-ын Хууль зүйн сайдын зүгээс анхаарч ажиллахыг хүсэв.

Хууль зүйн сайд Хан Дун Хүн БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, аливаа асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх чиглэлд цаашид ч анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын авлигын эсрэг үйл ажиллагаанд амжилт хүсээд, энэ чиглэлд хамтарч ажиллах, тэр дундаа Солонгосын талаас эрх зүйн туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгийг онцоллоо.
Монгол, солонгос иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг БНСУ-ын Хууль зүйн яам нухацтай судалж буйг хэлээд, иргэд чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх чухал үзүүлэлтийн нэг нь хууль бусаар оршин суугаа иргэдийн тоог бууруулах, тухайн улсын хууль журмыг дээдлэн харилцан адил мөрдөхийн чухлыг тэмдэглэлээ. Мөн БНСУ-ын Засгийн газрын зүгээс Яньян болон Жэжү рүү зорчих бүлэг жуулчдыг визгүй зорчих шийдвэр гарган хүчин төгөлдөр хэрэгжиж буйг дурдаад цаашид монгол иргэдэд визийн нөхцөлийг хөнгөвчлөх талаар шат дараатай арга хэмжээ авч ажиллахын төлөө байгааг тэмдэглэв.

Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2025/04/24
Уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг Монгол Улсад ирнэ
-
Чөлөөт бүс2019/10/01
“Төв аймгийн сүм хийдийн лам нарын бүртгэл” эмхэтгэл хэвлэгдлээ
-
Үйл явдал2024/11/21
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2024/06/12
Ховд сум чиглэлийн авто зам энэ онд ашиглалтад орно
