Дэлхий нийтээр..
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д бараалхав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д бараалхав. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д уламжилж, Ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилга бүхий захидлыг гардуулж өглөө.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг бататгаж, хоёр улсын улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, иргэд солилцоог дэмжих, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болж буйг тэмдэглэв.
Мөн хоёр улсын эдийн засгийн агуулгыг баяжуулах хүрээнд Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот сэргээн байгуулах, Хөшигийн хөндийд дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зэрэг бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БНСУ-ын хөрөнгө оруулалтыг татах, ноу-хау, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах болон газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэх зэрэг чиглэлд бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тогтсон нь айлчлалын чухал үр дүн болсныг онцоллоо.
Уур амьсгалын өөрчлөлт, шар шороон шуурга болон цөлжилттэй тэмцэх зэрэг ногоон хөгжлийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын чиглэлээрх хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд тодорхой ажлуудыг хэрэгжүүлэх талаар үр дүнтэй яриа хэлэлцээ хийв.
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд түүний халуун дотно мэндчилгээг уламжлахыг хүсээд, Монгол Улсад айлчлах урилгыг талархалтай хүлээн авч буйгаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалд өндөр амжилт хүслээ.
Ерөнхийлөгч Юн Сог Ёль ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлстэй Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд БНСУ-ын төр, Засгийн газраас өндөр ач холбогдол өгч буйг онцлон тэмдэглэж, хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах болон иргэд солилцоо, түүний дотор хүүхэд, залуучуудын солилцоог дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Талууд бүс нутаг, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг дурдаж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд цаашид хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхээ нотлов. Ерөнхийлөгч Юн Сог Ёль “Дэлхийн ЭКСПО-2030” зохион байгуулах эрхийн төлөөх сонгуульд Монгол Улс Пусан хотыг дэмжих шийдвэр гаргасанд гүн талархал илэрхийлэв.
Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангахад хоёр улс үргэлжлүүлэн хүчин чармайлт гарган ажиллахын чухлыг талууд тэмдэглэж, Монгол Улсын санаачилсан бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г БНСУ цаашид ч дэмжиж, өндөр түвшинд төлөөлөгч оролцуулахаа тэмдэглэв.
Талууд хоёр улсын иргэд чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх нь ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх чухал хөшүүрэг болно гэдэгт санал нэгдэж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчих чиглэлд хоёр талын холбогдох байгууллага хооронд хамтран ажиллах нь зүйтэйг тэмдэглэлээ.Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
