Дэлхий нийтээр..
“Сити-Тек Токио 2023” үзэсгэлэнд Монголын хоёр компани оролцож байна
Дэлхийн томоохон хотуудад тулгамдаж буй хүн амын насжилт, дэд бүтцийн асуудлууд, мөн уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай сорилтуудыг даван туулж, тогтвортой хотыг бий болгоход шинэ санаа, технологийн чадавхтай старт-ап компаниудыг оролцуулах, энэ чиглэлд инновацыг хөгжүүлэхээр Япон Улсын нийслэлд “Сити-Тек Токио 2023” үзэсгэлэнг зохион байгуулж буй.
Энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Токио хотноо “Гарааны бизнес эрхлэгчид, старт-апуудтай хамтран инновацад суурилсан тогтвортой ирээдүйг бүтээх нь” сэдвийн дор болж буй энэхүү үзэсгэлэнд Монголын хоёр компани оролцож байна.

Нээлттэй инновацыг хөгжүүлэн, нутагшуулснаар байгальд ээлтэй, оновчтой, ухаалаг шийдлүүд бүхий хотыг цогцлоох технологи буюу Сити-Тек салбарын санаачилга, асуудлууд, дэвшлүүдийг бусад хоттой хуваалцах боломжийг энэхүү үзэсгэлэн олгож байгаа юм. Мөн гарааны бизнес эрхлэгчдэд хамтран ажиллах түнш, хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоох үнэ цэнтэй боломжийг ч “Сити-Тек Токио 2023” олгож буйгаараа онцлог.
НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, НИТХ-ын төлөөлөгч Б.Өнөбат тэргүүтэй холбогдох албаныхан тус үзэсгэлэнг үзэж сонирхон, Монголын старт-ап компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцсан юм.
Үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаа "Метафорс" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Батцэнгэл “Үзэсгэлэнд 30 гаруй улсын 100 хотоос 300 гаруй компани оролцож байна. Компаниудын хувьд хөрөнгө оруулалт татах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулах, мөн хоорондоо харилцаа холбоо тогтоох гээд ач холбогдол өндөртэй арга хэмжээ болж байна. Бид “Metaland Metaverse” бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Энэ төсөл нь виртуал ертөнцөд харилцаа холбоо, үйлчилгээг бодитоор бий болгоно. Өөрөөр хэлбэл, манай металандад нэгдсэнээр аватараараа дамжуулан бүх үйлчилгээг нэг дороос хялбархан авах боломжтой. Түүнээс гадна компаниуд виртуал салбараа байгуулж, бизнесээ танилцуулах боломж ч нээлттэй. Манай металанд нь толин ертөнц гэдэг ангиллынх тул виртуал ертөнцөд авсан үйлчилгээ бодит орчинд хэрэгжиж байх юм.

Бид өнгөрсөн арваннэгдүгээр сард платформынхоо нээлтийг хийсэн. Зураглал сайтай, бодит мэт мэдрэмж төрүүлэх энэ ертөнцөд өөрийгөө төлөөлүүлэн үүсгэсэн аватараараа дамжуулаад та бусад хүнтэй харилцан, хотоор зугаалж, музей ч үзэж болно. Ингэхийн тулд “Metaland Metaverse” аппликейшн татаад и-мэйл хаягаараа үнэ төлбөргүй бүртгүүлэн, өөрийн аватараа үүсгэхэд л хангалттай.
Бид гуравдугаар сарын 30-нд “The Hu” хамтлагийн тоглолтыг метаверс орчинд зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд хэд хэдэн уулзалт товлож амжлаа. Бас манай компани хүртээмжтэй буюу дохионы хэлтэй метаверс концепцыг хэрэгжүүлж байна. Энэ талаараа ч арга хэмжээний үеэр танилцууллаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Мөн арга хэмжээний оролцогч "Фибо Глобал" ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Пүрэвбазар “Манай компани 2018 онд байгуулагдсан, хоёр жилийн хугацаанд үүлэн технологиор дагнан үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэгч болж чадсан. Бид дата төвүүдэд зориулан үйлдлийн систем хийдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бидний гаргасан үйлдлийн системийг ашиглаад дата төвүүд илүү орчин үеийн мобайль, вэб аппликейшн хийх боломжтой. Өнгөрсөн жилийн хувьд манай компани Казахстан Улстай гэрээ хийж, Төв Азийн зах зээлд гарах сууриа тавьсан. Үүлэн технологид суурилсан бизнесийн зах зээл бол дэлхийн хэмжээнд 10-20 хувийн өсөлттэй, Японд гэхэд л хоёр жилийн дотор 100 тэрбум ам.долларын эргэлттэй зах зээл болох төлөвтэй байна. Энэ зах зээлийн цаашдын чиг хандлага, технологи ямар түвшинд байгааг судлахаар ирсэн” гэсэн юм.
“Сити-Тек Токио 2023” арга хэмжээнд дэлхийн хотуудын удирдлагууд, удирдах албан тушаалтнууд, томоохон компаниуд, гарааны бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, их дээд сургуулиуд, хэвлэл мэдээллийн салбарынхан тэргүүтэй 10 мянга гаруй хүн оролцож байна.
Дэлхий нийтээр..
АНУ ухарсан уу: Хормузын бүс дэх завсарлага юу өгүүлж байна вэ
Ирантай холбоотой хурцадмал байдал намжаагүй энэ үед АНУ-ын цэргийн ажиллагаа сүүлийн өдрүүдэд саарч, зарим чиглэлд түр зогссон нь анхаарал татаж байна. Үүнтэй зэрэгцэн “АНУ ухарсан уу?” гэсэн асуулт олон нийтийн дунд гарч эхэллээ.
АНУ тавдугаар сарын эхнээс Хормузын хоолойд саатсан хөлөг онгоцуудыг хамгаалан нэвтрүүлэх ажиллагаа явуулсан. Энэ нь дэлхийн нефтийн нийлүүлэлтийн чухал урсгалд үүссэн саатлыг арилгах зорилготой байв. Харин удалгүй уг ажиллагаагаа хэсэгчлэн саатуулж, хэлэлцээрт илүү анхаарах хандлага ажиглагдав.
Гэвч энэ өөрчлөлтийг шууд “ухралт” гэж дүгнэхэд эрт. АНУ бүс нутагт цэргийн хяналтаа хэвээр хадгалж, шаардлагатай тохиолдолд дарамтаа нэмэгдүүлэх боломжтой байр суурь баримталж байна. Өөрөөр хэлбэл, бүрэн зогсолт бус, тодорхой зорилготой завсарлага гэж ойлгож болно.
Хормузын хоолой бол дэлхийн нефтийн урсгалын гол зангилаа. Тус бүсээр дамжих нийлүүлэлтэд саад гарвал олон улсын зах зээлд шууд нөлөөлдөг. Иймээс АНУ-ын алхам зөвхөн цэргийн хүрээнд бус, эдийн засгийн томоохон үр дагавартай.
Нөгөө талд Иран энэ бүс дэх нөлөөгөө хадгалахыг эрмэлзэж, гадаадын цэргийн оролцоог эсэргүүцсээр байна. Энэ нь хэлэлцээрийг урагшлуулахад бэрхшээл учруулж, хоёр талын итгэлцлийг сул хэвээр байлгаж байна.
Одоогийн нөхцөл байдлыг ажиглавал, аль аль тал тодорхой хэмжээнд болгоомжтой байр суурь баримталж, хурцадмал байдлыг хэт өргөжүүлэхээс зайлсхийж буй дүр зураг ажиглагдана. Гэхдээ бүс нутагт эрсдэл бүрэн арилгагдаагүй хэвээр.
Ийнхүү АНУ-ын энэ алхам нь ухралт гэхээс илүүтэй нөхцөл байдлыг ажиглах, дараагийн шийдвэрт бэлтгэх завсарлага мэт харагдаж байна. Харин энэ завсарлага энхийн хэлэлцээнд хүргэх үү, эсвэл дараагийн хурцадмал үеийн өмнөх нам гүм байдал болох уу гэдэг нь ойрын өдрүүдэд тодорхой болох төлөвтэй.
Дэлхий нийтээр..
АНУ, Ираны хэлэлцээ гацаж, Хормузын хоолойн асуудал хурц хэвээр байна
АНУ болон Ираны хооронд хэдэн сарын турш үргэлжилж буй зөрчилдөөн намжих шинжгүй байгаа бөгөөд хэдийгээр талууд түр гал зогсоох тохиролцоонд хүрээд байгаа ч нөхцөл байдал эмзэг, хэлэлцээ төдийлөн ахиц гараагүй хэвээр байгаа юм.
Хоёр улсын маргааны гол төв нь дэлхийн нефтийн тээвэрлэлтийн чухал зангилаа болох Хормузын хоолой болжээ. Энэ бүс нутгаар дэлхийн газрын тосны ихээхэн хувь дамжин өнгөрдөг тул аливаа саатал нь олон улсын зах зээлд шууд нөлөөлж байна.
Иран сүүлийн үед тус хоолойгоор нэвтрэх хөлөг онгоцнуудын хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт хийж, заримыг нь саатуулсан байна. Харин АНУ Ираны нефтийн экспортод дарамт үзүүлэх зорилгоор далайн блокад тогтоожээ. Үүний улмаас олон арван хөлөг онгоц гацаж, газрын тосны үнэ өсөхөд хүрсэн.
Ираны тал “хэрэв АНУ блокадаа зогсоож, хориг арга хэмжээгээ цуцалбал Хормузын хоолойг бүрэн нээхэд бэлэн” гэж мэдэгдсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Доналд ТрампИраны гаргасан энхийн саналыг судалж байгаа ч одоогоор хангалтгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Ийнхүү хоёр тал байр суурин дээрээ хатуу зогсож байгаа нь хэлэлцээг урагшлуулахад саад болж байна. Гал зогсоох тохиролцоо хүчин төгөлдөр хэвээр байгаа ч бүс нутагт хурцадмал байдал бүрэн намжаагүй, цаашид нөхцөл байдал хэрхэн өрнөх нь тодорхойгүй хэвээр байгаа юм.
Дэлхий нийтээр..
Олборлолт нэмэгдсэн ч Хормузын нөхцөл байдал нефтийн зах зээлд нөлөөлсөөр...
ОПЕК+ бүлгийн орнууд тавдугаар сарын 3-нд уулзаж, зургадугаар сараас нефтийн олборлолтоо өдөрт 188 мянган баррелиар нэмэхээр тохиролцсон байна. Гэвч энэ шийдвэр дэлхийн газрын тосны зах зээлийн гол дарамтыг сулруулж чадсангүй.
Хормузын хоолойн орчимд үүссэн хурцадмал байдал үргэлжилж, дэлхийн нефтийн нийлүүлэлтийн чухал урсгалд саад учруулсаар байна. Тус бүсээр дэлхийн нефтийн ойролцоогоор 20 хувь дамжин өнгөрдөг нь эрсдэлийг улам нэмэгдүүлээд байгаа юм.
Зах зээл дээр энэ нөлөө илэрч, нефтийн үнэ өндөр түвшинд хадгалагдав. Brent төрлийн нефть баррель нь 85–90 ам.долларын хооронд, WTI 80–85 ам.долларын орчимд хэлбэлзсэн.
Шинжээчдийн дүгнэлтээр, олборлолт нэмэгдэх нь үнийн огцом өсөлтийг тодорхой хэмжээнд сааруулж болох ч геополитикийн эрсдэлийг нөхөх хэмжээнд хүрэхгүй хэвээр байгааг анхааруулжээ.
ОПЕК+ бүлэг зах зээлийн нөхцөл байдлыг сар бүр үнэлж, дараагийн уулзалтаа зургадугаар сарын 7-нд хийхээр товлосон аж.
-
Дэлхий нийтээр..2023/04/21
ЭЗБХ: “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төсл...
-
Дэлхий нийтээр..2025/03/28
Төр, нийгмийн зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэгл...
-
Дэлхий нийтээр..2023/04/13
Явган хүний замын зорчих хэсэг дээр байрлаж байгаа гэрлийн шонг шилжүүлж, зорчих...
-
Дэлхий нийтээр..2023/04/25
Аялал жуулчлалын болон Төмөр замын тээврийн тухай хуулийн төслүүдийн талаар мэдэ...
