Дэлхий нийтээр..
Гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр гуравдугаар сард Монгол орны нутгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх ба нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн сүүлч хүртэл ихэнх нутгаар температур бага зэрэг сэрүүсэх төлөвтэй. Сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас багатай ба сарын сүүлийн хагаст тунадасны давтагдал ихтэй байх буюу хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи шуургатай байх магадлал өндөр байна.
![]()
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Увс, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байх бол арав хоногуудийн дунд үеүдээр олон жилийн дунджаас бага зэрэг хүйтрэх төлөвтэй байна.
Хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орох бол сарын сүүлчээр зарим газраар нойтон цас орж, салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас нутгийн хойд хэсгээр буюу Хөвсгөл, Булганы хойд, Сэлэнгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн дунд үе хүртэл өмнөх өдрүүдээсээ хүйтрэх төлөвтэй байна.
Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар нойтон цас, уулархаг нутгаар цас орж, салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан , хур тунадас ихэнх нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур харьцангуй дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар нойтон цас орж, салхи ширүүсч, зарим газраар 14-16 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур харьцангуй дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн сүүлч хүртэл бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна.
Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 14-16 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2025/03/10
Гуравдугаар сарын 10-ны Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэг цуцла...
-
Дэлхий нийтээр..2021/07/05
Энэ сарын 5-наас 9-ний өдрүүдэд ажиллах шинжилгээний цэгүүд
-
Дэлхий нийтээр..2021/03/12
Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд аймгийн Онцгой комиссоос...
-
Хэн юу хэлэв...2026/08/05
Трамп холбооны прокурор Жанин Пиррог шүүмжилжээ
