Дэлхий нийтээр..
“Хойч үедээ үлдээх ирээдүйн цаг агаар, уур амьсгал, ус”
Женев дэх Дэлхийн цаг уурын байгууллагын (ДЦУБ) Нарийн бичгийн дарга нарын газраас мэндчилж байна.
Дэлхийн цаг агаар, уур амьсгал, усны эргэц улс орнуудын хил болон улс төрийн нөхцөл байдлаар хязгаарлагдахгүй тул олон улсын хамтын ажиллагаа манай салбарт маш чухал байдаг. Энэ үзэл санаа 1873 оноос хойш дэлхийн цаг уурчдын хамтын нийгэмлэгийн хийж, хэрэгжүүлж ирсэн олон ажлын үр дүнд буй болсон бөгөөд цаашид ч биднийг чиглүүлэх учиртай.
Манай салбарын шинжлэх ухаан, мэргэжлийн эрэлт хэрэгцээ урьд өмнө хэзээ ч ийм өндөр байгаагүй.
Энэ жилийн Дэлхийн цаг уурын өдөр Дэлхийн цаг уурын байгууллага үүсэн байгуулагдсаны 150 жилийн ой болон Дэлхийн цаг агаарын алба зохион байгуулагдсаны 60 жилийн ойтой давхцаж байгаагаараа маш онцлог. Сүүлийн 150 жилийн хугацаанд улс орнуудын Үндэсний ус, цаг уурын албад бидний өнөөдрийн түвшний цаг агаарын урьдчилсан мэдээ гаргахад үндэс суурь болсон мэдээ, мэдээллийг цуглуулж, стандартчилсаар ирсэн юм. ДЦУБ-ын хүрээнд дэлхий нийтээрээ цаг уурын мэдээлэл солилцож ирсэн түүх бол хүний амь нас, амьжиргааг аврах шинжлэх ухаанч хамтын ажиллагааны амжилтын түүх байдаг.
ДЦУБ нь НҮБ-ын хоёр дахь ууган агентлаг юм. Бид өнөөдрийг хүртэл туулж ирсэн зам, ололт амжилтаараа бахархаж, одоогийн ажлын явц, ирээдүйд хүрэх зорилгоо хэлэлцэж байна. 150 жилийн ойн энэ өдрийг Дэлхийн цаг уурын конгресс цаг агаар, уур амьсгал, ус болон байгаль орчны бусад аюулт үзэгдлүүдэд илүү тэсвэртэй дэлхийг буй болгох тухай алсын харааг дэмжих стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг баталсан чухал жил болгон тэмдэглэх болно.
Эрт зарлан мэдээллийг хүн бүрд
Ирэх таван жилд хүний амь насыг аврах эрт сэрэмжлүүлгийн системд хүн бүрийг хамруулах болно гэсэн НҮБ-ийн санаачилга их ажлыг хийж хэрэгжүүлэх эрч хүчийг нэмэгдүүлж байна. 2022 оны Дэлхийн цаг уурын өдрөөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн гаргасан "Эрт зарлан мэдээллийг хүн бүрт" санаачилга Шарм-Эль-Шейх хотод болсон COP27 (Уур амьсгалын өөрчлөлтийн НҮБ-ын дээд хэмжээний чуулган) их хурлаар батлагдаж, хөгжингүй болон хөгжиж буй орнууд, НҮБ-ын агентлагууд болон хувийн хэвшлийн дэмжлэгийг авсан юм.
Эрт зарлан мэдээлэл үр ашиг өгсөөр байгаа хэдий ч хүн бүрд хүрэх ёстой. ДЦУБ-ын гишүүн орнуудын тал хувь нь олон төрлийн аюулыг эрт зарлан мэдээлэх хангалттай хэмжээний тогтолцоо байхгүй хэвээр байгаа тул бид ялангуяа буурай хөгжилтэй орнууд болон хөгжиж буй жижиг арлын орнуудад байх цаг уурын ажиглалтын сүлжээний цоорхойг нөхөх шаардлагатай байна.
Эрт сэрэмжлүүлэг бол уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хамгийн үр дүнтэй тогтолцоо бөгөөд тансаг хэрэглээ биш харин зайлшгүй байх ёстой хэрэгцээ болж байна. Дэлхийн эдийн засгийн форум ирэх арван жилд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахгүй, дасан зохицох арга хэмжээ авахгүй байх, байгалийн гамшиг нэмэгдэх зэрэг нь дэлхийн эдийн засагт хамгийн их эрсдэл учруулна хэмээн онцлон тэмдэглэжээ.
Дэлхийн хэмжээнд болж буй бүх гамшгийн дор хаяж тал хувь нь устай холбоотой байдаг. 2023 оны 4-р сарын 22-24-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Усны нөөцийн асуудлаарх олон улсын бага хурлын үеэр ДЦУБ үер, ган гачиг зэрэг устай холбоотой аюул хэрхэн нэмэгдэж байгааг танилцуулах болно.
Уур амьсгалын өөрчлөлт, мөсөн голууд хайлж байгаа нь усны асуудлыг нэмэгдүүлж байна. Усны хяналт-шинжилгээ, менежментийг сайжруулах нь нэн чухал тул ДЦУБ ус судлалын мэдээллийн чөлөөт солилцоог дэмжих зорилгоор Дэлхийн усны мэдээллийн системийг хөгжүүлэхээр ажиллаж байна.
Хүлэмжийн хийн мониторинг
Уур амьсгалын өөрчлөлт бол бидний үеийн шийдвэрлэх сорилт юм. Бид энэ сорилтыг хэрхэн даван туулах нь манай гаригийн болон бидний үр хүүхэд, ач зээ нарын ирээдүйг тодорхойлно. Бид үүнийг “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний бүлгийн” зургаа дахь үнэлгээний тайлангийн нэгтгэлд онцлон тэмдэглэх болно.
Дэлхийн гадарга орчмын агаарын дундаж температур Олон улсын цаг уурчдын холбоо байгуулагдаж байсан 150 жилийн өмнөх үетэй харьцуулахад 1.10C-аар дулаарчихаад байна. Дэлхийн цаг агаар улам эрс тэс болж, далай тэнгисийн усны температур нэмэгдэж, далайн ус улам хүчиллэг болж, усны түвшин нь нэмэгдэж, мөнх цас мөсөн голууд хайлж, эдгээр өөрчлөлт улам хурдсаж байна.
Агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж дээд хэмжээнд хүрсэн хэвээр байна. Гэвч бид гадаргын болон сансрын технологид суурилсан хүлэмжийн хийн ажиглалтын мэдээллийг олон улсын хэмжээнд цаг тухайд нь бүрэн солилцох боломжгүй байна.
Энэ хоосон орон зайг нөхөхийн тулд ДЦУБ дэлхийн хүлэмжийн хийн мониторингийн тогтвортой, зохион байгуулалттай дэд бүтцийг хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Ингэснээр Дэлхийн агаар мандлын ажиглалт болон Дэлхийн хүлэмжийн хийн мэдээллийн нэгдсэн системийг түшиглэн хүлэмжийн хийн мониторингийн чиглэлээр ДЦУБ-ын хийж хэрэгжүүлж ирсэн олон жилийн үйл ажиллагааг өргөжүүлж, нэгтгэх юм.
Хүлэмжийн хийн мониторингийн тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэх энэхүү бодлого нь хиймэл дагуулын эриний эхэн үед бий болж, энэ жил 60 жилийн ойгоо тэмдэглэж буй Дэлхийн цаг агаарын албаны амжилттай үйл ажиллагаанд үндэслэсэн бөгөөд энэхүү албаны үйл ажиллагаа нь олон улсын хамтын ажиллагааны алтан стандарт хэвээр байсаар байна.
ДЦУБ-ын гишүүн орнууд урт удаан, баялаг түүх, ололт амжилтаараа бахархах хэрэгтэй. Бид морз код, далайн хөлөг онгоцонд зориулсан урьдчилсан мэдээ, телеграфын сүлжээний эрин үед үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр суперкомпьютер, хиймэл дагуулын технологи нь цаг агаар, уур амьсгалын өндөр нарийвчлалтай урьдчилсан мэдээгээр нийгмийг үйлчлэх шинэ боломжийг нээж өгч байна.
Хэдийгээр хиймэл оюун ухаан, машин сургалтын эрин үе ирж байгаа ч гэлээ салбарын үйл ажиллагаа маань өдөр бүр хүний амь насыг аврахын төлөө ажилладаг Үндэсний ус цаг уурын албадын ажилтнуудын хувийн хичээл зүтгэл, тууштай байдлаас хамааралтай хэвээр байна.
Та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе.
ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, проф. Пэттэри Таалас
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Хэн юу хэлэв...2023/11/28
В.Батсайхан: Гал түймэртэй тэмцэх байгууллагад ашиглаж байсан бүх төрлийн автома...
-
Үйл явдал2023/08/18
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Үйл явдал2021/08/04
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ
-
Үйл явдал2021/05/07
УОК-оос сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байна /2021.05.07/
