Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

Сэтгүүлч:

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Баянзүрх дүүргээс удирдан явуулав. Дүүргүүд дээр тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх, нөхцөл байдалтай танилцах үүднээс тэрбээр шуурхай зөвлөгөөнийг аль нэг дүүргээс цахим болон танхимаар хийж байхаар шийдвэрлэсэн юм. 

Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 12 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн. Тухайлбал, 2023 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд нийт 525 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг харьяа байгууллагуудад шилжүүлэхээс өнөөдрийн байдлаар 517 төсөл, арга хэмжээ худалдан авах эрхийг шилжүүлсэн бөгөөд гүйцэтгэл 98.4 хувьтай байна. Эдгээрээс нээлттэй тендер шалгаруулалт, зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журмаар нийт 420 төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг зохион байгуулан ажиллаж буй. Мөн тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулах талаар үүрэг болгосон юм. Энэ хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн зогсоол ажиллуулах, төлбөр авах үйл ажиллагааны журмын төслийг шинэчлэн боловсруулснаас гадна нийтийн эзэмшлийн гудамж, замд удаан хугацаагаар байршиж буй тээврийн хэрэгслийн судалгааг гарган, 26 байршил чөлөөлжээ.

359 ТҮЦ-т мэдэгдэх хуудас хүргүүлсэн

Нийслэлийн зүгээс нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлж, иргэдийн саадгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд анхаарч буй. Энэ дагуу автобусны буудал, явган хүний замд зөвшөөрөлгүй байрлуулсан, иргэдийн зорчих хөдөлгөөн хааж буй Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг нүүлгэн шилжүүлж байна. Нийслэлд нийт 1831 ТҮЦ байгаа бөгөөд тэдгээрийн 128-ыг нь нүүлгэж, 359-д нь мэдэгдэх хуудас хүргүүлээд байна.  Түүнчлэн нийтийн эдэлбэр газарт өдрийн худалдаа эрхлэх эхний ээлжийн 30 байршилд тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар боловсруулан батлуулж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/, есөн дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлээд буй.

Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг шилэн болгоно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг авилгатай тэмцэх жил болгон зарлаж, авилгатай тэмцэх “5Ш” ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтсон. Энэ хүрээнд нийслэлийн төрийн байгууллагын үйлчилгээ, төрийн албан хаагчдад гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг шилэн болгох талаар зөвлөгөөний үеэр танилцууллаа. Тодруулбал, иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг цаг алдалгүй түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд 1312 байгууллагын 30 мянга гаруй албан хаагчийг нэгтгэсэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдах систем /UB-ERP/-д QR код нэвтрүүлэн шинэчилж буй. Ингэснээр албан тушаалтнуудын иргэд, харилцагч нартай биечлэн болон цахим хэлбэрээр уулзалт хийх цаг захиалах, иргэдийн хүсэлтийг шийдвэрлэх, иргэдээс гаргасан санал санаачилга, шүүмжлэлийг бодлого, үйл ажиллагаандаа тусгах, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах боломж бүрдэнэ.

13 ажил, үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой

Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой ажлын ачааллыг бууруулах, үйлчилгээг сайжруулах бэлтгэл ажлыг хангаад буй. Тодруулбал, УБЗАА, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв болон таван дүүргийн 11 ОНӨААТҮГ-ын 13 ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр холбогдох судалгааг хийж байна. Үүнд нийтийн бие засах газрын үйлчилгээ, гудамжны дүрс бичлэгийн техник хэрэгслийн арчилгаа, засварын үйлчилгээ, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хог цуглуулалт, тээвэрлэлтийн үйлчилгээ, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээ, хог ачих, буулгах, ангилан ялгах, хогийн сав байршуулах, дахин боловсруулахтай холбоотой сургалт зохион байгуулах зэрэг багтаж байна.

“U money” картыг “Hi-Pay”, “Toki”, “Tapa-trip” аппликейшнээр цэнэглэнэ

Нийслэлийн хэмжээнд хийж буй автобусны парк шинэчлэл болон нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хийж байгаа туршилтын талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр сард  136, хоёрдугаар сард 88 буюу нийт 224 автобусаар парк шинэчлэл хийсэн. Үүнээс Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т 112, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-т 112 автобусыг хүлээлгэн өгч, үе шаттайгаар үйлчилгээнд гаргалаа. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, автобус хүлээх хугацааг тэглэхээр гуравдугаар сарын 10, 13-ны өдрүүдэд Ч:1 буюу “5 шар-Офицеруудын ордон”  чиглэлд туршилт хийсэн. Ингэхдээ өглөөний эх авалтыг дайран өнгөрөх  39 зогсоолоос эхлүүлж, өглөөний ачаалал ихтэй цагт хүлээгдлийн хугацааг багасгасан. Тодруулбал, 6:20-8:10 цагийн хооронд “5 шар-ТБД андууд” хүртэл нэг тээврийн хэрэгсэл үйлчилдэг байсан. Тэгвэл есөн тээврийн хэрэгсэл энэ чиглэлийн дундын буудлаас ачааллыг тэнцвэртэй хувааж авснаар автобус хүлээгдлийн хугацаа 2-4 минут болон буурч, зорчигчдын урсгал 15 хувиар нэмэгдэж, тээврийн хэрэгслийн сул гүйлт 12 км байсан нь зургаан км болж буурсан үр дүн гарсан” хэмээлээ.

Түүнчлэн ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж байгаатай холбогдуулан "U money" карт борлуулах, цэнэглэх цэгүүдийн талаарх мэдээллийг тэрбээр өглөө. Зургаан дүүргийн нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол дээр байршиж буй 222 ТҮЦ-ээр өдөр бүрийн нийт цэнэглэлтийн 60 хувийг хийдэг. Гэхдээ ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж буй тул ХААН, Голомт, Худалдаа хөгжлийн банкуудтай хамтран карт гаргах, “Hi-Pay”, “Toki”, “Tapa-trip” аппликейшн ашиглан гар утсаараа нийтийн тээврийн картаа цэнэглэх боломжийг бүрдүүлэн ажиллаж буй аж.

Түүнчлэн “Онтайм” ХХК, “Дата кейр” ХХК, “Изи пей” ХХК-тай хамтран кассын програм болон ПОС төхөөрөмж ашиглан “U money” карт цэнэглэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Энэ хүрээнд зургаа болон найман нэрийн 1000 орчим дэлгүүр, худалдаа үйлчилгээний төвүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд GS25 сүлжээ дэлгүүрийн бүх салбаруудаар картын цэнэглэлтийг хийж байна.

Замын хөдөлгөөн болон цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг тогтмол мэдээлнэ

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө. Тодруулбал:

  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах тул бүх шатанд ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагааг Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль, журамд нийцүүлэн ил тод, шуурхай зохион байгуулан, ажлын уялдаа холбоог сайжруулж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих хяналтыг эрчимжүүлж ажиллах.
  • Дүүргүүд нийслэлд төвлөрүүлэх төсвийн орлогын биелэлтийг жигд хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах.
  • 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх.
  • 2023 онд нийслэлд хийгдэх зам, инженерийн байгууламжийн бүтээн байгуулалт, засварын ажилтай холбоотойгоор авто замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлэх.
  • Нөөцийн махны үнэ өндөр, мах ховор байгаа талаар иргэдээс гаргаж байгаа гомдол, хүсэлтийг анхаарч ажиллах, нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, чанарт нь хяналт тавьж ажиллах.
  • Нийслэлийн удирдлагууд долоо хоног бүрийн баасан гарагт салбар, салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, асуудлыг сонсож, шийдвэрлэдэг байх.
  • Дараагийн нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Налайх дүүрэг дээр зохион байгуулах тул бэлтгэл ажлыг хангах зэрэг үүрэг өгсөн юм.

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Токиод Японы цэрэгжилтийн бодлогыг эсэргүүцсэн иргэд жагсжээ

Огноо:

,

Японы Нагасаки хотод атомын бөмбөг хаясны 81 жилийн ой наймдугаар сарын 9-нд тохиолоо. Энэ өдөр Токио хотод иргэд цуглаан зохион байгуулж, Ерөнхий сайд Санаэ Такаичигийн Засгийн газрын батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх, Үндсэн хуулийн 9 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах чиглэлээр явуулж буй бодлогыг эсэргүүцжээ.

Цуглаанд оролцогчид Япон улс өнгөрсөн үеийн дайны түүхээс сургамж авч, энх тайванч хөгжлийн замыг тууштай баримтлах ёстой гэж уриалсан байна.

Тэдний хэлснээр, Япон улс Дэлхийн II дайны дараа энх тайвны Үндсэн хуулиа баталж, дайнаас татгалзах зарчмыг хуульчилсан. Гэвч сүүлийн жилүүдэд батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж, цэргийн хүчин чадлаа бэхжүүлэхийн зэрэгцээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа нь түгшүүр төрүүлж байгааг жагсагчид онцолжээ.

Японы Үндсэн хуулийн 9 дүгээр зүйлд олон улсын маргааныг шийдвэрлэх арга хэрэгсэл болгон дайнаас татгалзах зарчмыг тусгасан байдаг. Цуглаанд оролцогчид уг зарчмыг хэвээр хадгалж, хойч үедээ энх тайван нийгмийг өвлүүлэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн Япон улс атомын бөмбөгийн халдлагад өртсөн дэлхийн цорын ганц улс гэдгийг сануулж, тус улсын пуужингийн хүчин чадлыг нэмэгдүүлэх болон цөмийн зэвсэгтэй холбоотой асуудал хэлэлцэгдэж байгааг эсэргүүцжээ.

“Япон улс цөмийн зэвсэгтэй байж болохгүй” хэмээн жагсагчид онцолсон байна.

Тэд цэргийн хүчин чадлыг нэмэгдүүлэх нь жинхэнэ аюулгүй байдлыг бий болгох арга зам биш гэж үзэж, Япон улс өнгөрсөн дайны түүхээс сургамж авч, дайны эмгэнэлт явдлыг дахин давтахаас зайлсхийх ёстойг уриалжээ.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Оросын хакерууд НАТО Украины халдлагад оролцсон гэх баримт олжээ

Огноо:

,

Оросын хакерууд Украины зэвсэгт хүчин ОХУ-ын нутаг дэвсгэр дэх эрчим хүчний байгууламжуудад халдахад НАТО-той холбоотой мэргэжилтнүүд тагнуулын мэдээллээр дэмжлэг үзүүлсэн гэх баримт олж авсан талаар ТАСС агентлаг наймдугаар сарын 7-нд мэдээлжээ.

ТАСС-ын мэдээлснээр, нэрээ нууцалсан хакеруудын олж авсан гэх материал нь 2026 оны долдугаар сард Ленинград болон Калининград муж дахь газрын тосны терминалууд руу Украины талаас хийсэн халдлагатай холбоотой аж.

Хакеруудын мэдээлснээр, Барт де Вахтер Украины Аюулгүй байдлын албанд Ленинград, Калининград муж дахь газрын тосны терминалууд болон “Газпром”-ын шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэгч хөлөг онгоцны байршлын талаарх мэдээлэл дамжуулсан гэх цахим харилцааны баримтыг олж авчээ.

Мөн олдсон гэх захидал харилцаанд Барт де Вахтер Украины Аюулгүй байдлын албаны Олон улсын хамтын ажиллагааны төвийн төлөөлөгчидтэй цахим уулзалт зохион байгуулах санал тавьж, өөрийн байгууллагын удирдлагыг оролцуулах талаар дурдсан байна. Украины талаас хошууч Михаил Марченког уг харилцаанд оролцуулах санал тавьсан гэж ТАСС мэдээлжээ.

Хакерууд Европын орнуудын эрлийз болон мэдээллийн дайны чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд Оросын эсрэг ажиллагаанд оролцож, Украины талд мэдээлэл дамжуулсан гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

ТАСС-ын дамжуулснаар, хакерууд “мөргөлдөөнийг өдөөх тушаал өгсөн хүн Киевт биш, Европын энх тайван хотод байсан” хэмээн мэдэгджээ.

Харин хакеруудын олж авсан гэх материал болон түүнд дурдсан мэдээллийн үнэн зөвийг хараат бус эх сурвалжаар баталгаажуулсан мэдээлэл одоогоор гараагүй байна. НАТО болон Украины холбогдох байгууллагуудаас дээрх мэдээллийн талаар албан ёсны тайлбар хийсэн эсэх нь тодорхойгүй байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал17 цаг 12 минут

COP17 хурлын үеэр дараах чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Үйл явдал17 цаг 15 минут

Бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол хоё...

Хэн юу хэлэв...17 цаг 39 минут

ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр болло...

Үйл явдал17 цаг 55 минут

Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино э...

Үйл явдал18 цаг 40 минут

Сүүлийн 10 жилд усны ослоор 232 хүүхэд амь насаа алджээ

Үйл явдал18 цаг 48 минут

Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгоно

Үйл явдал18 цаг 51 минут

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Үйл явдал18 цаг 57 минут

"Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "а...

Дэлхий нийтээр..2026/08/10

Токиод Японы цэрэгжилтийн бодлогыг эсэргүүцсэн иргэд жагсжээ

Дэлхий нийтээр..2026/08/10

Оросын хакерууд НАТО Украины халдлагад оролцсон гэх баримт олжээ

Хэн юу хэлэв...2026/08/10

Газрын тосны агуулахууд эхнээсээ ашиглалтад ороход бэлэн болжээ

Үйл явдал2026/08/10

Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ

Үйл явдал2026/08/10

Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна

Үйл явдал2026/08/10

Сарьсан багваахайтай холбоотой дуудлагыг Нийслэлийн байгаль орчны га...

Үйл явдал2026/08/10

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохиц...

Үйл явдал2026/08/10

Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсо...

Үйл явдал2026/08/10

КОП17-д ажиллах онцгой байдлын бүрэлдэхүүн хамтарсан дадлага сургуул...

Үйл явдал2026/08/10

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

Үйл явдал2026/08/07

COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад х...

Үйл явдал2026/08/07

Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна

Үйл явдал2026/08/07

Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна

Үйл явдал2026/08/07

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Дэлхий нийтээр..2026/08/07

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориг...

Үйл явдал2026/08/07

Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт ор...

Үйл явдал2026/08/07

Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун...

Үйл явдал2026/08/07

Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

Дэлхий нийтээр..2026/08/06

“Уралдронзавод” компанийн ерөнхий захирлын автомашиныг дэлбэлжээ...

Үйл явдал2026/08/06

Сүхбаатар боомтоор тав хоногт 10 мянга гаруй тонн АИ-92 автобензин и...

Дэлхий нийтээр..2026/08/06

Вашингтон мужийн ой хээрийн түймрийг хяналтад авах ажил ахицтай байн...

Дэлхий нийтээр..2026/08/06

АНУ, Иран Ормузын хоолойг нээх тохиролцоонд ойртож байна

Санал болгох