Үйл явдал
Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн юм. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174,2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг эрс эсэргүүцэж буй иргэдийн шаардлагыг Улсын Их Хурал хүлээн авч амлалт, хөтөлбөртөө нийцсэн хүнлэг, оновчтой бодлогоор нэн тэргүүнд залруулах шаардлагатай гэжээ.
Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, УИХ-ын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно” гэж заасан бөгөөд Улсын Их Хурал энэхүү хоригийг хүлээн авсан тохиолдолд дурдсан зохицуулалтын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн холбогдох хуульд зохих өөрчлөлтийг оруулж, ард иргэдийн амьдралд дарамт болж байгаа буруу бодлогоо засах бүрэн боломжтой бүрдэнэ хэмээн үзэж буйг З.Энхболд дарга танилцуулгадаа дурдав.
Нийгмийн даатгалын шимтгэл нь иргэд, даатгуулагчдын ирээдүйд зориулсан хөрөнгө гэдгийг анхаарч, хариуцлагагүй байдлын уршгаар Капитал банканд өгч алдсан нийгмийн даатгал, эрүүл мэндийн сангийн 240 тэрбум төгрөгийг олж авах, татвар төлөгчдийн мөнгийг завшсан этгээдүүдээр нь буцаан төлүүлэх асуудалд Улсын Их Хурал “хуулийн биелэлтийг хянан шалгах” онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд анхаарал хандуулж, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгөн эрчимтэй, шуурхай ажиллуулах шаардлагатай гэлээ.
Монгол Улсын 2020 оны төсвийн нийт зарлага 13.87 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 11.79 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.07 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцэхээр батлагдсан. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай, хуулийн зарим заалтыг зөрчиж байгаа хэмээн үзэж буйг танилцуулгад дурдав.
Улсын Их Хурал төсвийн зардлаа эргэн нягталж, үр ашиггүй, үрэлгэн зардлуудыг танах, үүний дотор 2020 оноос эхэлж, 2021-2022 оныг хүртэл хугацаанд дамжин хэрэгжих барилга, арга хэмжээний зардлуудыг төсвөөс бүрэн хасах шаардлагатай хэмээн үзсэн байна. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг дагалдуулж Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг бүхэлд нь хэрэгжих бололцоогүй болгосон хэмээн тайлбарлав. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн хориг тавьжээ.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав асуулт асууж, хариулт авав. Тэрбээр төсвийн санхүүжилтээр баригдаж буй барилга байгууламжуудад нэгдсэн стандарт мөрдөх, ирэх оны төсөвт их хэмжээний үр ашиггүй, ач холбогдолгүй хөрөнгө оруулалт байгааг шүүмжлэн хоригийг хэсэгчлэн хүлээн авах боломжтой хэмээн үзэж буйгаа хэлсэн юм.
Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай 31 дүгээр зүйлийн 31.6-д “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь хоригийг хүлээж аваагүй бол хууль, УИХ-ын бусад шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ” хэмээн заасан байдаг. Ингээд санал хураалт явуулахад Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн гишүүд үзлээ. Мөн Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн гишүүдийн олонх дэмжсэгүй. Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.
Үйл явдал
Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан ослын 40 жилийн ой энэ онд тохиож байна
Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан ослын 40 жилийн ой энэ онд тохиож байна. Тус осол нь түүхэн дэх хамгийн ноцтой цөмийн ослын нэгт тооцогдож, их хэмжээний цацраг идэвхт бодис агаар мандалд алдагдан Зөвлөлт Холбоот Улс төдийгүй Европын олон оронд нөлөөлсөн юм.
Ослын үеэр станцын дөрөвдүгээр реакторт дэлбэрэлт гарч, гал түймэр дэгдсэнээр цацраг идэвхт бодис орчинд тархжээ. Ослын дараахан олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, станцын орчимд 30 км-ийн радиуст “хориотой бүс” байгуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл байнгын оршин суухыг хориглосон хэвээр байна.
Цацрагийн нөлөө хүний эрүүл мэнд, байгаль орчинд урт хугацаанд үргэлжилж, хавдрын өвчлөл нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавар дагуулсан гэж судлаачид үздэг. Гэсэн ч сүүлийн жилүүдэд хүний үйл ажиллагаа багассанаар уг бүсэд зэрлэг ан амьтад олширч, байгаль тодорхой хэмжээнд сэргэж буйг онцолж байна.
Ослын дараа реакторыг хамгаалалтын байгууламжаар бүрхсэн бөгөөд 2016 онд шинэ хамгаалалтын байгууламж ашиглалтад орсноор цацрагийн алдагдлыг бууруулах нөхцөл бүрдсэн байна.
Энэхүү ойн хүрээнд дэлхийн олон оронд ослын хохирогчдыг дурсах, цөмийн аюулгүй байдлын ач холбогдлыг сануулах арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.
Үйл явдал
АНЭУ-ын шийдвэр нефтийн зах зээлийг хөдөлгөлөө
Арабын Нэгдсэн Эмират улс Олон улсын нефть экспортлогч орнуудын байгууллага болох ОПЕК болон ОПЕК+ бүлгээс гарах шийдвэр гаргаснаа 2026 оны дөрөвдүгээр сарын 28-нд зарлалаа. Албаны мэдэгдлээр тус шийдвэр 2026 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд “үндэсний ашиг сонирхол, эрчим хүчний бодлогын шинэ чиглэл”-тэй холбоотой гэж тайлбарласан байна.
АНЭУ нь ОПЕК-ийн гурав дахь том үйлдвэрлэгч орон бөгөөд уг шийдвэр нь дэлхийн нефтийн зах зээлд нөлөө бүхий өөрчлөлт авчрах боломжтой гэж шинжээчид үзэж байна. Тус улс ОПЕК-ээс гарснаар олборлолтоо байгууллагын квотоос хамааралгүйгээр нэмэгдүүлэх боломж бүрдэх бөгөөд энэ нь урт хугацаанд нефтийн нийлүүлэлт, үнийн хэлбэлзэлд нөлөөлж болзошгүй юм.
Шийдвэр гарсан шалтгааны нэг нь бүс нутагт өрнөж буй зэвсэгт мөргөлдөөн, тэр дундаа Ирантай холбоотой хямралын улмаас Персийн булан дахь нефтийн тээвэрлэлт доголдсон явдал гэж үзэж байна.
Мөн АНЭУ ОПЕК-ийн зарим гишүүн орнууд бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад хангалттай дэмжлэг үзүүлээгүй гэж шүүмжилж байсан нь уг шийдвэрт нөлөөлсөн аж.
Шинжээчдийн дүгнэлтээр, АНЭУ-ын гарц нь ОПЕК-ийн нөлөөг сулруулж, гишүүн орнуудын дунд бодлогын зөрчил гүнзгийрч буйг илтгэж байна.
Үйл явдал
Суданд өлсгөлөнгийн улмаас олон мянган өрх дүрвэхэд хүрч байна
Африкийн зүүн хэсэгт орших Судан улсад үргэлжилж буй хүнсний хомсдол, зэвсэгт мөргөлдөөний улмаас олон мянган гэр бүл орон гэрээ орхин дүрвэхэд хүрч байгааг олон улсын байгууллагууд анхаарууллаа.
Тус улсад үүсээд буй хямрал нь ган гачиг, зэвсэгт мөргөлдөөн, эдийн засгийн хүндрэл зэрэг олон хүчин зүйл давхцсантай холбоотой бөгөөд хүнсний хангамж огцом буурч, иргэдийн амьжиргаа доройтож байна. Ялангуяа хөдөө орон нутагт амьдарч буй иргэд хамгийн ихээр өртөж, мал аж ахуй, тариалангийн салбар хүнд байдалд оржээ.
Олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын мэдээлснээр, өлсгөлөнд нэрвэгдсэн бүс нутгуудаас иргэд хөрш орнууд руу дүрвэх урсгал нэмэгдэж, түр хоргодох байр, хүнсний тусламжийн хэрэгцээ эрс өссөн байна. Хүүхэд, эмэгтэйчүүд хамгийн эмзэг бүлэгт тооцогдож байгаа бөгөөд шим тэжээлийн дутагдал, өвчлөлийн эрсдэл нэмэгдэж буйг онцолжээ.
НҮБ болон бусад олон улсын байгууллагууд Суданд хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэхийг уриалж, хүнсний тусламж, эрүүл мэндийн үйлчилгээ, ундны усны хүртээмжийг яаралтай сайжруулах шаардлагатай байгааг мэдэгдсэн байна.
Суданд үүсээд буй энэхүү хямрал нь бүс нутгийн тогтвортой байдалд нөлөөлөхөөс гадна цаашид олон улсын анхаарлын төвд байх төлөвтэй байна.
-
Дэлхий нийтээр..2024/05/31
Унгар Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газартай хамтран ажиллах санамж бичиг бай...
-
Үйл явдал2022/04/14
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
-
Дэлхий нийтээр..2021/08/31
Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбоо 21 аймаг, 9 дүүргийн сургагч багш ...
-
Дэлхий нийтээр..2023/01/26
Авлигатай тэмцэх ажлыг хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг байгу...
