Тод мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймгийн залуу малчдын төлөөлөлтэй уулзаж байна
Ерөнхий сайд малчдад улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хийгдэж буй ажлууд, Засгийн газрын үйл ажиллаагааны талаар танилцуулж мал аж ахуйн салбар, малчдын нийгмийн асуудлын талаар санал солилцож байна.
Баянхонгор аймагт 13112 малчин өрхөд 46503 мянган хүн хөдөлмөрлөж байна.
Тод мэдээ
Дэлхийн өвлийн хотуудын дарга нарын холбооны XX хурал эхэллээ
Дэлхийн өвлийн хотуудын дарга нарын холбооны XX хурал Япон улсын Саппоро хотноо болж байна. Уг хуралд Япон, БНХАУ, БНСУ, Финланд зэрэг 11 улсын 22 хотын удирдлага, төлөөллүүд оролцож, “Өвлийн хотуудад зориулсан шинэ боломжууд-тогтвортой нийгмийг бий болгох нь” сэдвийн хүрээнд байгаль орчны бодлого, эдийн засгийн үйл ажиллагаа, хотын хөгжил зэрэг дэд сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Өвөл болдог хотуудыг нэгтгэж, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх, туршлага судлах зорилготой уг холбоо 1981 онд байгуулагдсан бөгөөд Япон улсын Саппоро хотод 1982 онд анхны чуулганаа зохион байгуулж байжээ. Тус холбоонд Улаанбаатар хот 1998 онд элсэж, хамтын ажиллагааг эхлүүлсэн юм.
Хоёр жил тутамд зохион байгуулдаг уг хуралд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй холбогдох албаныхан оролцож байна.
Хурлын үеэр НИТХ-ын төлөөлөгч, хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр “Улаанбаатар хотын байгаль орчны тулгамдсан асуудал, шийдэл” сэдвээр илтгэл танилцуулж, дэлхийн өвлийн хотуудын дарга нар санал солилцов.
НИТХ-ын төлөөлөгч, хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр “Улаанбаатар хотын нийт усны хэрэглээ одоогоор хоногт 250.000 шоо метр байгаа бөгөөд 2040 онд хоногт 571.850 шоо метр болохоор ажиглагдаж байна. Уг хэрэглээг хангахын тулд нийт усны хэрэглээний 50 хувийг гүний эх үүсвэрээс, 25 хувийг гадаргын эх үүсвэрээс, 25 хувийг цэвэршүүлсэн усны эх үүсвэрээс тус тус хангахаар төлөвлөж байна. Унд, хүнсний үйлдвэрийн хэрэглээнд гүний усны эх үүсвэрийг ашиглаж, зам талбай, ногоон байгууламжийн усалгаанд цэвэршүүлсэн усыг хэрэглэхээр зорьж байна. 2025 оноос ашиглаж эхлэх Мянганы сорилтын сангийн Баруун эх үүсвэрийн төсөл нь хоногт 140.000 шоо метр ус төвлөрсөн хангамжийн системд нийлүүлэх хүчин чадалтайгаас эхний ээлжид 75.000 шоо метр усыг хоногт нийлүүлнэ гэж тооцсон. Баруун эх үүсвэрээс Улаанбаатар хотын шинэ төв буюу Яармаг орчим болон баруун урд хэсгийн суурьшлыг цэвэр усаар хангахаар төлөвлөж байна” гэдгийг илтгэлийн үеэр хэлж байв.
Тод мэдээ
Металл зүсэх хүчтэй лазер туяа ялгаруулдаг дрон бүтээжээ
Хятадын эрдэмтэн “Галзуу Ли” болон түүний багийнхан металл зүсэх хүчтэй лазер туяа ялгаруулах чадвартай жижиг дрон зохион бүтээжээ.
Нисгэгчгүй онгоцууд нь ердийн цацраг туяанаас 200 сая дахин хүчтэй хэт улаан туяаны лазерыг тусгаж, металл зүсэх чадвартай.
Энэхүү систем нь дэмжигч төхөөрөмжөөр дрон руу лазер тусгаж, хүчийг нь 30 кВт-аас дээш хэмжээнд хүргэнэ.
Ирээдүйд олон дрон зорилтот газруудыг илрүүлэхийн тулд тус системийг ашиглаж, лазерын тусламж авах хүсэлтийг гаргаж, хүчээ нэмэгдүүлэх боломжтой.
Уг систем нь дурантай төстэй хоёр хоолой ашиглаж, нэг нь лазерыг хүлээн авах, нөгөө нь зорилтот газарт чиглүүлэх зориулалттай гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны үйл ажиллагаатай танилцаж, хуулийн төслийг хэлэлцлээ
Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах тухай Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, бүтээн байгуулалтыг дэмжих үүрэг бүхий ажлын хэсэг Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны үйл ажиллагаатай танилцлаа.
“Шинэ Хархорум” хотыг байгуулахад шаардлагатай төлөвлөлт, бүтээн байгуулалт болон эрхзүй, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын орчинг бүрдүүлэх ажлыг зохион байгуулалт, менежментээр хангах үүрэг бүхий тус захиргаа Засгийн газрын шийдвэрээр 2023 оны хоёрдугаар сард 30 орон тоотойгоор байгуулагдсан бөгөөд эдүгээ нийт 27 хүн ажиллаж байна. Энэ хугацаанд “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөлтөд шаардлагатай суурь судалгаанууд, тэр дундаа хүн амын унд ахуйн зориулалттай усны хайгуул, инженер-геологийн болон байр зүйн судалгаа, байгаль орчны үнэлгээ, археологи, палеонтологийн судалгаануудын нэгдсэн дүгнэлтийг хийж дуусгаад байгааг тус захиргааны дарга Н.Нацагдорж танилцууллаа.
Энэ оны гуравдугаар сард “Шинэ Хархорум” хотын алсын хараа, хөгжлийн тэргүүлэх чиглэл, хот төлөвлөлтийн зарчим, дүр төрхийг тодорхойлох зорилгоор ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, үүнд 54 улсын 426 баг бүртгүүлснээс 76 баг бүтээлээ ирүүлсэн байна. Тэдгээрээс хоёрдугаар шатанд 18 улсын 36 багийн бүтээлийг шалгаруулан хотын төлөвлөлтөд ашиглаж байгаа ажээ.
Орхоны хөндий нь эртний төрт улс болох Хүннү гүрний Луут хотоос эхлэн, Жужаны Мумо хот, Уйгурын Хар балгас, Түрэгийн хаад, ноёдын тахилын онгон, Их Монгол улсын “Хархорум” хот байрлаж байсан манай улсын түүх, соёл, төрт ёсны голомт нутаг юм. Иймд “Шинэ Хархорум” хотын ерөнхий төлөвлөлтийг соёл, аялал жуулчлал, өндөр технологийн үйлдвэрлэлийн төв болгон байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжилд тулгуурласан, ухаалаг, эко хот байхаар хийж байгаа аж. Нийтдээ 189 363 га талбай бүхий тус хот 500 мянган хүн амтай байх бөгөөд суурьшлын бүсийн 50 хувь нь ногоон байгууламж байх юм.
“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтыг дэмжих үүрэг бүхий ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын 2024 оны 12 дугаар захирамжаар байгуулагдсан юм. Тус ажлын хэсгийн ахлагч, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, Г.Лувсанжамц, Д.Пүрэвдаваа, Б.Пунсалмаа, Н.Батсүмбэрэл нар “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны үйл ажиллагаа, хотын ерөнхий төлөвлөлттэй танилцахын зэрэгцээ Хархорин хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.