Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Б.Лхагвасүрэн: Төв банк гадаадын хөрөнгө оруулалтад үргэлж нээлттэй хандана

Огноо:

,

Сэтгүүлч:

Арилжааны 5 томоохон банк хувьцаагаа олон нийтэд нээлттэй амжилттай арилжаалж (IPO) дууссантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй банк санхүүгийн салбарын хөрөнгө оруулалтын орчны талаар ярилцлаа. 

-Гадаад, дотоодын олон хөрөнгө оруулагч банкнуудын IPO-д оролцлоо. Монголын банк, санхүүгийн салбарын хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн дүгнэж байна вэ?

Ялангуяа мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хувьд гадаад, дотоод ялгаагүй бүгд л урт хугацааны тогтвортой өгөөжийг эрэлхийлж байгаа болов уу. Олон улсын зах зээл төдийгүй Монголд ч маш олон хөрөнгө оруулалтын боломж, сонголт байхад банкны салбарыг сонгож итгэж мөнгөө хийж байна гэдэг нь бидний талаарх ойлгомжтой бөгөөд тодорхой мессеж, үнэлгээ өгч байна гэж харж байгаа.

Хөрөнгө оруулагчид мэдээж банкнуудын бизнес загвар болон өрсөлдөх чадвар, зээлжих зэрэглэлийн үнэлгээ, зохицуулалтын орчин гээд олон хүчин зүйлийг харгалзсаны үндсэн дээр шийдвэрээ гаргадаг. Монголбанк салбарын зохицуулагч, бодлого тодорхойлогч байгууллагын хувьд хуулиар “санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах” үүрэгтэй. Үүний цаана нэн тэргүүнд арилжааны банкнуудыг санхүүгийн хувьд эрүүл байлгах зорилт яригдана. Тэгж байж л хадгаламж эзэмшигчдийг хамгаалах, салбарыг тогтвортой байдлыг хадгалах, хөрөнгө оруулалтыг дуудах боломжтой болно. Төв банк үүнийг том зургаар нь харж, санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалахад нэн чухал дэд бүтцүүдийг нь хийж өгөх, банкны салбарт шаардлагатай реформуудыг хийх, хяналт шалгалтын тогтолцоогоо тогтмол сайжруулахад онцгой анхаарч ирсэн. Тухайлбал, IPO гэхэд банкнууд засаглал, өмчлөлийн хэлбэртээ шинэчлэл хийснээр илүү нээлттэй болж, олон нийтийн хяналтад орж байгаа хэрэг юм. 

-IPO банкны салбарт ямар ач холбогдолтой үйл явдал болсон бэ?

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж эхлэхдээ 1991 онд төв банк – арилжааны банк гэх 2 шатлалтай банкны тогтолцоотой болсон нь түүхэн реформ байсан. Харин одоо 30 жилийн дараа системийн хамгийн том банкнууд олон нийтийн өмчлөлд шилжиж эхэлсэн нь дараагийн реформ буюу 2 дахь хувьсгал гэж нэрлэж болох байх. Энэ бол банкны салбарын  дараагийн 30 жилийн түүхийн эхлэлийг тавьж буй чухал явдал боллоо. Энэ утгаараа банкны харилцагч, зохицуулагч, хөрөнгө оруулагчийн хувьд онцлох үе, цаг хугацаа юм.

-Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд 30 жил болсон ч санхүүгийн салбарт гаднын хөрөнгө оруулагч орж ирэх нь цөөн, гадаадын банк орж ирээгүй л байна. Монголбанкыг банкнуудын лоббид автлаа, эсвэл хөрөнгө оруулалтыг боож хаалаа гэж буруутгах өнцөг ч байна. Энэ тал дээр Төв банк ямар ажил хийж байна вэ?

Монголбанк хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгахгүй, харин ямар ч хөрөнгө оруулагч мөнгөө оруулахад итгэлтэй эрүүл, тогтвортой банкны салбарын төлөө л ажилладаг. Ялангуяа олон улсын захаас хөрөнгө оруулалт татах нь өөрөө Монгол Улсын нэр хүнд, валютын дотогшлох урсгал, нөөц, төгрөгийн тогтвортой байдал гээд олон зүйлд эерэг нөлөөтэй. Хөрөнгийн орох урсгалаас гадна дагаж орж ирэх мэдлэг, бизнесийн соёл, туршлага гээд мөнгөөр хэмжигдэхгүй үнэт зүйлс ч их. Иймд гаднын нэр хүнд бүхийн банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулъя гээд хүсэлтээ тавихад Төв банк өөрийн үйл ажиллагаа, зохицуулалтын хүрээнд нээлттэй хандана. Монголын санхүүгийн сектор олон улсын захтай холбогдох тусам л хөгжлийн шинэ шат ахих учраас ийм санаа санаачилгыг бүрэн дэмжиж ажиллана. Мэдээж зохицуулагч байгууллагын хувьд эрсдэлийг ч мөн тооцоолно.

Нөгөө талаас, яагаад өнгөрсөн 30 жилд бидний хүссэн шиг хөрөнгө оруулалт орж ирсэнгүй вэ гэдэг дээр мэдээж олон шалтгаан бий. Нэг том шалтгаан нь манай дотоодын зах зээлийн хэмжээтэй шууд холбоотой. Манай аж ахуйн нэгжүүдийн бизнес, иргэдийн орлогын түвшин томоохон хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах хэмжээнд хүрээгүй байна. Монголын нийт хүн ам, худалдан авах чадварыг харьцуулаад үзэхээр 10-20 сая өндөр орлоготой оршин суугчтай дэлхийн томоохон хотуудын нэг дүүргээс бага байна, нийт 14 тэрбум долларын хэмжээтэй эдийн засаг маань дундаж компаниас жижиг байгаа нь бодит байдал юм. Дээр нь далайд гарцгүй тул тээврийн зардал өндөр. Иймд “гаднаас хөрөнгө оруулаад үйлдвэрлээд, дотоодын зах зээлд зарах эсвэл гадагш нь экспортолдог” бизнес загвар болон ажиллахгүй мэт харагдана. Хэдийгээр  Уул уурхайн том төслүүдийн хувьд хөрөнгө оруулагчид шууд олон улсын зах зээл дээрээс оролцох боломжтой тул заавал орж ирье гэхгүй байна. Санхүүгийн салбарыг аваад үзэхэд, олон улсад нэр хүндтэй хэд хэдэн банк эхлээд төлөөлөгчийн газраа нээгээд дотоодын зах зээлийг судалж үзсэн ч нэмж хөрөнгө оруулаад салбараа нээгээд өргөн хүрээнд бизнесийн үйл ажиллагаагаа явуулах шийдвэрт хүрээгүй л байна. Гэхдээ бид саяхан “Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай” хуультай болсон. Ингэснээр томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх бизнест сонирхолтой гаднын хөрөнгө оруулагч нарт шинэ боломжийг нээж өгөх зорилготой юм. Энэ зорилго удахгүй биелэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

-Гаднын хөрөнгө оруулагчийн нүдээр харахад зөвхөн банкны салбар гэхээсээ нийт Монголын эдийн засгийн өрсөлдөх чадвар, эрсдэлийг харж байж шийдвэрээ гаргах байх. Гэтэл Монгол Улсын өрсөлдөх чадвар IMD World Competitiveness ранкт 64 орноос 62-т жагсаж сүүл мушгилаа гэх мэт мэдээ ч явж байна шүү дээ?

Нэгт, мэдээж аль ч хөрөнгө оруулагч шинэ зах зээл рүү нэвтрэхдээ тухайн орны улс төр, эдийн засаг, хууль эрх зүй, татварын орчин, ажиллах хүчний ур чадвар, өртөг, дэд бүтцийн хөгжил гээд маш олон хүчин зүйлсийг харгалзаж үзэж байгаа. Энэ утгаараа гаднын хөрөнгө оруулалт, бизнесийг татах нь зөвхөн банк санхүү ч гэдэг юм уу, уул уурхайн салбарын асуудал биш юм. Хоёрт, бид хөрөнгө оруулагчдад мэдээллээ сайн өгч, хамтран ажиллаж байх шаардлагатай гэдэг нь харагдаж байгаа. Манай хөгжлийн түнш орнууд, олон улсын байгууллагууд болон зээлжих зэрэглэл тогтоогчид бүгд л маш их потенциал,  боломж байгаа талаар онцолдог. Дэлхийн том зах зээл яг хажууд байна, олон улсын том төслүүд ч бодитоор хэрэгжиж байгаа нь үүний нэг л жишээ. Иймд бид боломжоо харин бүрэн дүүрэн ашиглаж чадаж байна уу гэдэг чухал асуудал болж байна.

Дэлхийд 200 гаруй улсаас Монгол Улсын мэдээлэл нь ил тод байна, эрэмбэ тогтоосон байгууллагатай нээлттэй хамтарч ажиллаад тайланд нь багтаж, 62-т эрэмбэлэгдсэн байна гэдэг огт муу үзүүлэлт биш юм. IMD өрсөлдөх чадварын ранкт бидний урд эхний 60-д БРИКС гэдэг ч юм уу, G20-д багтдаг томоохон эдийн засгууд л байгаа шүү дээ. Тэгэхээр ард нь уг үнэлгээнд багтаж чадаагүй, тоо статистик нь ил тод биш эсвэл дутуу байдлаар 100-аас илүү улс бидний ард байна гэдгийг бодож үзвэл Монгол Улс харин ч өрсөлдөх чадвараа сайжруулахад нэг алхам урд, боломж байна гэж ойлгож болох байх.

-Эргээд банкны IPO сэдэв рүүгээ оръё. Зарим хөрөнгө оруулагчид, ялангуяа иргэд авсан хувьцааны үнэ сайн өсөхгүй үед уур бухимдалтай байх шиг байна. Банкны салбар үнэхээр хөрөнгө оруулалтын сайн сонголт мөн үү?   

Хувьцааны ханшийн богино хугацааны хөдөлгөөн аль ч зах зээлд байдаг. Харин хугацааны хандлага тогтвортой хөрөнгө оруулалтад маш чухал. Банкны салбар бол Монгол Улсын хөгжлийн тулгуур салбар учраас ирээдүй маш өөдрөг.

Банкнуудын тайлан баланс, ашигт ажиллагааг харвал хэвийн, сайн байгаа бөгөөд үүнийг IPO хийхийн өмнө хэд хэдэн талаас нягталж үнэлсэн байдаг. Иймд хувьцааны үнийн хэлбэлзэл нь банкнууд гэхээсээ манай биржийн онцлогтой илүү холбоотой харагдаж байгаа. Банкны IPO гэлтгүй ер нь Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй хувьцааны үнийн савлагаанд 2 зүйл нөлөөлдөг. Нэгт, манай захын онцлог буюу институциональ, мэргэжлийн хөрөнгө оруулагч хөгжиж амжаагүй байгаатай холбоотой. Урт хугацааны өгөөж харсан, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө стратегитай тоглогчид хангалттай бий болж чадаагүй байна. Харин нөгөө харьцангуй богино хугацааны сэтгэхүйтэй хувь хөрөнгө оруулагч олон байдаг тул тууштай биш, хувьсамтгай бөгөөд савлагаа их ажиглагддаг. Зарим тохиолдолд санхүүгийн боловсролын асуудал ч яригдана. Энэ тал дээр Монголбанк анхаарч санхүүгийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн.

Эцэст нь Төв банк хөрөнгө оруулалтад чиглэл, зөвлөмж өгдөггүй харин салбарын тогтвортой байдлыг хангахад, хөгжлийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлдэг байгууллага гэдгийг онцлох нь зүйтэй байх. Энэ хүрээнд хийгдэх ёстой шинэчлэл, реформуудыг хийгээд явж байна. Салбарын хууль эрх зүйн шинэчлэл, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоо, активын чанарын үнэлгээ, банкны салбарын IPO гээд жишээнүүдийг нэрлэж болно. ОУВС гэх зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудтай ч хамтарч ажиллаад, Монголын банкны салбарыг эрүүл найдвартай байлгах чиглэлд олон арга хэмжээг хэрэгжүүлсэн. Монголбанкны хувьд, хоёр талт (bilateral) болон олон талт хамтын ажиллагаа (multilateral)-тай хөгжлийн түншүүдтэй тохирсон бүхий л ажлаа 100% хийгээд явж байгаа. Энэ нь эргээд зөвхөн хувийн салбар гэлтгүй Монгол Улсын зээлжих зэрэглэл, Засгийн газрын бондуудын арилжаанд ч хөрөнгө оруулагчдын итгэх итгэлийг хадгалахад хувь нэмрээ оруулдаг.

-Ярилцсанд баярлалаа!

Эх сурвалж: Монголбанк

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

Огноо:

,

“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд  танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.

-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх, 

-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,

-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,

-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Огноо:

,

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. 

Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.  

Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.

Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.

Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ. 

Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.

 

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Огноо:

,

“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв. 

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/10/16

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтр...

Үйл явдал2026/10/16

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Үйл явдал2026/10/16

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын а...

Үйл явдал22 цаг 8 минут

МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Хэн юу хэлэв...22 цаг 14 минут

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүх...

Хэн юу хэлэв...22 цаг 21 минут

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн ...

Үйл явдал22 цаг 23 минут

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн са...

Үйл явдал22 цаг 27 минут

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсг...

Үйл явдал22 цаг 37 минут

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Үйл явдал22 цаг 43 минут

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-...

Үйл явдал22 цаг 49 минут

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг...

Үйл явдал2026/10/13

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ...

Үйл явдал2026/10/13

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Үйл явдал2026/10/13

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний х...

Үйл явдал2026/10/13

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн...

Дэлхий нийтээр..2026/10/12

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Үйл явдал2026/10/12

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүү...

Үйл явдал2026/10/12

Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулла...

Үйл явдал2026/10/12

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуу...

Үйл явдал2026/10/12

Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэм...

Үйл явдал2026/10/12

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчо...

Үйл явдал2026/10/12

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1....

Хэн юу хэлэв...2026/10/12

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Үйл явдал2026/10/01

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл ба...

Үйл явдал2026/10/01

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Үйл явдал2026/10/01

Жетро монголд салбараа нээнэ

Үйл явдал2026/10/01

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээли...

Үйл явдал2026/10/01

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлал...

Хэн юу хэлэв...2026/09/30

Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ

Үйл явдал2026/09/30

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Санал болгох