Дэлхий нийтээр..
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам амжилттай болж өндөрлөлөө
Монгол Улсад анх удаа 11 спортын 12 төрлөөр зохион байгуулсан “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын хаалтын ажиллагаа Сүхбаатарын талбайд боллоо.
Зүүн Азийн олимпын хороо нь есөн үндэсний олимпын хороог өөртөө нэгтгэдэг бөгөөд энэ удаагийн "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадамд долоон үндэсний олимпын хорооны 880 орчим тамирчин найман өдрийн турш ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөн юм. Хаалтын ажиллагааг Зүүн Азийн залуучуудын наадамд өрсөлдсөн долоон орны тугийг мандуулснаар эхлүүлсэн юм.

Энэ удаагийн спортын наадамд БНХАУ-ын баг, тамирчид 38 алт, 32 мөнгө, 19 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээрээ тэргүүллээ. Харин Монгол Улсын баг гурван алт, 13 мөнгө, 28 хүрэл медаль хүртэж, долоон үндэсний олимпын хорооноос багийн дүнгээрээ тавдугаар байрт жагссан амжилт үзүүлэв. “Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадамд 1200 гаруй сайн дурын ажилтан, 130 орчим олон улсын зэрэглэлийн шүүгч, техникийн ажилтан ажилласан юм.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баатархүү:
-“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдсөн эрхэм тамирчдадаа талархал илэрхийлье. Уг нэр хүндтэй наадмыг зохион байгуулах эрхийг авсан Монгол Улсын Засгийн газар болон наадмын эрхийг олгосон Зүүн Азийн олимпын хороонд гүнээ талархаж байна. Спорт бол оролцоо, хөгжил, хөдөлмөр, хүмүүжил, мөрөөдөл, нөхөрлөл, энх тайван билээ. Тус наадамд ажилласан сайн дурын ажилчдадаа баярлалаа. Бид бүхэн олимпын наадмыг зохион байгуулахад нэг алхам ойртлоо гэж харж байна.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-эрдэнэ:
-Монгол Улс анх удаа бүс нутгийн хэмжээний олон улсын спортын наадмыг эх орондоо амжилттай зохион байгуулж байгаад баяртай байна. Эдийн засаг нийгэм, хүний хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч Зүүн Азийн орнуудын хооронд хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх чухал арга бол спорт. Спортоор дамжуулж өөр өөрийн улс орны соёл, зан заншлыг таньж мэдэх, ойртон дотносох олон талын ач холбогдолтой учраас Монгол Улсын Засгийн газраас өсвөр үе, залуучуудын спортыг дэмжих бодлогыг түлхүү баримталж байгаа. “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд баг, тамирчдаа илгээсэн Зүүн Азийн улс орнуудын Засгийн газар, Зүүн Азийн олимпын хороонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье.

Зүүн Азийн олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Вэй Дайшун:
-Долоо хоногийн турш долоон орны тамирчид ширүүн хэр нь найрсаг, өрсөлдөөнтэй тэмцээнүүдийг тууллаа. Та бүхэн өөрсдийн хүсэл мөрөөдөл, алдар нэр, нөхөрлөлийнхөө төлөө тулалдлаа. Та бүхний энэ өрсөлдөөн Зүүн Азийн улс орон, бүс нутгийн залуучуудын спортод улам хайртай болох сэдлийг бадраасан гэж бодож байна. Монгол Улсын Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаа, спортын нийгэмлэгүүддээ онцгойлон талархал илэрхийлье. Монгол Улс спортын томоохон тэмцээн, уралдаан зохион байгуулах урт замдаа сайхан эхлэл тавилаа гэж харж байна. "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадам албан ёсоор хаагдсаныг мэдэгдье.
"Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадмын албан ёсны хаалтын дараа “Улаанбаатарын үдэш” шөнийн шоу болж байна.




НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Дэлхий нийтээр..
Синсиннатигийн амьтны хүрээлэнгийн усны үхэр малгай залгижээ
АНУ-ын Синсиннати хотын амьтны хүрээлэнгийн Фиона нэртэй усны үхэр зочны сүлжмэл малгайг залгисны дараа малын эмч нарын байнгын хяналтад байна. Зочны агаарт шидсэн малгай таазны сэнсэнд цохигдон, үзэгчдийн цонхны дээрх завсраар амьтны хашаанд оржээ.
Фионагийн хоолны дуршил буурсан тул эмч нар хэт авиан болон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийжээ. Нас бие гүйцсэн усны үхэрт ийм мэс засал хийх боломжгүй гэж зөвлөх мэргэжилтнүүд үзсэн байна. Тиймээс малын эмч нар Фионад шингэн нөхөж, малгай хоол боловсруулах замаар нь гадагшлахыг хүлээн, өдөр шөнөгүй ажиглаж байна.
Фиона 2017 онд дутуу төрөхдөө ердөө 13.2 килограмм жинтэй, хөл дээрээ тогтож чадахгүй байжээ. Амьтны хүрээлэнгийнхэн түүний өсөлт бойжилтыг тогтмол бичиж нийтэлснээр Фиона дэлхий даяар танигдсан юм.
Дэлхий нийтээр..
АНУ-д цахим үйлчилгээ дараалан доголдсоны дараа баталгаагүй таамаг тархжээ
АНУ-д «Майкрософт»-ын үүлэн үйлчилгээ доголдож, нислэгүүдийг түр саатуулсан техникийн асуудал гарсны дараа нийгмийн сүлжээнд эдгээрийг хооронд нь холбосон баталгаагүй таамаг тархжээ. Зарим хэрэглэгч цахилгаан эрчим хүчний сүлжээг нууцаар туршсан, эсвэл зориуд тасалдуулахаар бэлтгэж байна хэмээн бичсэн байна. Эдгээр доголдол нэг шалтгаантай гэх нотолгоо одоогоор гараагүй байна.
Тухайлбал, «Юнайтед Эйрлайнс» компанийн систем арваннэгдүгээр сарын 16-нд богино хугацаанд доголдож, цөөн тооны нислэгт нөлөөлжээ. Тэр өдөр зарим банкны хэрэглэгч цахим дансандаа нэвтрэхэд хүндрэл гарсан тухай мэдээлсэн байна. Нийгмийн сүлжээнд «Юнайтед Эйрлайнс»-ийн доголдлын цар хүрээг хэтрүүлсэн нийтлэлүүд ч тархжээ.
Арваннэгдүгээр сарын 17-нд телевиз, радиогоор явуулсан онцгой байдлын сэрэмжлүүлгийн туршилтыг ч зарим хэрэглэгч доголдлуудтай холбожээ. АНУ-ын Онцгой байдлын удирдах агентлаг уг туршилтыг хэдэн сарын өмнөөс товлосон бөгөөд хэвийн явагдсан гэж мэдээлсэн байна.
Техникийн доголдол ойр ойрхон гарах үед хүмүүс тэдгээрийн хооронд холбоо хайх хандлагатай байдаг. Нийгмийн сүлжээний санал болгох тогтолцоо хэрэглэгчийн анхаарсан сэдэвтэй төстэй нийтлэлүүдийг дахин дахин харуулдаг тул баталгаагүй таамаг олон эх сурвалжаар нотлогдсон мэт сэтгэгдэл төрүүлж болзошгүй юм.
Дэлхий нийтээр..
ОпенЭйАй компани 10.9 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ
Хиймэл оюун ухааны ЧатЖиПиТи системийг хөгжүүлэгч ОпенЭйАй компани 2026 оны гуравдугаар улиралд 10.9 тэрбум ам.долларын үйл ажиллагааны алдагдал хүлээсэн талаар «Уолл стрит журнал» сонин мэдээлжээ.
Тус компанийн улирлын орлого өмнөх улирлаас 50 орчим хувиар өсөж, 10 тэрбум ам.долларт хүрсэн ч алдагдал нь буураагүй байна. Харин ч өмнөх улирлын 10.1 тэрбум ам.доллароос 10.9 тэрбум болж нэмэгджээ.
Компанийн орлого эрчимтэй өсөж байгаа хэдий ч үйл ажиллагааны зардал өндөр хэвээр байгаа нь санхүүгийн үзүүлэлтэд нөлөөлж байна. Хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэх, тооцоолох хүчин чадлыг өргөжүүлэхэд их хэмжээний хөрөнгө шаардлагатай байгаа юм.
«Уолл стрит журнал» сонин дээрх мэдээллийг компанийн санхүүгийн баримтад үндэслэн нийтэлсэн бөгөөд ОпенЭйАй компани уг үзүүлэлтийн талаар тайлбар өгөөгүй байна.
-
Дэлхий нийтээр..2024/09/04
Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох ажлыг нийслэлд шилжүүлж байна
-
Үйл явдал2021/05/05
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2023/03/01
Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр 50 км авто зам шинээр барина
-
Үйл явдал2023/03/29
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
