Тод мэдээ
Эстони улсын холбогдох байгууллагуудтай хамтран Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал тэргүүтэй төр, хувийн хэвшлийн төлөөлөл Бүгд Найрамдах Эстони улсын нийслэл Таллин хотноо 2023 оны есдүгээр сарын 5-7-нд “Цахим Таллин Чуулган 2023”, наймдахь удаагийн “Нээлттэй Засаглалын Түншлэл” олон улсын чуулга уулзалтад оролцсон дүнгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан Бүгд Найрамдах Эстони улсын холбогдох байгууллагуудтай хамтран Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, өндөр технологийн мэргэжилтнүүдийг Монгол Улсад бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлэхэд шаардлагатай хууль эрх зүй, техник технологи болон бусад арга хэмжээг авч Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад үүрэг болголоо. НҮБ-аас байгуулагдсан “Нээлттэй засаглалын түншлэл” байгууллага Монгол Улсын цахим засаглал, нээлттэй ил тод байдлын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, идэвх чармайлтыг үнэлэн “Нээлттэй засгийн хүндэт өргөмжлөл” хүртээжээ.
Монгол Улсын төлөөлөгчид чуулганд оролцох хугацаандаа Эстони Улсын цахим шилжилтийн өнөөгийн явцтай танилцаж, хамтын ажиллагааны дараагийн алхмуудыг тогтоожээ. Тухайлбал, Эстонийн “И-Засаглалын академи”-тай байгуулсан санамж бичгийг шинэчилж, Зөвшөөрлийн цахимжилт, ”Үндэсний танилт, нэвтрэлтийн систем”, “Цахим оршин суугч” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Тод мэдээ
"Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал боллоо
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шинэ санаачилга ”Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр эхэллээ.
Тус бага хурлын нэгдсэн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын мал аж ахуйн салбарын тухай болон төрөөс тус салбарт авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өгч, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чу Донгиутай уулзлаа.
Монгол Улс, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP 17 ) 2026 онд зохион байгуулах гэж байгаа нь чухал ач холбогдолтой болохыг Ерөнхий захирал Чу Донгиу онцлов.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Тод мэдээ
“Шударга байдлын үнэлгээ” судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусгав
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 9 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 48 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 53.7 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 278 дуудлага хүлээн авчээ.
“Шударга байдлын үнэлгээ” судалгааны ажлыг зохион байгуулах хүрээнд төрийн 80 байгууллага болон 15405 иргэн, аж ахуйн нэгж, төрийн албан хаагч, шинжээчээс мэдээлэл цуглуулав. Ингэснээр Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусгалаа.
Тод мэдээ
Төмөр замын тээврийн тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ
Төмөр замын тээврийн тухай хууль нь анх 2007 онд батлагдсан. 16 жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт олон өөрчлөлт бий болсонтой холбоотойгоор уг хуулийг шинэчлэх шаардлага үүссэн. Тухайлбал, төмөр замын салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо эрс өссөн юм.
Сэтгэгдэл