Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар халах боловч, 17-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2024 оны тавдугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад хэсгээр багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар халж Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 32-37 хэм, Орхон голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 27-29 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 27-29 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 25-27 хэм дулаан байна.
2024 оны тавдугаар сарын 17-ноос 2024 оны тавдугаар сарын 21-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 20-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 17-нд ихэнх нутгаар, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар дулаарна.
Үйл явдал
Чингис хаан олон улсын нисэх буудал "Сүү өргөх" зориулалтын цэгтэй болжээ
"Чингис хаан” олон улсын нисэх буудал зорчигчдоо үдэхдээ сүү өргөдөг иргэдэд зориулсан тусгай цэг шинээр байгуулжээ. Нисэх буудлын орчимд сүүг ил задгай өргөх нь шувуу, зэрлэг амьтдыг татаж, агаарын хөлөгтэй мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Шинэ зохицуулалт нь монголчуудын уламжлалыг хадгалахын зэрэгцээ нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангахад чиглэж байна.
Иргэдийн өдөр тутмын дадал, хүндэтгэлийн уламжлал зөв байршил, зөв зохион байгуулалттай уялдсанаар нислэгийн аюулгүй байдлыг дэмжих бодит алхам болно гэж нисэх буудлынхан үзэж байна.
Үйл явдал
Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар сарын 31 -Цахилгаан автомашин цэнэглэх “Ногоон өртөө”-ний сүлжээ өргөжсөөр байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар "Тасганы овоо"-нд дөрвөн автомашиныг нэгэн зэрэг түргэн цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” ашиглалтад орлоо.

Тус “Ногоон өртөө” нь эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарны хавтангаас хангадаг бөгөөд дэргэдээ CU худалдаа, үйлчилгээний дэлгүүртэй, жишиг буюу flagship “Ногоон өртөө” болж байна.
Улсын хэмжээнд нийт 38 цэнэглэгч суурилуулж, 75 автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх боломж бүрдээд байгаа юм. Цаашид Улаанбаатар хотын долоон байршилд 10, орон нутгийн 10 байршилд 20 цэнэглэгч шинээр суурилуулж, нийт 60 автомашиныг зэрэг цэнэглэх боломжтой болно. Мөн цахилгаан автомашинуудад улсын ногоон дугаар олгож эхэлсэн бөгөөд энэ зуны байдлаар 670 гаруйг олгоод байгаа аж.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, "Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын нэг гол чиглэл нь ногоон хөгжлийн чөлөөлөлт юм. Түлш, шатахуунаа гадаадаас авч, үнэ, нийлүүлэлтээс нь хамаарч амьдардаг нөхцөл байдлыг өөрчлөх чөлөөлөлт бол "Ногоон өртөө". Өргөн уудам Монгол орныхоо хаана ч цахилгаан автомашинаар төвөггүй зорчих жимийг бүрдүүлэх зорилт тавьж байгаа.
150 километр тутамд “Ногоон өртөө” байгуулж, улс орон даяар 500 автомашиныг түргэн цэнэглэх сүлжээ бий болгоно. Би хэн нэгнийг цахилгаан машин уна гэж албадахгүй. Сонголт хийх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Хамгийн гол нь түлш, шатахууны төлбөрт гадагшаа урсдаг валютыг Монголдоо үлдээж, эрчим хүчний хараат байдлаа бууруулна” гэв.

Энэхүү бүтээн байгуулалтыг MMS компани хэрэгжүүлжээ. Тус компани 2028 он хүртэл нийт 111 байршилд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна. Үүнээс 83 байршлыг хөдөө орон нутагт, 28 байршлыг Улаанбаатар хотын бүсэд байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр цогцолбор нь нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх аж. Ингэснээр цахилгаан тээврийн хэрэгслийг зөвхөн төвийн эрчим хүчний системээс хамааралгүйгээр цэнэглэх боломжийг нэмэгдүүлж, орон нутагт цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох төслөө танилцууллаа.



Үйл явдал
Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Н.Учралтай Владивостокт уулзана
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 2-нд Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзана.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, уулзалтаар Орос, Монголын харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, тэр дундаа эрчим хүч, тээвэр, боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн Монгол Улсад орос хэлний сургалтыг өргөжүүлэх асуудлыг хөндөж, олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.
