Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа

Огноо:

,

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.11.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад гишүүдийн 54.8 хувийн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад, бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл танилцуулав.
Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат хууль хэрэгжиж эхлээд ямар хугацаанд үр дүн гарах, “Орано” групп нь манай улсад үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ хамгийн сүүлийн үеийн техник технологи ашиглах талаар баталгаа гаргуулах, олборлох ураныг энх тайвны зорилгоор ашиглах талаар гэрээндээ тусгах, олборлосон тодорхой хувийг борлуулах эрхтэй байх, Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл дээрх хуулийн төсөл болон цаашид хийх гэрээ, хэлэлцээрийн талаар иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, шинжлэх ухааны ойлголтуудыг тодорхой ойлгомжтой хүргэхэд анхаарах талаар асуулт асууж, хариулт авчээ. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед зарчмын зөрүүтэй 1 саналын томьёоллыг гүйцээн боловсруулах, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсөн. Байнгын хороо 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй саналыг гүйцээн боловсруулж, санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурал дахь намын бүлэг болон бүлэгт харьяалагддаггүй Улсын Их Хурлын гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу асуулт асуулаа.



Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар, Дорноговь аймгийн Зүүнбаян, Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт үндсэн орд байрлаж байна. Эдгээр сумын иргэдэд нөхөн олговорыг хэрхэн олгох талаар асуухад “Мон-Атом” ХХК-ийн захирал Д.Далайжаргал "2006 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт 9 тэрбум төгрөг зарцуулсан. Улаанбадрах суманд 700 сая, Зүүнбаян суманд 300 сая төгрөгийн нөхөн олговор  жил бүр өгч байна" хэмээн хариулав. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ө.Шижир нар хог хаягдлыг хэрхэн шийдэх, уран олборлоход их хэмжээгээр шаардагдах хүхрийн хүчлийг хаанаас импортлох талаар асуусан.


Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, манай орон зэсийн нөөцөөрөө дэлхийд эхний 10 байранд явдаг. Тиймээс эхний ээлжинд “Эрдэнэт” үйлдвэрээ түшиглэн зэс хайлуулах үйлдвэр барихаар төлөвлөж байна. Зэс хайлуулах үйлдвэрлэлээс хүхрийн исэл гарна. Тэрхүү хүхрийг олборлох үйл ажиллагаандаа ашиглана гэв. Харин Цөмийн энергийн комиссын ажлын албаны нарийн бичгийн дарга Г.Манлайжав, төслийн үйл ажиллагааны үр дүнд 250 тонн цацраг идэвхт хаягдал үүснэ. Олон улсын болон Монгол Улсын зохих хууль, журмын дагуу хог, хаягдлын менежмент хийх үйл ажиллагааг хөрөнгө оруулалтын гэрээндээ тусгана. Төслийн явцад 3 төрлийн хог хаягдал гарна. Шатах, тослох материал буюу аюултай хог хаягдлыг устгах үйлдвэр барина, цацраг идэвхт буюу шар нунтгийн сав, бээлий зэрэг хог хаягдлыг булшилна. Ердийн хог хаягдлыг шатаах гэсэн 3 аргаар хог хаягдлыг шийдэхээр тохиролцсон гэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, цацраг идэвхт ашигт малтмал олборлохтой холбогдуулан болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд нөлөөлөх үнэлгээг хийхээр тусгасан байна. Байгаль орчны үнэлгээг хийсэн атлаа хүний эрүүл мэндэд нөлөөлөх талаарх үнэлгээ тун тааруу байна хэмээгээд хүний эрүүл мэндэд нөлөөлөх үнэлгээг сайжруулах талаар санал хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Сандаг-Очир, хуулийн төслийг богино хугацаанд хэлэлцэн баталж байгааг тэмдэглээд төсөл хөтөлбөрийн ач холбогдлыг нийтээрээ ойлгож, цаг нь ирэхээр аливаа төсөл эхэлдэг гэдгийг харуулж байна гэв. Цаашид гэрээг үр ашигтай байгуулахад анхаарч ажиллах талаар саналаа хэллээ.
Түүний дараа Байнгын хорооны бэлтгэсэн зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулан шийдвэрлээд, хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэх хангуулахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хуулийн төслийг өнөөдрийн хуралдаанаар эцэслэн батлах санал гаргав. Нэгдсэн хуралдаанаар бусад асуудлыг хэлэлцэж байх  хооронд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэлийг хангасны дараа өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслийг эцэслэн батлахаар тогтов.

Түүний дараа “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа. 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталсан ардчилсан, шинэ Үндсэн хуулийн оршил хэсэгтээ “Монголын ард түмэн бид Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” хэмээн тунхагласан нь Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сахин биелүүлэхийн үндэс болсон. Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиа дээдэлж, түүний агуулга, үзэл санааг ойлгож, өрх бүр дээдлэн залахыг уриалж, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг тайлбарлан таниулах, нийт байгууллага, иргэний үйл ажиллагааг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлэх, “Мэдэгтүн, сахигтун!” гэж даяар олноо зарлан тунхагласныг сахин биелүүлэх зорилгын хүрээнд төслийг боловсруулжээ. Улсын Их Хурлын тогтоолын төсөлд төрийн байгууллага, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг бүх түвшний боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрийн агуулгад тусган, түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулахыг Монгол Улсын Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллагад даалгах; Монгол Улсын иргэн  бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, өрх бүр Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулж сурталчлахыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалах зохицуулалтыг тусгасан байна. Мөн тогтоолыг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад даалгах, уг тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Үндсэн хуулийг тунхаглалын шинж чанартай биш, залуучууд хойч үедээ Үндсэн хуулийн үзэл санааг бага наснаас нь ойлгуулах, бүх түвшний боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт тодорхой тусгаж, эргэх холбоог нэмэгдүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Үндсэн хуулийн үзэл санаа боловсролын байгууллагын хөтөлбөрт одоо хэрхэн туссан, түүнийг сайжруулах талаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа эсэх, хэвлэл мэдээллийн байгууллагад уриалах бус үүрэгжүүлэх боломжтой эсэх талаар асууж, хариулт авсан болно. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, О.Алтангэрэл нар Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлүүлэх хүрээнд “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, саналаа хэлсэн.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Үндсэн хуульт ёсоо эрхэмлэн дээдлэж, иргэд нь хуулиа мэддэг, эрх мэдэлтнүүд түүний үзэл санаанд үнэнч зүтгэдэг байх ёстой. Энэ удаагийн парламент Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг тохиолдуулан “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” шийдвэрийг гаргаж буй нь Монгол Улс ардчилсан засаглалтай, хүний эрх, эрх чөлөөг хангах үзэл баримтлалдаа туйлбартай зогсож чадаж буйн илэрхийлэл хэмээгээд төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв.
Улсын Их Хурлын гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлсний дараа “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.6 хувь дэмжиж батлав.



Дараа нь Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найрууллагыг танилцууллаа. Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 хувь нь дэмжин, баталлаа. Тус хуультай хамт өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг мөн баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Энхтайваны гүүрний доор хэсэгт 1100 метр борооны ус зайлуулах шугам угсралтын ажил эхэллээ

Огноо:

,

Геодези, усны барилга байгууламжийн газраас хамгийн их ус тогтдог, иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулдаг гол байршлуудын нэг болох Энхтайваны гүүрний доор хэсэгт борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг эхлүүлээд байна.

Жил бүрийн борооны улиралд тус хэсгийн авто зам усанд автаж, тогтсон усыг тогтмол соруулах ажлыг зохион байгуулж ирсэн. Харин энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор долоодугаар сарын 29-ний өдрөөс эхлэн нийт 1100 метр буюу 1.1 км урттай борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг эхлүүллээ. Тус ажлыг 21 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, шинээр орон сууц барих төсөл 90 гаруй хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн орон сууцны корпорациас ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган дахин барилгажуулах төслийг Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд хэрэгжүүлж буй.

Тус хорооны 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байрыг буулгаж шинээр орон сууцжуулах төслийг 2009 онд анх “Гэзэгийн худаг” ХХК хийхээр төлөвлөж, хоёр талт гэрээг иргэдтэй байгуулсан боловч төсөл хэрэгжилгүй удаж иргэдийг хохироосон асуудал гарсан тул Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны А/498 дугаар захирамжаар "Нийслэлийн орон сууцны корпораци" ХК-д төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах эрхийг шилжүүлэн төслийн ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн.

Ингээд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 29-ны А/536 дугаар захирамжаар тухайн байруудыг буулгаж, шинээр орон сууцжуулах төслийн гүйцэтгэгчээр "Мөнх ариун булаг" ХХК-ийг батламжилж, 2023 оны 07 сард эхний ээлжийн орон сууцуудыг буулган барилгажуулах төслийг эхлүүлсэн байдаг.

Төслийн хүрээнд долоон блок, 16 давхар, үйлчилгээний талбай, бүрэн тохижилттой ногоон байгууламж бүхий 720 айлын орон сууц баригдах бөгөөд төслийн барилга угсралтын ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байгаа бол эхний 2 блок орон сууцны барилгын гүйцэтгэл 90 гаруй хувьтай явж байна.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Хатагтай В.И.Матвиенкотой албан ёсны уулзалт хийлээ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Женев хотод зохион байгуулагдаж буй Парламентын дарга нарын дэлхийн 6 дугаар бага хуралд оролцох үеэрээ ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Хатагтай В.И.Матвиенкотой албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко уламжлалт, найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий Монгол Улстай хамтын ажиллагаагаа улам бүр хөгжүүлэх, худалдаа, эдийн засаг, боловсролын чиглэлээр харилцан санал солилцлоо. Тухайлбал, ОХУ-ын Засгийн газраас 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр “ОХУ-аас автобензин экспортлохыг хориглох тухай” тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Нэмэлт, өөрчлөлтөөр 2025 оны наймдугаар сарын 1-нээс автобензиний экспортыг нэг сарын хугацаанд бүрэн хориглох шийдвэр гаргасан бөгөөд Монгол Улсыг үүнд хамааруулахгүй гэдгийг онцоллоо. Түүнчлэн, цаашид Монгол Улсад экспортолж буй эрчим хүч, шатахууны бүтээгдэхүүнүүдийг тасалдуулахгүй хэмээв. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хоёр улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буй баяртай байгаагаа илэрхийлээд УИХ-аас хоёр орны нийгмийн өргөн хүрээг хамарсан олон талт харилцааны эрх зүйн орчинг сайжруулах, шинээр бүрдүүлэхийн төлөө ажиллаж буй гэв. Цаашид хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж байна гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ8 цаг 44 минут

Энхтайваны гүүрний доор хэсэгт 1100 метр борооны ус зайлуулах шугам ...

Тод мэдээ8 цаг 47 минут

Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, шинээр орон сууц ба...

Тод мэдээ8 цаг 49 минут

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөли...

Тод мэдээ8 цаг 56 минут

Засгийн газрын ээлжит хуралдаан болов

Тод мэдээ9 цаг 10 минут

ЗГ: Улаанбаатар хотын дулаан хангамжид схемийн өөрчлөлт хийнэ

Тод мэдээ9 цаг 13 минут

ЗГ: 2026 оны төсөвт татвар төлөгчдийн саналыг тусгахыг үүрэг болгов

Тод мэдээ9 цаг 16 минут

Улаанбаатар метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны сонгон ша...

Тод мэдээ9 цаг 38 минут

Нүкага Фүкүширо: Хоёр орны парламентын хамтын ажиллагаанд шинэ хууда...

Өнөөдөр9 цаг 40 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр9 цаг 44 минут

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

Тод мэдээ2025/07/30

Чингэлтэй дүүрэгт голын ай сав газрын 85.9 мянган ам.метр талбайг цэ...

Тод мэдээ2025/07/30

Сонгинохайрхан дүүрэгт голын ай сав орчимд 21600 ам.метр талбайд 62....

Тод мэдээ2025/07/30

Вьетнам улстай авлига, албан тушаалын гэмт хэрэг болон хар тамхи, ма...

Тод мэдээ2025/07/30

Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 18 хүүхэд осолд өртжээ

Тод мэдээ2025/07/30

БНВУ-ын Ерөнхий прокурор Монгол Улсад айлчилж байна

Тод мэдээ2025/07/30

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13220 болжээ

Тод мэдээ2025/07/30

Оюутан цэргүүд цэргийн 11 төрлийн мэргэжил эзэмшиж байна

Тод мэдээ2025/07/30

Чингэлтэй дүүрэгт голын ай сав газрын 85.9 мянган ам.метр талбайг цэ...

Өнөөдөр2025/07/30

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/07/30

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Тод мэдээ2025/07/29

Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж ба...

Тод мэдээ2025/07/29

ХЗДХЯ: Албан тушаалтанд хариуцлага тооцлоо

Тод мэдээ2025/07/29

Хотын дарга Х.Нямбаатар Бээжин хотын дарга Ин Юнтай уулзав

Тод мэдээ2025/07/29

Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 хувь...

Тод мэдээ2025/07/29

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буул...

Тод мэдээ2025/07/29

Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат ...

Тод мэдээ2025/07/29

Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоо...

Тод мэдээ2025/07/29

Увс аймгийн ИТХ-ын хуралдааны танхимд Үндсэн хуулийг заллаа

Өнөөдөр2025/07/29

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/07/29

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Санал болгох